Нидерландын хууль хүчнийхэн дэлхийн хамгийн том хар тамхины бүлэглэлийн толгойлогч гэгддэг, Цэ Чи Лоп гэгчийг Австрали улсын хүсэлтээр баривчилжээ. Хятадаас гаралтай Канадын иргэн Цэ Чи Лоп нь Ази даяар 70 тэрбум ам.долларын өртөг бүхий хууль бус бодисыг нийлүүлдэг байжээ.
Дэлхийн хамгийн зартай оргодлуудын жагсаалтад багтсан тэрбээр Амстердамын Схипхолын нисэх онгоцны буудлаас саатуулагдсан байна. Одоо Австрали улс түүнийг өөрийн талд шилжүүлэн шүүхээр ажиллаж байгаа аж. Австралийн Холбооны Цагдаагийн газар (AFP)-ийн мэдээлснээр тус улсад орж ирж буй хууль бус мансууруулах бодисын 70 хүртэлх хувийг Цэ Чи Лопын бүлэглэл оруулж ирдэг байна.
Өдгөө 56 настай түүнийг Австралийн цагдаа нар 10 гаруй жилийн турш мөрдөөд баривчилж чадалгүй өдийг хүрчээ. НҮБ-ын тайланд дурдсанаар түүний зөвхөн метамфетамины борлуулалтаас олсон орлого нь 2018 онд 17 тэрбум долларт хүрсэн байна. Цэ-г баривчлах ажиллагааг Австралийн цагдаагийн газар тэргүүлж, дэлхийн 20 орчим улсын хуулийн байгууллага хамтран ажиллажээ. Тэрбээр өмнө нь 1990-ээд онд АНУ-д хар тамхины хэргээр баривчлагдаж, есөн жил шоронд хоригдож байгаад суллагдсан байна. Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Цэ Чи Лодын баривчилгааг тус улсын Холбооны цагдаагийн газрын сүүлийн 20 жилийн хугацаанд хийсэн "хамгийн том" ажил гэж тодорхойлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ