-Ойн шилдэг нөхөрлөлүүдэд шагнал гардууллаа. Мод бэлтгэлийн компани, нөхөрлөлүүдэд ойн нөхөн сэргээлтийг ажлыг даалгаж өгөөд багагүй хугацаа өнгөрсөн. Үр дүн гарсан гэсэн үг үү?
-Байгаль орчныг хамгаалах гэдэг нь зөв ашиглалтаас эхлэх ёстой. Зөв ашиглалтыг даган хамгаалалт гарч ирдэг. Хамгаалалт гэдэг нь өөрөө заавал хөрөнгө зардаг ажил. Тухайн ажилдаа сэтгэлтэй, тэр хавийн иргэдэд хариуцуулж байж л ойн асуудлуудыг шийдвэрлэх юм байна. Иймд нөхөрлөлийг олноор байгуулах хэрэгтэй байна. Ингэхдээ тооны хойноос хөөцөлдөх биш чанарын тодорхой шаардлага хангасан нөхөрлөлүүдийг байгуулахад тодорхой ахиц гарсан. Анх Германы хамтын ажиллагааны хөтөлбөрийн шугамаар Зүүнхараа, Мандал сумын нутагт анхны нөхөрлөл байгуулагдаж байсан. Өнөөдөр ойн нөхөрлөлүүд тодорхой түвшинд хөгжсөн. Тухайлбал Мандал сум хамгийн их ойн хулгайтай газар байсан. Нөхөрлөлүүдийг байгуулж, эрчимтэй ажилласны үр дүнд модны хулгайн асуудлыг таслан зогсоолоо. Жараад машин тэрэг хураагдаж, олон хүн эрүүгийн хэрэгт татагдсан зэргээс болж хүндрэл гарсан л даа. Гэвч энэ нь цаашдаа модны хулгайг таслан зогсоох чухал арга хэмжээ болсон. Мөн тэнд ойн түймэр их гардаг байсан. Түймрийг ч бас үндсэндээ таслан зогсоосон гэж болно. Ноднин жилийн байдлаар нэг л удаа гал түймэр гарсан. Ойн нөхөрлөлүүдэд итгэж, үйл ажиллагааг нь зөв чиглүүлээд явбал Монгол Улсад иргэдийн амжиргааг нөхөрлөлийн хэлбэрээр дээшлүүлэх боломжтой. Нөгөө талдаа иргэдийн амьжиргаа дээшлээд ирэхээр эргээд байгаль орчноо хамгаалж, ойн санд ч хөрөнгө оруулалт, арга зүй төлөвших боломжтой.
-Та улсын хэмжээнд олгодог мод бэлтгэх зөвшөөрөл, гоожингийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн. Ингэлээ гээд хулгайн мод бэлтгэлийг зогсоож чадсан уу?
-Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас 2010 оныг ойн жил болгон зарласан. Ойн агентлаг байгуулагдаад хоёр жил болж байна. Хийх ажил их байна. Ойн ашиглалттай холбоотой олон зөрчил гардаг. Гал түймэр, ойн хортон шавьж, хүний хүчин зүйлээс шалтгаалсан хулгайн мод бэлтгэл, дээр нь шинээр мод тарих асуудал, мод ашиглалтын асуудал, үүнтэй холбоотой журам, хэрэгжүүлэх олон нөхцөл байдаг. Хоёр жил гэдэг нэг талдаа их урт хугацаа боловч нөгөө талдаа энэ олон асуудлыг шийдэхэд маш бага хугацаа. Гэхдээ бид боломжийн амжилттай явж байгаа. Энэ хүрээнд мод бэлтгэлийн үйл явцтай холбоотой тодорхой төлбөрийн асуудал, ялангуяа хууль бус мод бэлтгэлийн явцад учирсан хохирлын талаар хатуу байр суурь баримталж байгаа. Нэг метр куб модыг хууль бусаар авахад эрүү үүсэхээр болсон байгаа. Тэгэхээр хүмүүс сонголтоо хийх, бодох ёстой болох нь. Хулгайгаар мод авах нь миний амьдралд хэр чухал вэ гэж. Энэ утгаараа үр дүнтэй болсон.
-Өнгөрсөн оны долдугаар сарын 27-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга манайд ирж, уур амьсгалын дулаарлыг бууруулах чиглэлд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт зарцуулахаа амласан. Үүний дараа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дээд хэмжээний уулзалтууд ч болсон. Юу өөрчлөгдсөн бэ?
-Зүүн хойд Азийн улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дээд хэмжээний уулзалт хийж, үүний хүрээнд мэргэжилтнүүдийн уулзалт, газрын дарга нарын уулзалт, сайд нарын уулзалтыг хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлтөнд нэрвэгдэж буй улсуудын хувьд ямар хариуцлагатай оролцох вэ гэдэг дээр хатуу байр суурь илэрхийлсэн. НҮБ-ын чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Говийн бүсэд Засгийн газрын хуралдаанаа хийж дэлхийн дулааралд ямар ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэхээ мэдэгдсэн. Энэ сарын сүүлээр Өмнөговь аймагт Засгийн газрын хуралдаан хийхээр болж байна. Мөн Монгол Улсад уур амьсгалын асуудал хариуцсан нэгжтэй болж байна. Одоогийн байдлаар энэ нэгжийн ахлагч буюу Уур амьсгалын өөрчлөлт хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчийг Засгийн газраас Ерөнхий сайдын захирамжаар томилсон. Энэ алба маань уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй тэмцэх талаар сургалтуудыг явуулах, олон улсын байгууллагад явуулах төслүүдийг бичих аргачлалыг танилцуулах, өөрийн веб сайтыг бий болгох зэрэг ажлуудыг хийж эхлээд байгаа.
-Цөлд хуралдана гэхээр Засгийн газар хууль дүрэм, хуралдааны дэгээ ч зөрчиж, дээр нь ямар ч үр ашиггүй хоосон хэлбэрдсэн ажил хийж байна. Цөлд хуралдахаар уур амьсгалын өөрчлөлт зогсчих уу гэсэн шүүмжлэл ч бас гарч байгаа харагдсан?
-Энэ бол олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг Монгол Улс руу, Монголд нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлт рүү хандуулах гэж зохион байгуулж байгаа зүйл. Мэдээж хуралдаан тусгай дэгээр явна. Иймд дэг зөрчигдөх асуудал байхгүй. Тусгай дэгээр явах тул тодорхой нэг, хоёр асуудлыг л хэлэлцэн шийдвэрлэнэ.
-Жил бүрийн улсын төсөвт байгаль орчны салбарт төсөв хувиарлахдаа “гал унтраах” төдий л мөнгө хуваарилдаг. Ихэнх салбар “төрөөс баримтлах бодлого” гэж батлуулаад байхад байгаль орчны талаар төрөөс баримтлах бодлого яагаад байдаггүй юм бэ?
-Та маш чухал асуудлыг хөндлөө. Өнөөдрийг хүртэл байгаль орчны салбарын төсвийн зарцуулалт үндсэндээ үлдэгдлийн зарчмаар явж ирсэн. Бид үүнийг засахын тулд өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийж байна. Тухайлбал, байгаль орчны салбарын бүх хуулиуд 1992-1995 онд батлагдсан, 30-аад хууль бий. Энэ хуулиудын өөрчлөлтийг нэгдүгээрт хийнэ. Тухайн үедээ их дэвшилттэй хуулиуд байсан ч сэтгэлгээ нь хуучин. Төрөөс гаргана, төр хариуцана, хамгаална гэсэн утгатай, иргэн ингэж болохгүй, иргэн чадахгүй гэсэн логиктой хуулиуд байсан. Үүнийг өөрчилөхөөр ажиллаж байгаа. Үүний тулд судалгааны ажил хийх хэрэгтэй байна. Зарим хууль тогтоомжийг цэгцлэх ажлыг хийж эхэлж байна. Ойрын жилүүдэд энэ чиглэлд идэвхитэй ажиллах болно. Мөн энэ хүрээнд олон хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр, Ус хөтөлбөр гэхчлэн. “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулахад манай яам ихээхэн хүч гаргаж оролцсон. Монгол улсын нийгэм, эдийн засгийн их олон асуудлыг шийдсэн хөтөлбөр байсан учир нэрийг нь өөрчилж, “Шинэ бүтээн байгуулалт” гэдэг нэрээр УИХ баталсан. Үүнээс гадна байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль орчинд учруулсан хохирлын төлбөрийг эрс өөр байдалд оруулья, энэ чиглэлээр хөрөнгө санхүүгийн боломж бий болгоё гээд Байгаль хамгаалах санг байгуулахаар санал боловсруулаад ирэх намрын чуулганаар УИХ-д өргөн барих гэж байна. Мөн Хаврын чуулганаар хэлэлцсэн нэг чухал асуудал бол Агаарын хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль байгаа. Энэ хуулиар Агаарын санг байгуулна. Ингэснээр Монгол Улсад олборлосон тонн нүүрс тутамд мянгаас хоёр мянган төгрөгийн татвар ногдуулж олсон орлогыг агаарын бохирдолтой тэмцэх, тэргүүний технологи , үйлдвэрлэлийг дэмжих сурталчлах ажилд зарцуулах юм. Ингэхдээ Засгийн газраас журам гаргаад татварын хэмжээ хэдэн төгрөг байх вэ гэдгийг тогтооно. Энэ их дэвшилттэй ажил болж байгаа.
-“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр “Шинэ бүтээн байгуулалт” болж, хамрах хүрээ нь ч гэсэн өөрчлөгдөөд экологи гэхээсээ илүү бүтээн байгуулалт, барилгажилт тал руугаа явчихсан. Та хөтөлбөрийн санаачлагчийн хувьд үүнийг дэмжиж байна уу?
-Анхны зорилноосоо хазайсан юм биш л дээ. Зорилт маань анхнаасаа экологийн асуудлыг шийдэх байсан. Гэтэл энэ маань өөрөө иж бүрэн шинэчлэлийн асуудал болоод байна. Иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх асуудалтай шууд уялдаад орж ирсэн. Иргэд тогтвортой амжиргаатай байх тэр нөхцлийг хангасан бүтээн байгуулалт хийж байж байгаль орчныг хамгаалах харилцаа бий болно гэсэн үг. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт байгаль орчныг хамгаалах асуудал яг тэр чигээрээ туссан байгаа. Улаанбаатарыг утаагүй болгох асуудал, агаарын бохирдол нь тоосжилт, утаа гэсэн хоёр үндсэн зүйлээс бүрдэж байна. Гэтэл тоосжилтийг алга болгохын тулд хотын ногоон байгууламжийг бий болгох, технологийн шинэчлэлт хийх зэрэг иж бүрэн олон асуудал холбогдож байна.
-Нэгэнт хөтбөлбөрийн хамрах хүрээ өөрчлөгдсөн юм чинь ажлын хэсгээ өгөх ёстой юм биш үү?
-Тийм ээ. Хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг би ахалсан. Одоо бол хөтөлбөрийн хэрэгжүүлэх ажлын хэсгийг Ерөнхий сайд ахалж байгаа.
-Өнгөрөгч зургадугаар сард сайдын тушаал гарч Богд уулын аманд нилээд олон газрын зөвшөөрлийг цуцалсан. Энэ дагуу газраа чөлөөлсөн ядаж нэг аж ахуй нэгж байгаа юу?
-Манай яам өгсөн зөвшөөрлийн зөрчлийг арилгах чиглэлээр л ажиллаж байгаа. Нэгдүгээрт, зөвшөөрлөлгүйгээр байшин барьчихсан, зориулалтын бус ашиглаж байгаа газруудыг Мэргэжлийн хяналтын газар зохицуулах ёстой. Энэ байгууллага нь анхнаас нь байшин барих зөвшөөрлийг нь өгдөг газар. Аялал жуулчлалын зориулалтаар байна уу гэдгийг нь шалгаад хэрэв биш бол зөвшөөрөл өгөхгүй л байх ёстой. Одоо бол нэгэнт байшин барьчихсан юм чинь ямар төлбөр торгууль тавьж болохоор байна, түүгээр нь шийдээд үйл ажиллагааг нь явуулахаар байдал л харагдаж байна. Хоёрдугаарт, барилга байшин бариагүй байгаа хэсэгт нь зориулалтын дагуу барих эсэхэд нь шалгалт хийж байна. Нэг хэсэг нь төлбөрөө төлчихсөн, манай яамтай харилцаатай байдаг. Нөгөө хэсэг нь төлбөрөө ч төлөөгүй, хугацаа нь ч хэтэрчихсэн байгаа. Тэдгээрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан.
-Зайсан орчмын бүс тусгай хамгаалалттай газарт хамаарагддаг. Гэтэл Үндсэн хуулийн Цэц хүртэл тэнд барилга бариулаад орсон. Төрийн байгууллага нь хүртэл хуулиа зөрчөөд. Цэц лав аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэггүй биз дээ?
-Тийм ээ. Иймэрхүү зөрчлүүд гарчихсан байгаа. Үүнийг хууль эрх зүйн хүрээнд ямар байдлаар зохицуулах вэ гэдэг дээр комисс гараад шалгаад явж байна. Одоо яах вэ, байшинг нь нураах уу, торгуулийг нь тавиад өндөр төлбөртэй ашиглуулах юм уу, гэх мэтчилэн олон асуудлыг судалж байна. Харин хураасан газрын хувьд тэнд эргэж газар өгөх талаар яригдаагүй байгаа.
-Зайсан гэснээс Оюутолгойн гэрээ батлагдсаны дараа таныг сая долларын үнэтэй хаус Зайсанд бариулж оржээ гэж нэг хэсэг шуугисан. Энэ үнэн үү?
-Өнгөрсөн хавар Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний Г.Уянгаа л орон нутгаар явахдаа, мөн Улаанбаатар паласт болсон уулзалтан дээр иргэдэд ингэж зарласан шүү дээ. Би Г.Уянга болон түүний нөхрийн энэ үйлдлийг хууль хяналтын байгууллагад шалгуулж, эрүү үүсгүүлэхээр өгсөн. Хуульд зааснаар бол гүтгэлгийг үйлдлээр нь таслан зогсоож, шийтгэх ёстой. Одоо энэ хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Асуудал шийдэгдсэний дараа олон нийтэд хандах болно.
-Ойн сан, усны сан бүхий газарт Ашигт малтмал олборлох тухай хуулийг батлаад жил гаруйн хугацаа өнгөрч, “хэрэгждэггүй хууль” нэр зүүгээд байгаа. Хуулийг хэрэгжүүлэхэд танай яамнаас ямар оролцоо байгаа вэ. Тухайлбал ойн сан, усны сав бүрэлдэх газрынхаа тооллого, тэнд олгосон лицензийн тоог гаргасан юм уу?
-Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамаарах зүйлээ бид өнгөрсөн онд хийчихсэн. Хамгийн эхэнд газрынхаа координатыг тодорхой болгох ёстой. Олон сая кординат байгаа. Координатыг тодорхой болгоход гурван субьект оролцохоор байсан. Ойн газар, Усны газар хугацаандаа координатаа гаргаад өгчихсөн. Харин орон нутаг гаргаж өгч чадахгүй байсан. Арга зүйн зааварчилгаа өгөөд ч чадахгүй байна. Тэгэхээр бид хариуцлагыг өөртөө хүлээгаад 2010 оны төсөвт 500 сая төгрөгийг тусгуулж аваад, төсвөө батлагдангуут бүх ажлаа хийж эхэлсэн. Оны эхний улиралд маш хүйтэн байсан учир хүндрэлтэй байсан. Координатыг тогтоох ажил таван сарын сүүлээр дууслаа. Боловсруулалт хийх ажил энэ сард дуусч байна. Одоо Эрдэс баялаг, эрчим хүчний яаман дээр журмуудыг боловсруулж байна. Ямар лицензийг хүчингүй болгох, нөхөн төлбөрийг яаж хийх, ямар үе шатаар явуулахыг журмаар шийдэх болно.
-Онон гол ОХУ-аас эх авдаг. Голын эхэнд алт олборлосноос болж Онон гол сар гаруйн турш булингартай байна. Үүнийг зохицуулах боломж бий юу?
-Энэ чиглэлээр байгаль орчны газарт үүрэг өгсөн байгаа. Судал. Хэн хариуцлага хүлээх, яаж шийдэж болохыг олж тогтоо гэсэн үүрэг өгсөн. Асуудлыг судалж байгаа.
-Увс, Өмнөговь аймагт үүсээд буй асуудлын талаар ямар байдалтай байна. Хятадын хөрөнгө оруулалттай компани хэдийнээс лицензээ авсан юм бэ. Тэнд голын эрэг дээр алт олборлоод байгаа юм биш үү?
-Байгаль орчны чиглэлээр үнэлгээ төлөвлөгөө хийгээгүй байсан тул цуцлах асуудал дээр орон нутаг саналаа өгөөч гэсэн. Хуулиар бол орон нутаг саналаа заавал өгч байж бид Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд санал оруулах боломжтой болно.
Б.Энхмандах