БАЙР СУУРЬ: Цахим сургалтын төлбөрийг бууруулах уу?

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Цахим сургалтын төлбөрийг бууруулах уу?

БАЙР СУУРЬ: Цахим сургалтын төлбөрийг бууруулах уу?

Хөл хорионы дэглэмийг сулруулсан ч танхимын сургалтыг хориглож, оюутан, сурагчид цахимаар хичээллэж байгаа юм. Их дээд сургуулиудын тухайд танхимын сургалт түр завсарласан энэ үед оюутнуудын зүгээс сургалтын төлбөрийг бууруулж, цахим сургалтын чанарыг сайжруулахыг шаардаж буй. Энэ талаар холбогдох хүмүүсийн байр суурийг хүргэе.


ИХ ДЭЭД СУРГУУЛИУД СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХИЙГ ДОТООД ЖУРМААРАА ШИЙДВЭРЛЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын дарга Г.БАТНЭМЭХ:

-Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны “Covid-19 халдварын цар тахлын үед айл өрх, аж ахуй нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гарч, энэхүү хөнгөлөлтөд төрийн өмчийн их, дээд сургууль хамрагдаагүй.

Гэхдээ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.8-д заасны дагуу тус яам өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам батлан гаргалаа.

Уг журамд оюутны цахим хичээлд хамрагдсан ирц, идэвх, чадвар, явцын дүн зэргийг харгалзан олон төрөлт хэлбэрээр сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, сургалтын төлбөрийг оюутны гэр бүлийн санхүүгийн боломжид суурилан уян хатан нөхцөлөөр хэсэгчлэн, хугацаа тохиролцон авах, оюутанд нэрэмжит тэтгэлэг олгох, сургалтын тэтгэлэг, тусламж олгох асуудлыг сургууль холбогдох журмын дагуу нэмэгдүүлэх, идэвхжүүлэх талаар тусгагдсан. Уг асуудлыг их, дээд сургууль, коллежууд дотоод дүрэм, журмаараа хэлэлцэн шийдвэрлэх үүрэг өгсөн. Тиймээс их, дээд сургуулиудад оюутнуудын төлбөр төлөхтэй холбоотойгоор тодорхой уян хатан зохицуулалтуудыг хийгээд ажиллаж байна. Нөгөө талаас манай улсын хувьд цахим сургалтад шилжээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хүндрэл, бэрхшээлтэй олон асуудал тулгарч байсныг үгүйсгэхгүй.

Цахим сургалт бол багш, оюутны нягт хамтын ажиллагаанд суурилдаг. Цахим сургалтын талаар оюутнуудаас авсан сэтгэл ханамжийн судалгаа сайн дүнтэй буюу 80 хувиас дээш гараад байхад бид муу байна гэж хэлэх эрх байхгүй. Магадгүй оюутнуудын 20 хувь нь цахим сургалтын чанарт сэтгэл дундуур байгааг бид үгүйсгэхгүй.

Сургалтыг чанартай, үр өгөөжтэй болгоход сургуулиуд профессор, багш нартаа тодорхой шаардлага тавьж, хяналттай ажиллаж байна.Мөн оюутнууд цаг хугацаандаа хичээлээ идэвхтэй судлаж, хариуцлагатай байх нь чухал байна.

ЦАХИМ СУРГАЛТААР ХИЧЭЭЛЛЛЭЖ БУЙ ЭНЭ ҮЕД ТӨЛБӨР БУУРУУЛАХ ЯМАР НЭГЭН ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ

МУИС-ийн захирал Б.ОЧИРХУЯГ: 

-МУИС-ийн хувьд 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд нийт 210 мянга гаруй сургалтын үйл ажиллагаа явуулсан байдаг. Үүний 50 хувь нь цахимаар, 50 хувь нь танхимаар хичээллэснийг хэлье.

Цахим сургалтын чанарыг сайжруулахад олон ажил хийсэн. Сургалтад оролцож буй багш нар оюутнуудын санал маш чухал байдаг. Санал асуулгад 13 мянга гаруй оюутны 81.7 хувь нь танхимын сургалттай адил чанартай байна гэдгийг хэлсэн.

Цахимаар хичээлллэж байгаатай холбогдуулан зарим оюутнууд сургалтын төлбөрийг тодорхой хувиар буулгах боломж байгаа эсэхийг цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлж байна.

Цахим сургалтад зарцуулж буй багш нарын хөдөлмөр, хүний нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай дэд бүдцийг бүрдүүлэх, цахим контент бэлдэх зэрэгт тодорхой хэмжээгээр санхүү зарцуулж байна. Иймд цахим сургалтаар хичээллэж байгаа энэ үед сургалтын төлбөрийг бууруулахад санхүүгийн ямар нэгэн үндэслэл байхгүй. Цахим сургалтад багш нарын 94 хувь нь оюутнуудтай эргэх холбоотой ажилласан.

Түүнчлэн дэлхийн улс орнууд дахь судалгаагаар цахим сургалтад оролцож буй багш нарын цаганд зарцуулах зардал танхимын сургалттай харьцуулахад хамгийн багадаа 2-4 дахин их байдаг гэх үзүүлэлт бий. Энэ үндэслэлээр цахим сургалтын төлбөр танхимын сургалтын төлбөрөөс бага байх боломж байхгүй. Эсрэгээр нь бид төр засгийн бодлого шийдвэрийн дагуу цахим сургалтын төлбөр төлөлтийг тодорхой нөхцлөөр уян хатан систем хэрэгжүүлнэ. Бид бүхэн өнгөрсөн хавар ч бас төлбөрийн уян хатан бодлого хэрэгжүүлж байсан. Мөн боловсролын сангийн зээлийн авлагатай холбоотойгоор зарим оюутан төгсч чадахгүй байна гэх асуудал яригдаж байна. Ийм асуудал огт байхгүй. Засгийн газрын хуралдаанаар боловсролын сангийн бүх асуудал шийдэгдсэн.

ЦАХИМ СУРГАЛТ ЧАНАРГҮЙ, ТӨЛБӨР ТӨЛӨХ АСУУДАЛД БИД МУХАРДАЛД ОРЖ БАЙНА

МУИС-ийн оюутан А.АМИН-ЭРДЭНЭ: 

-Сургуулийн зүгээс оюутнууд бид нараас цахим хичээлийн чанарын талаарх санал аваагүй. Бид цахим сургалтын чанарт  сэтгэл хангалуун биш байна. Сургалттай холбоотой биднээс ямар ч санал аваагүй атал оюутнууд сэтгэл хангалуун байна гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа нь өөрсдийгөө өмөөрсөн л мэдэгдэл болов уу. Цахим хичээл чанаргүй байгаа нь ч багш нарын хүнд сурталтай холбоотой. Цахим сургалт танхимын хичээлээ огт гүйцэхгүй байна. Бид танхимаар хичээллэж байсан бол ойлгоогүй, мэдэхгүй зүйлээ тухай бүрт нь багшаасаа асууна. Гэтэл цахим хичээлд ойлгохгүй үлдсэн хичээлээ багшаас асууя гэхэд цахим хаягаараа огт хариу өгдөггүй. Утсаар холбогдох ч боломжгүй байдаг.

Багш нарын хүнд суртал, ойлголтын зөрүүнээс болж тухайн хичээлийн шалгалтад унаж, дахин судлах, хичээлийн хоцрогдолтой болж байна. Оюутнуудаа гэсэн сэтгэлтэй цөөн багш нь л бидэнтэй эргэх холбоотой байдаг. Цахим сургалт чанаргүй байхад бид үнэхээр бухимдаж байна. Тиймдээ ч цахим хичээлийн чанарыг сайжруулах талаар хүсэлт, шаардлага тавьдаг боловч үл ойшоосон хандлага гаргаж байна.

Нөгөө талаас танхимаар хичээллэх боломжгүй, хөл хорионы үед цахимаар хичээллэж байгаа тул төлбөрийг 10-20 хувь хөнгөлөх, төлбөрийн уян хатан нөхцөлийг хүсч байна. Засгийн газраас айл өрх, аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, хог, усны төлбөрийг чөлөөлснийг харгалзан үзэх хэрэгтэй.

Гэтэл сургуулийн зүгээс цахим сургалт явуулахад өндөр зардал гарч байна гэх тайлбар өгч байна билээ. Багш нараас зардал гардаг бол оюутнуудаас ч бас зардал гарч байгааг ойлгох хэрэгтэй. Наад зах нь цахим номын сангаасаа тухайн хичээлд үзэх ёстой номоо авч чадахгүй, цахим сайтаас худалдан авах зардал гардаг. Орон нутгийн оюутнууд цахим хичээлээ үзэхийн тулд өдөр бүр л нэгж, дата авч байгаа шүү дээ. Дээр нь цахим сургалтыг явуулахад тийм ч өндөр санхүүгийн зардал гардаггүй болов уу.

Оюутнуудаас төлбөрийг 100 хувь авч байна.Сургалтын зээлд хамрагдсан ч санхүүжилт нь байхгүй, төлбөрөө бэлдэх хүртэл асуудал үүсч бид мухардалд орж байна. Гэтэл эцэг эхчүүд сургалтын төлбөр төлөх чадамжгүй болсон байхад сургуулийн удирдлага төлбөрийн нөхцөлд уян хатан хандах хэрэгтэй. Бид ч бас төлбөрөө төлж сургалт авч байгаа тул шаардлага тавих эрхтэй.

ЦАХИМ СУРГАЛТЫН БОДЛОГОО ТОДОРХОЙЛЖ, ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧНОО БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ

ХУУЛЬЧ Ч.ӨНӨРБАЯР

-Covid-19 халдвар манай улсын боловсролын салбарт маш том сорилт болж, цахим сургалтыг хөгжүүлэх ёстой гэдгийг харуулж байна. Уламжлалт танхимын сургалтаас илүү цахим сургалтыг хөгжүүлэх шаардалага үүссэн. Манай улсын хувьд цахим сургалт хангалттай хөгжөөгүй, бэлтгэлгүй байсан нь ч цар тахлын үед ажиглагдлаа.

Танхимд өдөржин хүлээтэй сууж, сурдаг үе боловсролын салбарт хоцрогдсон. Иймд цаг үеэ дагаж бид өөрчлөгдөх ёстой. Төрөөөс бага, дунд, дээд боловсролын тухай хуулиа эргэн харж, өөрчлөлт оруулах, цахим сургалтын бодлогоо тодорхойлох хэрэгтэй.Үүнийг дагаад цахим сургалтын хууль эрх зүйн орчныг ч бүрдүүлэх ёстой.

Манай улсад боловсролын салбарын хууль эрхзүйн орчин нь сул байна. Өнөөдөр сургалтын төлбөрөө бууруулъя хэмээн шаардахаас илүү  цахим сургалтын чанарыг сайжруулахад илүү анхаарах ёстой. Оюутнуудын хувьд сургалтын төлбөрийг бууруулахаас илүү цахим сургалтын чанарыг сайжруулахыг  шаардаж байгаа болов уу. Цаашид цахим сургалтын чанарт анхаарахад багш нарыг бэлдэж, хөгжүүлэх, сургалтын орчин бүрдүүлэх хэрэгтэй.

Барууны улс орнуудад танхимаар болон цахим сургалтын чанарын ялгаа байдаггүй. Төлбөрийн хувьд ч бас адил зөрүүтэй ойлголт байхгүй. Ер нь боловсрол үнэтэй байх тусам илүү чанартай байдаг. Манай улсын хувьд их дээд сургуулийн төлбөр дэлхийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй хямд шүү дээ. Тиймээс төлбөрийг бууруулах биш дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлж, цаг үеэ даган цахим сургалтыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байна.

Миний бодлоор нийгмийн ухааны чиглэлийн хууль эрхзүйн хичээлийг цахимаар сурах боломжтой. Өнөөдөр ажиллахын хажуугаар сурах хүсэлтэй хүмүүс их байгаа. Оюутнууд ч бас практик дадлага хийх шаардлагатай чиглэлд суралцаагүй л бол өдөржин танхимд хичээллэхгүйгээр цахимаар сурч, бусад үедээ TOPIC-т бэлдэж болно шүү дээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж