Аймгуудын Онцгой комиссоос иргэдээ татан авахаар төлөвлөсөн хуваарийг нэгтгэн танилцуулж байна. Тодруулбал, Улаанбаатар хотоос аймагтаа очсон иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа буюу 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд буцаж гарах боломжгүй юм. Мөн PCR шинжилгээнд хамрагдсан бол хотоос гарах хүртэл хугацаандаа хариуцлагатай байж олон нийтийн газраар явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
Шинжилгээний хариу сөрөг гарсан хэдий ч энэ нь тухайн шинжилгээ өгөгдсөн цаг үедээ л халдварын шинж тэмдэггүй байсныг тодорхойлж байгаа юм. Шинжилгээ өгснөөс хойш хотоос гарах хүртэл хугацаандаа хайнга хандаж халдварын эрсдэл бүхий бүс нутгаар зорчсон бол ойрын болон дам хавьтагч болсноо мэдээгүй байх магадлал өндөр аж. Дашрамд дурдахад, 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш нийт зургаан аймагт Covid-19-ийн голомт бүртгэгдэж, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна. Эрүүл мэндийн байгууллагуудын үзэж буйгаар 28 хоногоос дээш хугацаагаар халдвар илрээгүй бол уг голомтын халдварлалт зогслоо гэж үздэг аж.
Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт 45, Сэлэнгэ 217, Орхон 25, Говьсүмбэр дөрөв, Дорноговь 32, Архангайд халдварын 3 тохиолдол тус, тус бүртгэгдсэн. Улсын Онцгой комиссоос бүх аймгуудад халдварын голомт бүрэн устсан буюу халдваргүй бүс болсныг 2020 оны төгсгөлд мэдэгдсэн билээ. Халдварын хамгийн идэвхтэй нь Улаанбаатар хот учраас 21 аймаг руу нийслэлээс халдвар зөөвөрлөгдөх магадлал өндөр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалын дагуу хамтарсан багууд үнэлгээ хийж, Улаанбаатар хотоос орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр байна гэсэн дүгнэлт гарчээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ