Шинэ Засгийн газарт хуучин сайд нарын тал нь ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

Шинэ Засгийн газарт хуучин сайд нарын тал нь ажиллана

Шинэ Засгийн газарт хуучин сайд нарын тал нь ажиллана

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ баталгаажуулсан Л.Оюун-Эрдэнийг Ерөнхийлөгч өнөөдөр хүлээн авч уулзахаар болжээ. Уулзалт 11.40 цагаас болох юм. Дараа нь 14.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналыг хэлэлцэх юм. Харин байнгын хорооны хуралдааны дараа буюу 15.00 цагийн орчимд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг хэлэлцэж, батлах юм.

Л.Оюун-Эрдэнэ  Монгол  Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсоноор Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд танхимаа эмхлэн байгуулна. Өнгөрөгч өдрүүдэд шинээр байгуулагдах Засгийн газарт хэн, хэн орж ажиллах уу гэдэгт олон нийт анхаарал хандуулж,  энэ хэрээр таамаг нэрс  ч хөврөв.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар “давхар дээл” өмссөн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж байгаа учраас түүний орны хүнийг томилно. Мөн дээрх сайд нараас хоёрыг нь огцруулж, тэдний оронд шинэ хүмүүс томилно гэсэн мэдээлэл байна. Харин танхимын гаднаас томилогдсон сайд нарын 40 орчим хувьд нь сэлгээ хийхээр ярилцжээ. Өөрөөр хэлбэл,  шинэ Засгийн газарт хуучин сайд нарын 50 хувь нь орж ажиллах нь.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДАРАА ҮНДСЭН ХУУЛЬД  ДАХИН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Шинээр байгуулагдах Засгийн газар өмнөх Засгийн газрын адил ерөнхий чиг үүргийн зургаа, чиглэлийн найман нийт 14 яам, 17 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 39.1-т Засгийн газрын дөрөв хүртэлх сайд УИХ-ын гишүүний албыг хавсарч болно гэсэн заалт бий. Тус заалтын хүрээнд Засгийн газрыг бүрдүүлэхэд хүндрэлтэй байгааг МАН-ынхан хүлээн зөвшөөрч, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газрын бүтцийг эргэн харахаар болжээ. Одоогийн зохицуулалтаар дөрөв хүртэлх гишүүн Засгийн газарт орж ажиллах нь хэт цөөн, гаднаас сул гишүүдийг Засгийн газрын сайдаар томилох нь учир дутагдалтай, чадамжгүй Засгийн газар  бий болох талтай гэдэг дүгнэлтэд хүрцгээжээ.

Ерөнхий сайдаар томилогдох Л.Оюун-Эрдэнийн хувьд багаа мэргэжлийн, чадварлаг хүмүүсээр бүрдүүлэхээ намын удирдлагууддаа илэрхийлжээ. Одоогоор шинэ сайд нарын нэрс тодорхой болоогүй байгаа бөгөөд олон нийтийн итгэлийг хүлээсэн хүмүүсээр танхимаа бүрдүүлэхийг чухалчилж байгаа аж.

Огцруулах сайд нарын тухайд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Шадар сайд Я.Содбаатар, Соёлын сайд С.Чулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн  нарын нэрс тодорхой болсон. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Шадар сайд Я.Содбаатар нарын хувьд хариуцлагаа хүлээн огцрох өргөдлөө өгцгөөсөн. Хэдийгээр Эрүүл мэндийн сайдыг  үлдээхийг шаардан салбарын эмч, ажилтнууд нь жагсаал цуглаан хийсэн ч гэлээ түүнийг шинэ Засгийн газарт үлдээхгүй нь нэгэнт тодорхой болжээ. Учир нь, эрүүл мэндийн салбарт гарсан  алдаанаас үүдэж Засгийн газар танхимаараа огцрох шалтгаан болсон. Хоёрдугаарт, Т.Мөнхсайхан сайд өөрөө хариуцлага хүлээн огцрох өргөдлөө өгсөн учраас сайдаар нь үлдээхгүй гэдэгт МАН-ын удирдлагууд санал нэгдсэн байна.

Харин үргэлжүүлэн ажиллуулах сайд нарын хувьд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар яригдаж байна.

Түүнчлэн МАН-ын зарим хуучуул нь Засгийн газарт орж ажиллах сонирхолтой байгаа аж. Тухайлбал Ц.Нямдорж дахин ХЗДХ-ийн сайдад горилж байгаа гэх.

Шинээр томилох Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын нэр яригдаж байгаа ч цар тахалтай тэмцэж буй энэ үед Шадар сайдын үүрэг, хариуцлага хамгийн өндөр учраас УИХ дотроосоо томилох нь зөв гэж үзжээ. Мөн МАН-ын генесек Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын даргад томилно гэх мэдээлэл нь ташаа бөгөөд МАН-ын 100 жилийн ойн өмнөхөн намын генсекээ солихгүй юм байна.

Ямартай ч өнөөдөр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдсоны дараа танхимд нь орж ажиллах сайд нарын нэрс илүү тодорхой болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж