Иргэний акцыг улс төрийн акц болгон урвууллаа

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Иргэний акцыг улс төрийн акц болгон урвууллаа

Иргэний акцыг улс төрийн акц болгон урвууллаа

Өнгөрсөн 2020 оны тавдугаар сараас үйлчилж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх мэдлийг тэлсэн. Энэ эрх мэдлийг анхлан хэрэгжүүлэх хувь заяа Ухнаагийн Хүрэлсүхэд ногдсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу хуулиар олгогдсон эрх мэдлээс гадна COVID-19-ийн цар тахалтай цаг алдалгүй тэмцэх, оновчтой гэтлэн гарах нэг удаагийн /нэг удаа зургаан сараар сунгахаар заасны дагуу ирэх долдугаар сар хүртэл сунгагдсан/хуулиар парламентаас хамааралгүйгээр төсөв хөрөнгө зарцуулах эрхийг гүйцэтгэх засаглалд олгосон бөгөөд ингэснээр У.Хүрэлсүх нь Монголын улс төрийн түүхэн дэх супер эрх мэдэлтэй Ерөнхий сайд болсон юм.

Харин супер эрх мэдэлтэй Ерөнхий сайд маань зургаан сар эрх мэдлээ хэрэгжүүлээд өнгөрсөн Пүрэв гаригт огцорлоо. Дангаараа биш кабинетаараа огцорлоо.

Энэхүү гэнэтийн үйл явдал өнгөрсөн Лхагва гаригт Сүхбаатарын талбайд болсон тайван цуглаанаас улбаатай. Дөнгөж амаржсан эх, нярай хоёрыг цар тахлын халдвартай учраас ХӨСҮТ рүү шилжүүлэх явцад хүндэг бус хандан гурван есийн хүйтэнд нимгэн хувцастай амаржих газраас гарган машинд суулгасан дүрс бичлэг монголчуудын тэвчээрийг барсан. Угаасаа цар тахлын халдвараас сэргийлсэн Засгийн газрын арга хэмжээ, шийдвэрүүд оновчтой эсэхэд эргэлзэж, хөл хорио нэрийн дор хүний эрхийн бүдүүлэг зөрчил олонтаа давтагдсан, зарим шийдвэр иргэдэд болон эрх мэдэлтнүүдэд өөр өөрөөр үйлчилж байгаад Монголын олон нийт дургүйцэж байсны илрэл нь Лхагва гаригийн тайван цуглаан байсан юм. Улаанбаатарын хилийн цэс дээр ирчихээд ажил хариуцсан дарга нарын шуурхай, уялдаагүй байдлын буруугаас амиа алдсан иргэн, эмчийн тусламж авч чадалгүй амиа алдсан есөн настай охины эмгэнэлт тохиолдлоос гадна нутагтаа ирж чадахгүй гадаадад гацсан жирийн иргэд олон байхад эрх мэдэлтнүүд дараалал дайран ирдэг, бас сүүлийн тохиолдолд “ачаа” болон ирсэн, машин зөвшөөрөл, QR код олголттой холбоотой нээлттэй бус байдал, УОК, НОК гэсэн нэрийн дор хүний эрхийн наад захын мэдрэмжгүй хийдэг мэдээллүүд иргэдийн сэтгэлд хуримтлагдсаар байсныг харууллаа. Мөн монголчууд 30 жилийн өмнө сонгон авсан ардчиллын үнэт зүйлс, зарчмуудыг дараа дараагийн үедээ суулган соёолуулж чадсаныг харуулсан үйл явдал байлаа. Сүхийн талбайд очсон залуучууд олон хүний сэтгэлд ирээдүйд итгэх найдварыг төрүүлсэн байх. Уржигдар хойд хөрш Орос даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаал, жагсагчидтай Оросын төр хэрхэн харьцсан нь монголчуудын сонголт зөв байсныг нотоллоо.

Эрх баригчдыг илүү хариуцлагатай байх, илүү хүнлэг байх, илүү ухаалаг байхыг шаардсан иргэний энэхүү акц харамсалтай нь улс төрийн акц болон хувирлаа. Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Лхагва гаригийн орой хариуцлага хүлээн огцорч байгаагаа зарласан боловч тэр шөнөдөө супер Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн шийдвэр гаргаж, кабинетаараа огцрох процессийг Пүрэв гаригт шуудрууллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Пүрэв гаригийн өглөө орон нутаг руу томилолтоор явахаар зэхээд байсан юм. Багийн хоёр хүндээ хариуцлага үүрүүлж, өөрөө сугарч үлдэхийг хүсээгүй гэж тайлбарлаж байгаа боловч У.Хүрэлсүхийн энэ нүүдэл уран бөгөөд хорон байлаа. Ерөнхий сайдын эрх мэдлийг авахын төлөө Ерөнхийлөгчтэй барилцсан гараа тавих завшаантай бөгөөд нэр цэвэр үлдэх зөвтгөлтэй боломжийг олголоо. Ерөнхийлөгчийг өрж амжаагүй байхад нь гулд татаад өвдөг шороодууллаа.

Супер Ерөнхий сайдын суудал УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шилжих нь цаг хугацааны асуудал болоод байна. Хуулийн дагуу шинэ Ерөнхий сайдын нэрийг өнгөрсөн Баасан гаригт УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан.

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт Ерөнхий сайд томилох процессийг зохицуулсан бөгөөд хуулийн хугацаанд нь УИХ-д саналаа оруулна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир мэдэгдсэн.

Парламентын олонхиос оруулж ирсэн Ерөнхий сайдыг шинээр томилох саналыг Ерөнхийлөгч тогтоолын төсөл болгон УИХ-д өргөн барих учиртай. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганд тогтоолын төслийг өөрөө танилцуулах хуулийн зохицуулалттай. Үндсэн хуульд зааснаар “УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна.

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө”  гэж заасан.

Халдварт цар тахлын эсрэг хариуцлага, ёс зүй нэхсэн иргэд гар хоосон хоцорлоо. Засаг огцорлоо гээд Covid-19 арилсангүй, хариуцлага дээшилсэнгүй, ёс зүй мэдрэгдсэнгүй. 11:00 цагийн мэдээгээрээ Амбаа эгчдээ загнуулсаар үлдлээ.

Д.НАРАНТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж