Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болсон. Одоо шинэ Ерөнхий сайд багтаа хэнийг урих нь улс төрийн шинэ сэдэв, олны анхаарлын төв болж байна.
Мэдээж, шинэ засагт сайд болохыг горилогчид Л.Оюун-Эрдэнийн үүдийг сахиж суугаа биз. Гэвч, одоогоор 61 суудалтай, үнэмлэхүй эрх мэдэлтэй намын тамга У.Хүрэлсүхэд байгаа. Намын даргын дэмжлэг, тусламжгүйгээр Л.Оюун-Эрдэнэ ч Ерөнхий сайд болохгүй байсан юм.
Шинэ Үндсэн хуулийн дагуу Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга тав хоногийн дотор УИХ-д оруулах ёстой. Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй бол Ерөнхий сайд өөрөө долоо хоногийн дотор УИХ-д оруулна. Ирэх долоо хоногт Ерөнхийлөгч дэмжсэн ч, эс дэмжсэн ч Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд болж, хожмоо түүний зураг Төрийн ордны хананд өлгөгдөх нь баараггүй болсон.
Мэдээж, шинэ засагт сайд болохыг горилогч МАН-д хар мянгаараа, даанч сайдын тоо 16. Үндсэн хуульд зааснаар МАН-ын бүлгээс 4 хүн давхар дээлтэй байх ёстой. Бусад нь УИХ-ын гаднаас томилогдно гэсэн үг.
У.Хүрэлсүхийн багтаа ажлаа муу хийсэн сайд, дарга нар ч бий. Улстөржиж попордоггүй, урдах ажлаа мэргэжлийн төвшинд хийж яваа сайд, дарга ч байсан. Тэгээд ч иргэд эрх баригчдаас “нисдэггүй бор морь”-nо огцруул гэснээс “нисдэг бор морь”-уудаа соль гээгүй.
Тэгэхээр шинэ Ерөнхий сайд багаа сонгохдоо сошиалын сэвээ, горилогчдын хүсэл, хэн нэгний хатгаас, түлхээсээс ангид байхгүй бол “Нуухаа авах гээд нүдээ сохолчихож мэднэ”. Үүнийг ч МАН-ын удирдлагууд тооцож, томилгоогоо хийх биз.
У.Хүрэлсүхийн засгаас Л.Оюун-Эрдэнийн засагт өвлөгдөх ёстой сайдууд бол мэдээж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Монгол Улсын эдийн засгийг сүйрүүлэх Ерөнхийлөгчийн улс төрийн тоглолтод гэдийж, “салаавч” гаргаж чадах ганц хүн бол Ч.Хүрэлбаатар. Ч.Хүрэлбаатарын оронд Сангийн сайдаар ажиллаж чадах хүн МАН-д хараахан “алга” байна.
Л.Оюун-Эрдэнэ танхимд үлдэх бас нэг сайд бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар. Ямар ч байсан ҮАБЗ-ийн даргад төвлөрсөн эрх мэдлийг хязгаарлахад түүний оролцоо, зүтгэл багагүй байсныг бас үгүйсгэж болохгүй.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан зэрэг улстөржөөд, олон нийтийн сүлжээнд хувийн тоглолт хийгээд явдаггүй мэргэжлийн сайд нараа Л.Оюун-Эрдэнэ багтаа улируулан ажиллуулах хэрэгтэй болов уу.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх бол цэвэр салбарын хүн, зовлон жаргалыг нь мэднэ. Өмнөх сайд асан Ц.Даваасүрэнгээс лав хол илүү ажиллаж байгаа.
Уул уурхайн сайд Г.Ёндонд салбарынхан нь ам сайтай байдаг. Уул уурхай бол Монголыг тэжээж яваа тэргүүлэх салбар болохыг эрүүлээр ойлгож, сэтгэдэг цөөн сайдын нэг. Тиймээс Оюутолгойн маргаан олон улсын анхаарлыг татаж байгаа, уул уурхайн салбар эмзэг цэг дээрээ ирсэн энэ үед салбарынхаа зовлон жаргалыг ойлгодог мэддэг сайд байвал Л.Оюун-Эрдэнэд ч, Монголд ч хэрэгтэй.
Түүнчлэн Ерөнхий сайдын ажлыг олон нийтэд үйл ажиллагааг нь зөвөөр сурталчилан таниулахад хэвлэлийн албанд хэн ажиллахаас хамаардаг. У.Хүрэлсүхийн хэвлэлийн алба хариуцлагатай, мэдрэмжтэй сайн ажилласан.
Мэдрэмжгүй хэвлэлийн албаны дарга даргаа ч давхар татан унагаадгийн хамгийн сүүлийн сонгодог жишээ өнгөрсөн Баасан гаригт мэдээлэл хийсэн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн хийсэн хэвлэлийн бага хурал.
Хөөрхөн хүүхэн байлаа ч хөлдүү, мэдрэмжгүй, туршлагагүй бол хэвлэлийн албыг авч явж чадахгүйг О.Батхандаас харсан биз. Тэр тусмаа хар пиараар гаршсан “Херо” Баатар Л.Оюун-Эрдэнэд бүр ч хэрэггүй.
Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бодлого, стратеги мөрийн хөтөлбөрөө олон нийтэд зөв таниулахад, мэргэшсэн, мэргэжлийн баг чухал. У.Хүрэлсүхийн засгийн хэвлэлийн албыг улираан ажилуулахаар болсон нь нүдээ олсон сонголт байх.
Одоо Л.Оюун-Эрдэнэ өмнөх шигээ улстөржиж, попорч, Херо энтертаймент хийж, хэрүүл уруул болж явах цаг биш. Хөл хорионд орж, эдийн засгийн хямралд орсон аж ахуйн нэгжүүд, ажлын байраа хамгаалж үлдэх, эдийн засгаа хүндрэлээс гаргах хуучин засгийн бодлогуудаа үргэлжүүлэх, сэргээх, цар тахлаас иргэдээ хамгаалах, вакцинаа яаралтай оруулж ирэх гээд цаг алдалгүй ажиллах шаардлагатай юм. У.Хүрэлсүхийн хэлсэн гэм зэмгүй иргэдийг захиалгатайгаар шүүдэг, улстөрчдийг айлгаж ичээдэг шүүхийг тогтолцоог сайжруулах, Төрийн ордны зүүн жигүүрт хуулийнхан хуйвалддаг, даалгавар авдаг явдлыг зогсоох нь Л.Оюун-Эрдэнээс бас хамаарна. Л.Оюун-Эрдэнэ багаа хэрхэн бүрдүүлэхээс лидерийн стратеги харагдана. Хэрэвзээ багаа зөв сонгохгүй бол иргэдийн энэ их хүлээлтийг унагааж мэднэ. Ерөнхийлөгчийн сонгуульд гүйцэтгэх засаглал хэр оноо цуглуулах нь МАН-ын гол хүн Л.Оюун-Эрдэнэтэй хамааралтай. Зуун жилийн ойдоо Л.Оюун-Эрдэнэ намдаа сюрприз барих уу, эсрэгээрээ Х.Баттулгад бэлэг барих уу гэдгээс улс төрийн карьер нь ч шийдэгдэнэ.
МАН 2020 оны УИХ-ын сонгуульд У.Хүрэлсүхийн нэр нүүрээр 62 суудал авсан. Энэ том өгөгдөл дээрээ олон нийтийн дэмжлэг авсан хуучин засгийн ажлыг залгамжлаад цаг үеийн хүндрэлээ хэрхэн шийдэхээ юун түрүүнд зарла. Хэт их Харвард, Оксфорд гэж чамирхан гадаадын сургуулийн дипломаар хүний нөөцөө бүрдүүлж, нийгэмд ялгаа каст бүү үүсгээрэй.
Ийнхүү У.Хүрэлсүх нутгийн дүүгээ залгамжлагчаар тодруулж, ардчилсан Монгол Улсын хувь заяаг даатгууллаа. Харин Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд уу, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төлөөлөгч үү, лидер үү, лойдор уу гэдгийг өөрөө ч, цаг хугацаа ч харуулах биз.
Б.БАТ
Холбоотой мэдээ