УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хэлэлцэх асуудлын товын дагуу өнөөдөр /2021.01.25/ Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн боловч хойшлогдлоо. Учир нь, Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. Энэ талаар ЕТГ-аас тодруулахад, "Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч хуулийн хугацаандаа багтаан өгнө" гэлээ.
УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, УИХ-ын сонгуульд олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан. МАН-ын IX Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ баталгаажуулсан Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн тухай албан бичгийг Ерөнхийлөгчид өнгөрөгч Баасан гаригт /2021.01.22/ 15.00 цагт өргөн мэдүүлсэн билээ. Уг хуулийн хугацаа нь энэ Лхагва гаригийн 15.00 цагт дуусна.
Холбоотой мэдээ