"Монголд хамгийн тохирох нь ОХУ болон Английн вакцин"

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

"Монголд хамгийн тохирох нь ОХУ болон Английн вакцин"

"Монголд хамгийн тохирох нь ОХУ болон Английн вакцин"

БНЭУ-аас Монгол Улсад Covid-19-ийн вакцин нийлүүлэхээр болсон. Уг вакцины талаар АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор, дархлаа судлаач, гавъяат багш Г.Батбаатартай ярилцлаа.


-БНЭУ-аас Монгол Улсад Covid-19-ийн эсрэг вакцин (Ковакс) нийлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор энэ вакцин нь баталгаатай, аюулгүй эсэх, гаж нөлөө нь юу вэ гэх зэргээр иргэдийн дунд эргэлзээ, санаа зовнил бий болоод байна. Эрдэмтэн хүний хувьд үүнд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Судлаачид халдвараас сэргийлж болох аргыг нээснээс хойш хүн төрөлхтөн олон халдварт өвчнөөс ангижирч чадсан. Өөрөөр хэлбэл, халдвар үүсгэгчийн удмын мэдээллийг хүний дархлаа тогтолцооны “санамжийн эсүүд” тодорхой хугацаагаар хадгалдаг онцгой чадварыг танин мэдсэнээр вакцин буюу өвчин үүсгэгчтэй ижил бүтэцтэй болов ч хоруу чанаргүй био-нэгдлийг  хүний биед оруулах замаар дархлааны ой тогтоолт үүсгэж болохыг нээсэн. Товчхондоо вакцин бол шинжлэх ухааны гайхамшиг. Биотехнологи өндөр хөгжсөн өнөө цагт вакциныг маш нарийн хяналтын дор олон шатны туршилт судалгааны дүнд гарган авч, үйлдвэрлэж байгаа учраас түүний баталгаа, аюулгүй байдалд эргэлзэх, санаа зовох шаардлагагүй болов уу гэж бодож байна. Гэхдээ вакцин нь удмын хувьд харь шинжтэй, өндөр молекулт уураг, уураг төст нэгдэл учраас хүний дархлаа тогтолцоо ямар нэг хэмжээгээр хариу урвал үзүүлэх нь ойлгомжтой. Үүнийг вакцины гаж нөлөө гэж ойлгож болно. Хүн бүрийн дархлаа чадамж харилцан адилгүй учир вакцины хариу урвалын эрчим ч өөр л байж таарна. Тийм учраас эмнэлзүйн туршилт судалгааны үр дүнг сайтар нягталсны дүнд вакциныг олноор үйлдвэрлэх, нийтээр хэрэглэх зөвшөөрлийг шат шатандаа гаргадаг.

БНЭУ-аас нийлүүлэх болсон гэх вакцины хувьд ямар байгууллага бүртгэж, зөвшөөрсөн талаар мэдээлэл надад алга. Вакцин үйлдвэрлэх үйлдвэр нь харин одоо байна уу даа үгүй юу. Шатсан гэх мэдээлэл л гараад байна.

-Энэ вакцины үнэ нь бусдыгаа бодвол хямд юм билээ. Энэ нь бас эргэлзээ төрүүлээд байна л даа. Ер нь үнийн дүн вакцины чанарыг тодорхойлдог уу?

-Вакцин үйлдвэрлэх олон янзын технологи байна. Ямар аргаар, ямар түвшинд, үйлдвэрлэснээс, тоо хэмжээ зэргээс үнэ хамаарах болов уу. Хамгийн гол нь тухайн вакцины дархлал тогтоох чадвар, тогтсон дархлалын үргэлжлэх хугацаа, хүний биед үзүүлэх гаж нөлөө ямар байгаа нь чухал асуудал шүү дээ.

Вакцины чанарыг маш олон түвшинд шалган тогтоож холбогдох эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгодог учир жирийн хэрэглэгч бид чанарт нь эргэлзэх, санаа зовох эсвэл вакцины чанарыг үнэлэх боломж байхгүй.

Вакцинд тавигдах бас нэг чухал шаардлага бол “хүйтэн хэлхээний горимын” шаардлага юм л даа. Энгийнээр хэлэхэд вакциныг үйлдвэрийн шатнаас эцсийн хэрэглэгчид хүргэх тээвэрлэлт, хадгалалтын горимыг чанд мөрдөх асуудал маш чухал.

Манай орны хувьд вакцин тээвэрлэх, хадгалах нөхцөл зэрэг дэд бүтцээ тооцож байж, вакцинаа сонгох нь зөв байх.

-Одоогоор ДЭМБ-аас хэдэн зөвшөөрөгдсөн гэж үзэж зөвлөж байгаа вэ. Эдгээр вакцинаас аль нь монголчуудад тохиромжтой вэ?

-ДЭМБ бол нийтээр мөрдөх бодлогын бичиг баримт боловсруулах, зөвлөх, туслах, зуучлах үүрэгтэй болохоос биш шийдвэр гаргадаг байгууллага биш шүү дээ. Харин вакцин үйлдвэрлэх, хэрэглэх зөвшөөрлийг улс бүрийн мэргэжлийн байгууллага гаргадаг.  Зарим албаны хүмүүс ДЭМБ ингэсэн, тэгсэн гэх эзэнгүй зүйл их ярих юм. ДЭМБ хариуцлага хүлээх субъект биш гэдгийг аль аль талдаа ойлгомоор л байгаа юм.

Одоогоор дэлхийн улс орнууд гурван төрлийн вакциныг өөрийн улс орондоо хэрэглэх зөвшөөрлийг олгоод байх шиг байна.

Монгол хүний амьдралын хэв маяг, түүх, уламжлал, цаг агаар, амьдрах орчин зэргээр бусад улс орнуудаас ялгагдах онцлогтой боловч дархлаа тогтолцооны бүтэц, чадамж бусдаас ялгагдах онцлог байхгүй гэж дархлаа судлаач хүний хувьд бодож байна. Тийм учраас монгол хүнд тэр нь тохирно, үгүй гэж дүгнэх боломжгүй. Хамгийн гол нь вакцины дархлаа тогтоох чадвар, хүний биед үзүүлэх гаж нөлөө байна уу, үгүй юу гэдэг нь чухал.

-Монголд яг аль ванкцин нь “хүйтэн хэлхээний горимын”-д нийцэх вэ?

-ОХУ болон Английн вакцин.

-Энэтхэгийн вакциныг стандартын дагуу зөөвөрлөж авчрахаас эхлээд боломжгүй зүйл байгаа юм байна, тийм үү?

-Ер нь Цельсийн -70-д тээвэрлэх, хадгалах нөхцөл хомс. Тусгай нөхцөл шаардах тул төвөгтэй.

-Аль ч улсын вакциныг 21 хоногийн зайтай хоёр удаа хийж байгаа юм билээ. Заавал хоёр удаа хийх шаардлагатай юу. Шалтгаан нь юу вэ?

-Вакциныг давтан хийж байж дархлал тогтоно. Учир нь вакцин гэдэг нь вирусийн удмын мэдээ, дархлааны эсэд танигдах тогтмол бүтцийг агуулсан өндөр молекулт нэгдэл гэж дээр хэлсэн. Вакцины эхний тарилтаар вирусийн өвөрмөц бүтцийг дархлааны эсүүд таних, вирусийн мэдээллийг бүртгэсэн өвөрмөц “санамжийн” эсүүд үүсэх үйл явагддаг. Энэ нь судлаачдын тогтоосноор 2-3 долоо хоног үргэлжилнэ. Эхний тарилтаас гурван долоо хоногийн дараа вакциныг дахин тарихад “санамжийн” эсүүд идэвхжин вирусээс хамгаалах эс хордуулагч эс болон өвөрмөц эсрэг бие нийлэгшиж эхэлдэг байна. Эндээс харахад вакциныг нэг тариулсны дараа ч вирусийн халдвар авах боломжтой. Үүнд гайхах, эргэлзэх, вакцины чанарт үл итгэх шаардлагагүй гэдгийг онцлон хэлмээр байна.

-Covid-19-ийн эсрэг вакцин нь хүний генид нөлөөлдөг гэж үзэх хүмүүс байна. Тэгэхээр уг вакцин нь үр удамд хэрхэн нөлөөлөх эрсдэлтэй вэ, вакцины сөрөг тал нь юу вэ?

-Вакцин тариулсанаар хүний генийн тогтолцоонд нөлөөлөх гэсэн асуудал байхгүй. Covid-19-ийн эсрэг вакциныг харьцангуй богино хугацаанд боловсруулж, алсын үр дүнг мэдэх хугацаа болоогүй учир зарим хүмүүс болгоомжтой хандаж байгаа байх. Вакцины эсрэг өрнөх дархлааны урвал буюу гаж нөлөө вакцин тариулсан хүмүүсийн хэдэн хувьд илэрч болох, дархлаа тогтоох чадвар нь ямар байх, үүссэн дархлал ямар хугацаатай үргэлжлэх зэрэг судлах, мэдээлэл цуглуулах шаардлага бол бий.

-Монголын эрдэмтэд Covid-19-ийн эсрэг вакцин бүтээж чадах уу. Монгол эрдэмтэд вакцин бүтээхэд яг юу саад болж байна вэ?

-Covid-19 цар тахал тархсан цагаас эхлэн дэлхийн улс орон бүр халдвар илрүүлэх оношлуур бүтээх, эмчилгээний оновчтой арга боловсруулах, урьдчилан сэргийлэх вакцин бүтээх судалгааг эхлүүлсэн байдаг. Харамсалтай нь бид оношлуур бусдаас худалдан авах тухай л бодож эмчилгээний вакцин хурдан гараасай гэж залбирч сууж байна. Уг нь аль хоёр, гуравдугаар сард оношлуур бүтээх, вакцины судалгааны ажлын хэсэг байгуулж бүх боломжоор нь хангах ёстой байсан юм л даа. Энэ саналыг аль гуравдугаар сард л хэлж байсан. Тэгэхэд алга ташихаас өөр юм хийж чадаагүй.

Манайд чадалтай, мэдлэгтэй олон залуу судлаач, эрдэмтэд байна. Өнөөдөр дэлхий дээр 140 гаруй вакцины судалгааны баг ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий даяар оюун ухааны уралдаан болж байна шүү дээ. Улс орон бүр өөрийн судалгааны багийг уралдуулж байна. Шинжлэх ухаанд анхдагч гэдэг л ойлголт байдаг. Анхдагч болсон тэр судалгааны баг үр ашгийг нь хүртдэг хатуу салбар. Бид энэ уралдаанд оролцож чадаагүй.

-АШУҮИС-ийн баг шүлсээр Covid-19 илрүүлэх оношлуур бүтээх ажил эхлүүлсэн гэсэн. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

-АШУҮИС-ийн эрдэмтдийн баг, Германы Мюнхений Техникийн Их Сургуулийн судлаачидтай хамтран ковидын халдварыг шүлсэнд тодорхойлох шинэ аргыг боловсруулах төсөлт ажлыг хэрэгжүүлж эхний үр дүнгээ гаргаад байна. Тун удахгүй оношлогооны энэ шинэ аргаа ЭМЯ-нд албан ёсоор танилцуулах болно. Бидний боловсруулж буй шинэ арга нь одоо ашиглаж байгаа хамар, залгиурын арчдасаас вирус илрүүлэх аргаас илүү мэдрэг, өвчтөнд зовиургүй, харьцангуй хямд зэрэг давуу талтай байна. Мөн халдварын нэн эрт үед буюу халдвар авсан өдөр нь илрүүлэх боломжтойгоос гадна шинжилгээний сорьц цуглуулах явцад эмч, эмнэлгийн ажилчид халдвар авах эрсдэлийг бууруулах зэрэг давуу талтай.

Вакцин тариулсанаар хүн төрөлхтөн бүх асуудлаа шийдэж байгаа асуудал огтхон ч биш. Үнэндээ Covid-19-ийн эсрэг вакцин ямар хугацаагаар дархлал тогтоож чадахыг нь ч мэдэхгүй байна.

Магадгүй коронавирусийн халдварын асуудал ирээдүйд ч байсаар байх болов уу. Энэ цар тахал хүн төрөлхтөнд маш их зүйлийг ойлгуулж өглөө. Шинжлэх ухаанд хангалттай хөрөнгө оруулахыг, улс орон бүр эрүүл мэндийн тогтолцоогоо эргэн харахыг, аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандаж байх нь шийдвэр гаргагчдад нэн тустай болохыг, хүн ямар ч хэлбэрээр мэдлэг олж чадахыг, хүний амьдралд мэдлэг, мэргэжил ямар хэрэгтэй болохыг, аливаа зүйлд бэлтгэлтэй байхын чухлыг ойлгуулж өглөө. Эцэст нь хэлэхэд айдас, хүйдсээс өөрийгөө чөлөөл, халдвараас хамгаалах энгийн арга таны гарт байна. Та хичээвэл өөрийгөө болон бусдыг халдвараас сэргийлж чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж