Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил III сараас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил III сараас эхэлнэ

Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил III сараас  эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий автозам болгон өргөтгөж шинэчлэх шийдвэрийг гаргасан. Дээрх чиглэлийн автозамыг өнгөрсөн 2019 оны зургадугаар сарын 17-нд хааж, барих ажлыг эхлүүлсэн бөгөөд төлөвлөгөө ёсоор эхний хэсэг 2020 оны зургадугаар сарын 21-нд дуусах байв. Гэвч  Хятадын компаниудын инженер, техникийн ажилчид нутаг буцах үеэр Covid-19 халдвар дэгдэж улс орон даяар хөл хорио тогтоосон, БНХАУ-ын хоёр гүйцэтгэгч компани ажлаа хангалтгүй хийсэн, барилгын ажлын хугацаанд бороо орсон зэрэг шалтгааны улмаас зам ашиглалтад оруулах хугацаа төлөвлөгөөнөөсөө хоцорсон.  

Улмаар дөрвөн ч сайдын нүүр үзээд байсан Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11  км замын хөдөлгөөнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд нээсэн юм. Тус чиглэлийн авто  замыг дөрвөн эгнээ барихаар зураг төсөл нь гарсан ч одоогоор хоёр эгнээ замыг нээсэн учир иргэд “Хоёр эгнээ нь хаачив?” хэмээн сураг ажиг тавьж буй.

Албаныхан ч "Налайхын зам шиг голоороо тусгаарлах зурвастай, хоёр талаараа туузан хашлагатай, Монгол Улсын түүхэнд  аймгийн төвүүдийг  холбосон анхны дөрвөн урсгалтай зам болно" хэмээн  ам гарсан удаатай. Тэгвэл Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажлыг энэ оны гуравдугаар сараас эхлүүлэхээр бэлтгэж ажлыг хангаад эхэлжээ.  Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай  авто замыг засварласан бол Дарханы замыг дөрвөн  эгнээ болгох ажлыг Европын сэргээн босголтын хөгжлийн банкны /ЕСБХБ/ санхүүжилтээр барих юм. Ерөнхийдөө хоёр өөр банкны хоёр өөр төсөл, хөтөлбөрөөр Дарханы зам баригдаж байна гэсэн үг.

ЕСБХБ-аас 2020 оны аравдугаар сарын сүүлээр  тендер зарлахад Хятадын дөрөв, Монгол нэг  компани шалгарчээ. Тус банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу 2020 онд гэрээгээ байгуулсан бөгөөд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэгчийн шалгаруулсан байна. 

Тус авто замын бүтээн байгуулалтын ажилд БНХАУ-ын компаниудын 1088 инженер, техникийн  ажилчид  ажиллах төлөвлөгөөг харьяа яамнаас гаргажээ.

Улаанбаатар- Дархан чиглэлийн автозам барилгын ажлын төслийн зөвлөх, “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал С.ОЧИРБАТ:

-Дарханы замыг дөрвөн эгнээ болгох эхний ээлжийн компаниуд Монголд ирээд кемпээ байгуулж байна. Ерөнхийдөө хүйтний улирлыг ашиглан барилгын бэлтгэл ажлаа хангана. Барилгын материалаа бэлдэх, кэмпээ байгуулах, геодезийн хэмжилтүүд хийх, материалын орд газруудыг нээх зэрэг хийх ажил их бий. Хоёр эгнээ замын ажил ирэх  гуравдугаар сард хоёр, дөрөвдүгээр багцын ажилтай зэрэг эхэлнэ. Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 2023 оны арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орно. Дарханы зам барилгын ажлыг таван багц болгон хуваасан. Багц тус бүрийг  БНХАУ-ын таван өөр аж ахуйн нэгж хариуцаж байсан ч хоёр компани гэрээгээ цуцалсан. Хоёрдугаар багц Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замыг “Чайна стэйт Шинжиан констракшн инженеринг” групп, дөрөвдүгээр багцыг Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг “Чайна стэйт Шинжиан констракшн инженеринг” групп хариуцаж байсан ч Хятадын Шинжааны мужид цар тахлын улмаас хөл хорио тогтоосон гэх шалтгаанаар 2020 оны наймдугаар сарын 16-ны өдөр гэрээ цуцлах хүсэлт ирүүлсэн. Тиймээс Азийн хөгжлийн банк худалдан авах ажиллагааны журмын дагуу дахин сонгон шалгаруулалт хийсэн. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж