Мэргэжлийн холимог тулааны урлагийн дэлхийн хамгийн шилдэг холбоо болох UFC-ийн ээлжит нэгэн өдөрлөг өчигдөр(2021.01.24) Абу Даби хотын Яас Арал дээр зохион байгуулагдан ялагчдаа тодрууллаа. Энэхүү өдөрлөгийн гол тулаанд цагтаа UFC холбооны хагас хөнгөн болон хөнгөн жингийн аваргын бүсийг зэрэг эзэмшиж явсан Конор МакГрегор болон хөнгөн жингийн аваргын бүсийг түр эзэмшиж байсан Дастин Пойрье нар тулалдсан юм. Конор МакГрегорын хувьд яг нэг жилийн дараа, зодог тайлснаасаа хойшхи анхны тулаанаа хийсэн бол Дастин Пойрье зургаан сарын дараа октагонаа эргэн ирсэн юм. Тулааны хувьд хоёр тулаанч маань өмнө нь 2014 онд учраа тааран тулалдаж байсан бөгөөд тухайн үед Конор өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авч байлаа. Харин энэ удаад Дастин Пойрье хариугаа авч, Конорыг хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авав. Ингэснээр Дастин Пойрье UFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөөх тулаан хийх боломжоо ахиулсан бол Конорын хувьд байдал эвгүйтлээ.
ОРГИЛД НЬ ГАРСАН УУЛЫНХАА БЭЛД ЭРГЭН ИРЛЭЭ
Өнөө цагийн мэргэжлийн холимог тулааны ертөнцийн хамгийн энтертайнмент, сая сая үзэгчдийн байлдан дагуулж чаддаг Конор МакГрегор оргилд нь гарсан уулынхаа бэлд эргэн ирлээ. Магадгүй түүний тамирчны замналын хамгийн эгзэгтэй үе одоо тохиож байна. 2017 оноос хойш ердөө гурван тулаанч хийж, гурван удаа зодог тайлсан тэрбээр энэ жил 3-4 тулаан хийх төлөвлөгөөтэй гэж байсан ч Дастины эсрэг амссан хожигдлоос нь харахад түүний төлөвлөгөөнд өөрчлөлт гарч болзошгүй болов. Ямар сайндаа л түүнд 50 сая ам.доллар амлаж тулалдъя гэж байсан ютубер Жэк Пол өчигдрийн тулааны дараа Конорт 10 мянган ам.доллар амлаж байх жишээтэй. Үүнээс харвал Конорын зах зээлийн үнэлгээ эрс унаж, энэ жилдээ томоохон тулаан хийнэ гэдэг асуудалтай болж ирэв. Хэрэв Конор эргэн уулын оргилд гарахыг хүсч байвал одоо өрсөлдөгчөө голох, тулаанаас татгалзах эрхгүй боллоо. Дана Уайт ч сайн найздаа энэ жилдээ багтаан 1-2 тулаан зохион байгуулж өгөх байх. Харин эдгээр тулаандаа ялагдал хүлээвэл Конорын энэ спортод эзлэх байр суурь ганхна. Оны төгсгөлөөр Мэнни Пакьяотой боксын рингэн дээр тулалдана гэдэг нь ч мөн эргэлзээтэй болж ирэв. Ирланд эр ч өчигдөр тулааны дараа инстаграм хуудаснаа “эргэн ирнэ” гэж мэдэгдсэн. Гэхдээ л сүүлийн дөрвөн жилд гурван удаа зодог тайлсан тэрбээр дахин их спортдоо баяртай гэж хэлэхийг үгүйсгэхгүй. Ямартай ч Конорт дахин ялагдах эрх үлдсэнгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
ХАБИБ, КОНОР ХОЁРЫН ХОЁР ДАХЬ ТУЛААН ГЭЖ ҮГҮЙ
Мэргэжлийн холимог тулааны урлагийн үнэнч фэнүүд, мэргэжилтнүүд сүүлийн хоёр жилийн турш Хабиб, Конор хоёрын даагаа нэхэх тулааныг тэсэн ядан хүлээж байсан боловч харамсалтай нь тийм зүйл тохиохгүй нь бололтой. Өнгөрөгч Бямба гаригт хэвлэлийн хурлын үеэр Дана Уайт Хабибд хандан “Конор, Дастин хоёрын энэ тулаанаас олж байгаа орлого Конор та хоёрынхоос илүү байгаа. Магадгүй чи дахиад Конортой тулалдвал жинхэнэ тэсрэлт болно шүү. Гэхдээ би зүгээр л хэлж байгаа юм" гэж ярьж байв. Хабиб ч юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа харагдсан. Тэгвэл өчигдөр тулааны дараа Хабиб “Багаа өөрчлөөд, чамайг аварга болгосон бэлтгэл хийдэг хамтрагчдаа орхиж яваад жаахан хүүхдүүдтэй бэлтгэл хийгээд, бодит байдлаас хол тасарвал ийм зүйл болдог юм” хэмээн Конорт хандан твиттерт жиргэсэн. Дана Уайт өчигдөр явагдсан хэвлэлийн бага хурлын үеэр “Хабиб надад бүх зүйлийг тодорхой хэлсэн. Гэхдээ би түүнийг дахин нэг тулаанд оруулахыг хичээх болно” гэж ярьсан. Удалгүй Хабиб инстаграм хуудаснаа “Дана та нарт таалагдаж эсвэл үзэн ядагдаж болно. Гэхдээ түүнийг хүндэтгэх хэрэгтэй. Энэ залуу UFC-ийг бүтээсэн. Хийсэн бүх зүйлд чинь баярлалаа, Дана Уайт. Чамайг үнэхээр хүндэтгэдэг шүү” хэмээн нийтлэв. Үүнээс харвал Хабиб албан ёсоор Дана Уайттай, UFC-тэй салах ёс хийчих шиг боллоо. Угтаа Хабибын аав хүүгээ 30 дахь тулаанаа хийж, 30 дахь ялалтаа байгуулан зодог тайлаасай гэж хүсдэг байсан ч Хабиб ээждээ дахин тулалдахгүй гэж амлалт өгчихсөн. Мөн түүний нийт хөрөнгө 2020 онд 40 сая ам.долларт хүрснээс гадна Хабиб "Reebok", "Toyota", "Gorilla" зэрэг компаниудтай хамтран ажиллах гэрээтэй, Орос даяар үйл ажиллагаагаа явуулах “Eagle Mobile” гэх өөрийн гэсэн үүрэн холбооны оператор компаниа байгуулж, KHABIBGYM гэх тулаанчид бэлтгэх сургалтын төвүүдээ Лондон, Абу Даби, Дубай, Москва зэрэг хотуудад нээхээр ажиллаж байна. Тэгэхээр Хабиб шиг мөнгө, алдар нэр бус гэр бүлээ тэргүүнд тавьдаг хүнд хангалттай сайхан амьдрах боломж бүрджээ.
Хабиб өдийг хүртэл нэг тулалдсан өрсөлдөгчтэйгөө дахин тулалдаж байгаагүй.
Конор ч үе үе Хабибыг хэвлэл мэдээллээр дамжуулан өдөөн хатгадаг ч тусыг эс олдог. Саяхан ESPN сайтад өгсөн ярилцлагадаа Конор “Тэр надтай тулалдахаас айдаг гэж бодож байна. Үнэхээр харамсалтай ч гэсэн би түүнийг буруутгахгүй ээ. Би тэр үдэш Хабибын хамгийн сайн хувилбартай нь тулалдсан бол Хабиб миний хамгийн муу хувилбартай тулалдсан. Тэр ч үүнийг мэднэ, би ч үүнийг мэднэ. Түүний баг ч мэдэж байгаа. Надад Хабибыг устгах хариу байгаа. Тэр хүмүүсийг удаан хугацаанд хуурч ирсэн” гэж ярьсан бол Хабиб зодог тайлахаасаа өмнө “Надад таван тэрбум ам.доллар амласан ч би Конортой дахин тулалдахгүй. Бүр надад UFC холбоог хамтран эзэмших санал тавьсан ч би хүлээн зөвшөөрөхгүй. Би дахиж тийм зүйл хиймээргүй байна. Бүх зүйл дууссан. 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр би түүнийг дуусгасан. Би Конорын гэх бүхнийг дуусгасан” хэмээн ярьж байв. Өчигдрийн тулааны дараа ч Хабибын Конорыг үнэлэх үнэлэмж буурсан нь мэдээж.
Хабибд ялагдсанаасаа хойш барилдааны чадвараа сайжруулсан гэгдээд байсан Конор өчигдөр Дастин Пойрьед босоо, хэвтээ барилдаанд "алуулж" байгаа харагдсан.
КОНОРЫН ДАРААГИЙН ӨРСӨЛДӨГЧ
Эхэнд хэлсэнчлэн одоо Конорт өрсөлдөгчөө голж, тулаанаас татгалзах эрх үлдсэнгүй. Аль болох хурдан формдоо орж, гайхалтай ялалтуудыг авч эргэн аваргын бүсний төлөө тулалдах эрхтэй гэдгээ харуулах шаардлагатай. Хэрэв өчигдөр Конор Дастиныг ялчихсан бол түүний дараагийн өрсөлдөгчөөр Хабиб биш юмаа гэхэд Жастин Гэтжи, Чарлес Оливейра нарын нэрс яригдах байв. Харин одоо бол дараах нэрс яригдаж байна.
- Майкл Чандлер
Өчигдөр UFC-ийн дебют тулаанаа Дан Хукерын эсрэг хийж, гайхалтай ялалтыг авсан, Беллатор холбооны гурван удаагийн аварга Майкл Чандлер Конортой тулалдах хамгийн боломжтой хүнээр нэрлэгдэж байна. Дэндүү орой буюу 34 насандаа мэргэжлийн холимог тулааны дээд тайзнаа зодоглож буй Майкл хэрвээ Конортой тулалдаад ялчихвал ч шууд аваргын бүсний төлөө тулалдахыг үгүйсгэхгүй. Харин Конорт бол UFC-д тэсрэлт хийсэн залууг буулган авах нь нэр төрөө сэргээх сайхан боломж байж магадгүй.
- Нэйт Диаз
Магадгүй энэ хоёр тулаанчийн гурав дахь учраа нэгнийхээ төгсгөл болж, нөгөөгийнхөө эргэлтийн цэг байх боломжтой. Өөрөөр хэлбэл, ялсан нь замналаа сэргээж, ялагдсан нь UFC-ээс магадгүй холимог тулааны урлагаас зодог тайлах нигууртай. Мөн л удаан яригдаж буй энэхүү тулаан товлогдвол үзүүштэй байх нь гарцаагүй. Өдгөө 35 настай Нэйт Диаз Конорт ялагдсанаасаа хойш дөрвөн жилийн хугацаанд хоёрхон тулаан хийж, Энтони Петтисийг ялж, Жорхе Масвидалд тахим буулгажээ.
- Аль Яквинта
Америк тулаанч Аль Яквинта саяхан хэвлэлд өгсөн ярицлагадаа Конорыг өдөөд амжсан. Тэрбээр “Дастин, Конор хоёрын тулаан бол жүжиг. Конор Дастины буяны санд мөнгө хандивласан болохоор Дастин зүгээр л буугаад өгнө” гэж ярьсан. Харин хариуд нь Конор “Би Аль Яквинтатай тулалдмаар байна. Яагаад гэдгээ мэдэхгүй. Зүгээр л тулалдмаар байна. Түүний ярьж байгаа зүйлсийг сонсохнэ тэр бол зүгээр хөгжилтэй залуу. Үл хөдлөхийн зуучлагч хийдэг хөгжилтэй залуу. Түүнийг Лонго гэх багтай гэж сонссон. Гэхдээ надад хамаагүй л дээ. Би зүгээр л түүнтэй тулалдмаар байна. Багийнх нь хүмүүстэй ч тулалдмаар байна” хэмээжээ. Дана Уайт ч энэ тулааныг Конор найздаа бэлэг болгон зохион байгуулж мэдэх л юм.
- Жастин Гэтжи
Конорын дараагийн тулаан шууд Жастин Гэтжигийн эсрэг байна гэж хэлэхэд хэцүү. Хөнгөн жингийн аваргын бүсийг Хабибаас булаах гээд чадаагүй Гэтжигийн хувьд Дастин Пойрье хамгийн тохиромжтой өрсөлдөгч нь байх. Хабиб ч зодог тайлсан учраас Гэтжи-Дастин гэсэн тулаан UFC-ийн хөнгөн жингийн аваргын бүсний төлөөх тулаан болох биз. Магадгүй Конор нэг тулаан хийгээд ялвал түүний дараагийн өрсөлдөгч Жастин Гэтжи байх болох юм. Түүнээс биш шууд Гэтжи-Конор гэсэн тулаан Ирланд эрийн тамирчны замналд дэндүү эрсдэлтэй.
- Рафаэль Дос Анжос
Хэрэв Конор МакГрегор Жастин Гэтжитэй эсвэл Дастин Пойрьетэй дахин тулалдахыг хүсвэл Рафаэль Дос Анжос бол түүнийг хүсээд буй тулаанд нь хөтлөх түлхүүр. Цагтаа хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшиж байсан 36 настай Рафаэль Дос Анжос сүүлд өнгөрсөн оны 11-р сард Пол Фелдерийг ялж, харих болоогүй гэдгээ мэдэгдсэн. Сонирхуулахад, Конор МакГрегор, Рафаэль Дос Анжос хоёр 2016 оны UFC-196 дээр хоорондоо тулалдах байсан ч Рафаэль бэлтгэлийнхээ үеэр хөлөө хугалж, тулаан цуцлагдсан юм. Тухайн үед Рафаэль хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах хоёр дахь тулаанаа хийх гэж байсан билээ.
Холбоотой мэдээ