Хорио цээрийн дэглэмтэй өдрүүдэд ахуйн хүрээний архидалтаас үүдсэн гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж буй. Хаалттай хаалганы цаана, олны нүднээс далд хэчнээн хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, тэвчиж амьдарч байгааг хэлэхэд хэцүү. Цар тахлын онцгой нөхцөлд эрсдэлтэй айл өрхүүдэд хороо, хориноос хэрхэн хяналт тавьж байгааг сурвалжиллаа.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэн М.Баясгалан дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эцэг. Гурван охин, ганц хүүтэй бөгөөд бага нь естэй. Охид нь 12, 16, 18 настай. Мансардтай хоёр давхар байшин нь муудаж, дээврээс нь салхи сийгнэ. Цоорч муудаад, хүүхдүүд нь угаартах эрсдэлтэй пийшинг нь саяхан олон улсын байгууллагаас янзалж, бүтэн болгож өгчээ. Тэрбээр одоо 50 настай. Эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд хааяа “нанжид” хүртчихдэг гэдгээ ч нуугаагүй юм.
Бага хүү нь хашаан дотроо унадаг дугуй унаж, чаргаар гулгаж тоглоно. Дундах 12 настай охин түлш шуудайлж угтав. Том охид нь санаа зовсон бололтой утсаар оролдож сууна. Архи гэгчээс болоод хань нь өөр амьдралыг сонгон явсан бөгөөд хүүхдүүдтэйгээ байнга холбоотой байж, хүүхдийн мөнгийг нь шилжүүлдэг гэдгийг хэлж байв.
Өрх толгойлсон аавуудыг төрөөс хэр харж, дэмжиж байна вэ гэхэд "Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байж байгаад хоёр тийшээ болцгоосон. Гэхдээ хүүхдүүд ээжийнхээ нэр дээр явдаг. Хоёр том охин маань амьдралаа зохицуулдаг. Хорооноос манайхыг хүнсний талонд хамруулж, түлш өгсөн. Мөн түр ажлын байранд зуучилж өгдөг” гэв.
Энэ мэт зайлшгүй анхаарах шаардлагатай, эрсдэлт бүлгийн айл өрхүүдийг хорооны хамтарсан баг хянадаг байна. Хамтарсан багийг тухайн хорооны Засаг дарга ахалдаг бөгөөд хорооны хэсгийн байцаагч, нийгмийн ажилтан, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, хорооны нутаг дэвсгэр дээр ажиллаж байгаа сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, арга зүйч гээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй.
"ЭРСДЭЛТ БҮЛГИЙН АЙЛУУДТАЙ ГАР УТАС, ФЭЙСБҮҮК ЧАТААР ХОЛБОГДОЖ ЯРЬДАГ"
Хамтарсан багийн гишүүн 264 дугаар цэцэрлэгийн арга зүйч М.Гулжанар “Манай цэцэрлэгт 2-5 насны нийт 208 хүүхэд суралцдаг. Хүүхэд хамгаалах чиглэлээр өглөө, оройн цагаар хүүхэд хүлээн авах, тарах цагаар анхаарч ажилладаг. Өглөө багш нар хүүхдүүдээ хүлээн авахдаа хүүхдүүдийн сэтгэл зүй, бие махбодийн байдлыг нь анзаарч хардаг. Биеийнх нь аль нэг хэсэгт хөхөрч, няцарсан газар байна уу, ариун цэвэрт нь хэрхэн анхаарч байгаа эсэхийг харна. Шаардлагатай тохиолдолд эцэг, эхэд нь хандана. Манай цэцэрлэгийн хувьд хүүхдийн хүчирхийллийн асуудал гайгүй байдаг. Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэдгээ илэрхийлэхэд хэцүү байдаг. Удаан хугацааны ажиглалт хэрэгтэй. Тиймээс ангийн багш нар ажиглалтаа сайн хийж, өчигдөр цовоо байсан хүүхэд гэнэт яагаад урвагар болов, өөрийгөө бусдаас тусгаарлах болсныг анзаарах нь чухал. Энэ тохиолдолд эцэг эхтэй ойлголцож, ярилцах шаардлагатай. Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, эрүүл ахуйн сургалтад эцэг, эхчүүдийг хамруулдаг” тухай ярьсан юм.
Хөл хорионы үед хэсгийн ахлагч, хамтарсан багийн гишүүд эрсдэлтэй айл өрхүүдтэй утсаар холбогдож, шаардлагатай гэвэл фэйсбүүк чатаар холбогдож ярьдаг гэв. Давхар утаа мэдрэгч нь ажиллаж байгаа эсэх, хүүхдүүд нь теле хичээлээ хийж чадаж байна уу гэх мэтээр ярилцдаг тухай хамтарсан багийн гишүүд хэлж байв. Хөл хорионы үеэр давхардсан тоогоор 510 өрхөд төрийн бус байгууллага болон хувь хүн, аж ахуй нэгжийн хүнсний тусламжийг үзүүлсэн. Үүнд өрхийн орлого нь бүрэн зогссон 234 айл орж буй.
"ХАМГИЙН НАЙДВАРТАЙ МЭДЭЭЛЭЛ ХӨРШӨӨС ИРДЭГ"
Тус хорооны Засаг дарга П.Тунгалаг “Манай хороо 1700 гаруй айл өрхтэй. Энд үндсэн болон түр оршин суугч бүх өрхийн асуудал хамаарна. Хороонд амьдарч байгаа эрсдэлтэй айл өрхүүдээ эхлээд тодорхойлдог. Эдгээр гэр бүлээ хэсгийн ахлагч нар болон хөршийн холбоогоор хянадаг. Хамгийн найдвартай мэдээлэл хөршөөс ирдэг. Хөршөөс мэдээлэл авч, тухайн айлд асуудал гарсан бол цагдаагийн байгууллагад ханддаг. Хоёроос дээш тохиолдол гарвал холбогдох хууль сануулах, гэр бүлийн гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж, нөхцөл байдлыг сайн тодорхойлохыг хичээдэг.
Тухайн үед мэдээлэл өгсөн гэр бүлийн гишүүн, эхнэр, хүүхэд нь маргааш нь мэдээллээсээ буцах тохиолдол гардаг. Жишээлбэл, “Би өчигдөр уурандаа тэгж хэлсэн юм. Бараг нөхөр анх удаа л ингэж байгаа юм” гэж хэлдэг. Мөн дуудлага мэдээллийн ихэнх хувийг ахуйн архидалт эзэлдэг. Цар тахлын халдварын тархалттай холбоотой хөл хорио тогтоож, согтууруулах ундаа худалдахыг хориглоход дуудлага мэдээлэл эрс багассан” гэв.
Хэсгийн ахлагч нарыг айл өрхүүдээр явахдаа хүүхдийн нүдийг харж, бие махбодь нь ямар байгааг давхар ажигладаг. Шууд очоод асуухаар амьдралын асуудлаар ярьдаггүй. Тиймээс урт хугацаа ордог. Тухайн ээжээс гэр бүлийн орчны бодит мэдээлэл авахад хугацаа их шаарддаг байна.
Сүүлд хүүхдийн 108 утсаар дамжуулан гурван дуудлага тус хорооноос иржээ. Хоёр нь хоол хүнс шаардлагатай байна гэсэн бол нэг нь ахуйн архидалтын дуудлага ирсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу хоёр айлд Улаан загалмай нийгэмлэгээс хүнс өгсөн бол гэр бүлийн маргаан дээр кейс нээгээд ажиллаж байгааг ажээ. Мөн гэр бүлээрээ архины хамааралтай хоёр өрх бий. Хүүхдүүдийг нь ах дүү, хамаатан саданд нь асран хамгаалуулахаар хүлээлгэн өгсөн. Хамтарсан багийн зүгээс удаа дараа архинаас гаргах сургалтад суулгасан ч гурван сар орчим архинаас гараад, эргээд оржээ.
Жирэмсэн эмэгтэй бага насны хоёр, гурван хүүхдээ дагуулаад архи уудаг байжээ. Хамтарсан баг хяналтад авч, ажилд зуучлан оруулж өгсөн гэнэ. Одоо эхнэр нь орцны жижүүр, нөхөр хоёр хогны ачигчаар ажиллаж байгаа гэнэ. Тэдний хүүхдүүдийг эгч нь харж, ханддаг гэв.
Өрхийн эмнэлгийн их эмч С.Лхамхорол “Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд нийгэмд оролцож буй харилцаа хандлага нь гэр бүлийн байдлаас шалтгаалаад өөр байдаг. Хүүхдүүдийн зан араншин нь ч харилцан адилгүй. Хүүхдүүдийг аль болох нийгмийн харилцаанд оролцох талаас зөвлөгөө өгч, ярилцахыг хичээдэг. Хөл хорионы үеэр хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирээгүй” гэв.
"УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 678 ХАМТАРСАН БАГ АЖИЛЛАЖ БАЙГАА"
Тус хороонд байрлах 105 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан Б.Энхмаа “Гэр хороололд орон байрнаасаа болж, эцэг, эх салснаас үүдэлтэй сургууль завсардах, шилжих тохиолдол их гардаг. Нийгмийн ажилтан намар олон төрлөөр судалгаа гаргаж, харьяаллын дагуу сургуульд хамруулахыг хичээдэг. Зарим нэг тохиолдолд түр оршин суугчаар суралцах хүүхдүүд бий.
Хүчирхийлэлд өртөж буй хүүхэд бүх зүйлээ нуудаг. Тийм учраас багш нарын ажиглалт маш чухал. Хичээлд оролцох байдал нь ямар байна, хичээл дээрээ унтаж байна уу, эцэг эхийн харилцаа, анхаарал хэр байгаагаас хамаарч илрүүлэх ажлыг хийдэг. Сургуулийн 1000 хүүхэд тутамд нэг ажилтан буюу нэг сургуульд хоёр ажилтан ажилладаг болж байгаа. Тийм учраас тухайн хүүхэд хичээлдээ анхаарахгүй, олон удаа тасалбал ярилцах, ямар асуудал тулгарч буй, хүүхдүүдээс тандалт судалгаа авч илрүүлдэг. Тийм хүүхдүүд гарч ирвэл хорооны хамтарсан багт мэдэгдэж, сургуулийн эмчтэй хамтран ажилладаг. Мөн сургууль дээрээ хамтарсан багийг танилцуулах өдөрлөгийг зохион байгуулдаг” гэлээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг “Улсын хэмжээнд нийт 678 хамтарсан баг ажиллаж байгаа. Хамтарсан баг анхан шатны хороон дээр ажилладаг. Бид хүүхдийн 108 утсанд ирсэн дуудлагыг хүлээн авч, нөхцөл байдлын үнэлгээ хийж, хамтарсан багуудтай хамтран ажилладаг. Шинэ он гарснаас хойш 120 орчим хүн түр хамгаалах байраар үйлчлүүлсэн. Хамтарсан багийн чиг үүргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тусгаж, санхүүжилтыг тухайн орон нутгийн Иргэдийн хурлаар шийддэг” гэв.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ