Цар тахлыг улсын хэмжээнд тархаахгүйн тулд Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Ингэхдээ хүнс, эм, нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашин, мөн эрүүл мэнд, хойшлуулшгүй ажил, эсвэл буяны үйл ажиллагаанд оролцох шаардлагатай иргэн Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих, орон нутгаас нийслэл рүү зорчих эрхтэй байгаа билээ. Гэтэл хүндэтгэн үзэх шалгаангүй иргэд хулгайн замаар орон нутгийг зорих тохиолдол их гарч байгаа. Тиймээс хулгайн замаар явсан жолоочийн машиныг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Гэсэн ч иргэд хулгайн замаар орон нутгийг зорих нь буурахгүй байгаа юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат хулгайн замаар Дорнод аймагт очсон ч тэндээ тусгаарлагдсан. Түүний энэ үйлдэлд дургүйцсэн иргэд аварга хүн гээд “дархан” эрхтэй байж болохгүй, бусадтай адил машиныг нь хураа гэж шаардсан. Энэ шаардлага хэрхэн хэрэгжсэнийг Дорнод аймгийн Онцгой комиссоос тодруулахад,
“А.Сүхбат аваргын тусгаарлалтын хугацаа дууссан. PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тул Улаанбаатар руу буцсан. Түүний энэ үйлдэлтэй холбоотойгоор хуулийн дагуу land Cruiser-200 автомашиныг улсын орлого болгох талаарх бичиг баримтыг аймгийн цагдаагийн газраас тус аймгийн шүүхэд хүргүүлсэн. Одоо шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Машин улсын орлого болох үгүйг шүүх шийднэ” гэлээ.
Цар тахал гарснаас хойш хулгайн замаар хэчнээн иргэн зорчсон, хэчнээн жолоочийн машиныг хураасан талаар Цагдаагийн ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагад бүх нийтийн хөл хорионы үед Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомт болон Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт зарим хувиаараа хөдөлмөр эрхэлдэг иргэд хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар covid-19-ийн шинжилгээ өгөөгүй иргэдийг тээвэрлэж байгаа талаарх мэдээлэл иргэдээс иржээ. Мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн алба болон тус аймгуудын Онцгой комисс, Автотээврийн төвтэй нь хамтран шалгалт явуулсан байна.
Шалгалтаар зөвшөөрөгдөөгүй автозамаар хүн тээвэрлэсэн гэх үндэслэлээр Өмнөговь аймагт 17 тээврийн хэрэгсэл, 18 жолооч, 31 зорчигч нийт 49 иргэн, Дархан-Уул аймагт есөн тээврийн хэрэгсэл, есөн жолооч, 26 зорчигч нийт 35 иргэдийг торгожээ.
Тэднийг зөрчлийн тухай хуулийн 5.13, ЭХТА-ийн 15.6-д зааснаар хариуцлага хүлээлгэхээс гадна мөн Зөрчлийн тухай хуулийн 4.2-т зааснаар “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах” улсын орлого болгох саналыг аймгийн цагдаагийн газраас тус тус аймгийн шүүхэд хүргүүлжээ. Шүүхийн шийдвэр одоогоор гараагүй байгаа аж.
Өөрөөр хэлбэл, хулгайн замаар зорчсон гэх зөрчлөөр улсын хэмжээнд нийт 26 тээврийн хэрэгсэл, 27 жолооч, 57 зорчигчид хуулийн дагуу хариуцлага тооцож, 26 тээврийн хэрэгслийг хураах талаарх материалыг шүүхэд хүргүүлжээ.
Иймд иргэд та бүхэн хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Зөрчлийн тухай хуулийн 4.2 дахь хэсэгт: Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах
- 1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана.
- 2.Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
- 3.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй.
- 4.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ