Нийслэлийн Сүхбаатар дүүргийн V хорооны оршин суугч, мөн нийслэлд байсан Баянхонгор аймгийн иргэн, Эрүүл мэндийн яамны ажилтан Covid-19 халдвар авсан гэх мэдээлэл байна. Иймээс холбогдох байгууллагууд ойрын хавьтлыг илрүүлэхээр ажиллаж эхэлжээ.
Эрүүл мэндийн яамны ажилтан халдвартай нь батлагдсанаар тус яамныхныг гэрээсээ ажиллахыг үүрэг болгожээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хорооны иргэн халдвар авсан нь баталгаажсанаар өчигдөр үдээс хойш шинэ голомт үүссэн болох нь батлагдаж, Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарласан юм.
Эрүүл мэндийн яамнаас өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийхдээ "Нэгдүгээр сарын 22-нд 15071 хүнд шинжилгээ хийхэд 19 хүнд халдвар илэрсэн. Эдгээр тохиолдол нь бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлууд" гэж тодотгосон. Гэвч тэрхүү мэдээллээс хойш шинэ хавьтлууд илрээд байна.