Тайландын хэд хэдэн амралтын газрууд жуулчдыг татахын тулд тансаг зэрэглэлийн гольфтой тусгаарлалт санал болгож эхэлжээ.
Ихэнх хүмүүс хөл хорио, тусгаарлалт, хил хаасан зэрэг асуудлуудаас болж гэртээ зурагт үзээд суухаас өөр аргагүйд хүрч байхад Тайланд ийнхүү баян үйлчлүүлэгчдийг татах содон арга сэджээ.
Өнгөрсөн сард зөвшөөрлөө авсан зургаан амралтын газар дээрх үйл ажиллагааг явуулах эрхтэй болжээ. Ийнхүү Тайландад аялахыг хүссэн хэч бай гэсэн онгоцноос буумагцаа зочид буудлын өрөөнд биш, гольфын клубт тусгаарлагдан тааваараа цэвэр агаарт алхаж, гольф тоглож байгаад аялалаа үргэлжлүүлэх боломжтой болсон байна.
Тусгаарлалт хоёр долоо хоног үргэлжлэх бөгөөд зочид энэ хугацаанд гурван ч удаа шинжилгээнд хамрагдах ёстой гэнэ. Эхний шинжилгээг зочин тусгаарлагдах клубтээ ирмэгц хийх бол хоёр дань шинжилгээг 5-7 дахь хоногт, сүүлийнхийг тусгаарлалтын сүүлийн хоёр өдөрт багтаан хийх аж.
Нэг клубт тусгаарлагдаж байгаа зочид тусгайлан зөрүүлсэн цагийн хуваарийн дагуу өдөрт нийт 18 нүх бүхий талбайд 14 үеэр тоглох боломжтой. Клубын удирдлагууд зочдын зай барьж байгаа эсэхийг үргэлж хянаж байх гэнэ.
Дээрх шийдвэр нь Тайландыг гольфын диваажин хэмээн алдаршуулах зорилгод чухал нэмэртэй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Жишээлбэл, Тайландын аялал жуулчлалын газрын орлогч дарга Тапани Киатпайбүл “Энэ шийдвэрийн үр дүнд цар тахал дуусч, амьдрал хэвийн болоход хүмүүс Тайландыг гольф тоглоход хамгийн сайхан газар хэмээн үздэг болсон байх болно” хэмээн ярьжээ.
Гольфтой тусгаарлалтын үнэ 3800 ам.доллараас эхлэх бөгөөд угаасаа баячуудад зориулсан хөтөлбөр гэнэ. GolfAsian компанийн захирал Марк Сьеглийн хэлснээр гадаад орны гольфчид аялалаар ирэхдээ гольф тоглодоггүй жуулчдаас гурав дахин их мөнгө үрдэг гэдгийг онцлоод “Гольфчид бол илүү дээд зиндааны гэдгээс гадна байгаль орчинд хор хөнөөл учруулах нь хамгийн бага байдаг. Тэд угаас үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг эмзэг байгальтай газруудыг сонирхож очдоггүй” хэмээн тайлбарлажээ.
Тайландын энэхүү шийдвэр нь эхний ээлжинд Япон, Хятад, Солонгос тэргүүтэй ойролцоох орнуудын баячуудыг татах зорилготой аж. Тиймдээ ч хоёрдугаар сарын эхээр авчрах эхний ээлжиндээ 40-70 солонгос иргэдийг бүртгэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ