Засаг огцорч, шинэ Ерөнхий сайд тодров

Хуучирсан мэдээ: 2021.01.24-нд нийтлэгдсэн

Засаг огцорч, шинэ Ерөнхий сайд тодров

Засаг огцорч, шинэ Ерөнхий сайд тодров

News агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймолж байна.


Засгийн газрыг тогтвортой байлгах зорилгоор МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдад хамгийн том эрх мэдлийг олгосон ч гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллаж чадсангүй, байгуулагдаад ердөө зургаан сар болоод л 2021 оны нэгдүгээр сарын 22-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.

Засгийн газрыг огцруулах болсон үндэслэлээ Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Нэгдүгээр төрөхөд амаржсан эхийг хүүхэдтэй нь Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсаныг хараад  эцэг хүний хувьд ч, Ерөнхий сайдын хувьд ч нүд халтирам, зүрх шимшрэм байлаа. Төр нь алдаа гаргавал үүрч чаддаг байх зарчмын дагуу хариуцлага үүрч, Ерөнхий сайд гэсэн эрхэм албан тушаалаас огцорч байна” хэмээн мэдэгдсэн юм.

Цар тахлыг хариуцан ажиллаж байсан танхимынх нь хоёр сайд дээрх асуудалтай холбоотойгоор огцрох хүсэлтээ гаргасан ч хариуцлага үүрэх хангалттай шалтгаан болохгүй гэж үзэв үү, аль эсвэл цаад талд нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлсэнчлэн өөр ноцтой шалтгаан байсан нь танхимаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах үндэслэл болсон уу, Засгийн газар тогтвортой ажиллахад зөвхөн тогтолцоог өөрчилснөөр шийдэгддэг зүйл биш гэдгийн анхны баталгаа болж, У.Хүрэлсүхийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

Улс төрийн хүрээнийхэн Засгийн газар танхимаараа огцрох болсон нэг шалтгаан нь нэгдүгээр сарын 20-нд Монголын ард түмэн хүний эрхийг дээдлэхийг төр засгаасаа шаардан, сэтгэлийн дуудлагаараа Сүхбаатарын талбайд жагссан нь зөвхөн нэг үндэслэл нь, цаана нь илүү том шалтгаан бий. Цаг хугацаа бүхнийг харуулна гэж тайлбарлаж буй.

Хэдийгээр төр нь хүний эрхийн мэдрэмжгүй болж, хөлдсөн ч шинэ үеийн залуус нь улам хэрсүүжсэнийг, төрөөсөө илүү хүний эрхийн өндөр мэдрэмжтэй болж, төлөвшиж буйг цугласан олны жагсаалаас харж болохоор байлаа.

Гуч гаруй жилийн тэртээ Монголд өнөө үеийнх шиг залуус ардчиллыг авчирч байсан бол эдүгээ бас нэгэн шинэ үе мэндэлжээ.  Монголын ирээдүй хүний эрхийн мэдрэмжтэй залуусын гарт байна, үнэхээр бахархам.

Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэв

Шинэ танхимыг удирдах Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлээд байна.

МАН-ын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх түүний нэрийг Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлсэн бөгөөд Удирдах зөвлөл, Бага хурал нь дуу нэгтэй дэмжив.

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн хоёр ч танхимд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан түүний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр нөхөрлөдөг нэгэн гэгддэг.

Засгийн газрын танхимаа хэнээр бүрдүүлж ажиллахаас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн эхлүүлсэн бодлого үргэлжлэх үү, эсвэл Х.Баттулгын нөлөө орж ирэх үү гэдэг харагдана. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээр бол Ерөнхий сайд хэний ч хамааралгүйгээр танхимаа бүрдүүлэх ёстой.

Одоогоор танхимд нь хэн, хэн ажиллах вэ гэдэг албан ёсны мэдээлэл тодорхой болоогүй ч тав орчим сайд нь хуучин танхимын гишүүд, бусад нь шинээр орж ирэх сураг гарч буй.

УИХ-ын зүгээс өнгөрсөн Баасан гаригт Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хариуг хуулийн хугацаанд багтаан өгнө гэдгээ мэдэгдсэн ч маргааш УИХ-Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөсөн мэдээлэл бий.

Цар тахал дотоодод алдагдсан энэ хүндхэн нөхцөлд шинэ танхим яаралтай ажилдаа орох нь хамгаас чухал байгаа.

Сайдаа өмөөрч жагсахаар салбарынхаа булхайтай тэмцсэн бол

Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхийг Covid-19 халдвар авсан нь батлагдсан даруйд Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү гэрийн халад, шаахайтай нь явуулж, цэвдэг сэтгэл гаргасны хариуцлагыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүлээж буйгаа мэдэгдэн, өнгөрсөн Лхагва гаригт огцрох хүсэлтээ гаргасан ч маргааш өдөр нь эмч, ажилчид нь түүнийг өмөөрөн жагссан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулав.

Учир нь энэ салбарт хариуцлагагүй байдал газар авсан атал сайдыгаа огцруулахгүй гэж жагссан нь хүн чанарын хэлтэрхийгүй болтлоо ялзарсныг харууллаа гэж олон нийт үзсэн юм.

Уг нь эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн, танил тал, авлига хардаг гажуудлыг засах зорилгоор үе, үеийн Засгийн газар цалинг нь нэмж ирсэн. Covid-19 цар тахлын үед У.Хүрэлсүхийн танхим өмнөх Засгийн газраас илүү энэ салбарт анхаарч, гадаад, дотоодын хандив тусламж бүхий л бололцоот бүхнийг эмч, ажилчдад зориулж, урамшуулал ч өгсөн, нэмэр болсонгүй.

Сая, саяар нь урамшуулал авсан Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн төрөөд удаагүй эхийг, нярай үртэй нь нөмгөн шалдан шахам хөхөө өвлийн хүйтнээр цэвдэг машинд суулгаж авч явав.  Жолооч нь хүртэл цэвдэг сэтгэлтэй.

Халдвартай хүнийг эмнэлэгтээ авч ирэх даалгавар авсан жолооч, Нэгдүгээр төрөх эмнэлгийн гадаа 20 минут орчим хүлээн зогсохдоо машиныхаа хаалгыг хаачих сэтгэл гаргачихаагүй.

Өөрсдийгөө пэмбийтэл зузаалсан эмч нь Нэгдүгээр төрөх эмнэлгийнхнээс хөнжил гуйгаад өгөхгүй бол загнаад ч болов хөдөрч байсан хөнжлөөр нь эхийг нярайтай нь ороогоод гарах сэтгэл гаргаагүй.

Эмээлт товчоон дээр амиа аврахыг хүсэн, 10 гаруй цаг нэвтрэх эрх хүссэн иргэнд Түргэн тусламж очоод эрүүл мэндийн тусламж үзүүлчихээгүй.

Нийслэлийн эрүүл мэндийн газар нь утсаа авалгүй, хүнд суртал гаргасан. Онцгой нөхцөлд хамгийн соргог ажиллах ёстой салбарынхны байж буй царай энэ.

Гэтэл тус салбарынхнаас хэн нь ч бугшсан идээ бээрээ шахахыг хүссэнгүй, сайдыгаа огцруулахгүй байх нь чухал гэж үзэв.

Ийм байдалд хүрэхэд гарсан алдаа бүрт тухайн цаг үед хариуцлага тооцолгүй, хойшлуулж ирсний балаг ч бас гарав.

Учир нь “Энх саран” сувиллаас Covid-19 халдвар дотоодод алдагдаж, Эмээлт товчоон дээр хүний амь эрсэдсэн үеэс л олон нийт эрүүл мэндийн салбарт хариуцлага ярих шаардлагатай болсныг сануулж ирсэн. Гэвч Шадар сайд асан Я.Содбаатар “Хариуцлагыг хэдийд ч ногдуулж болно. Цар тахлын энэ хүнд цагт эрүүл мэндийн салбарынхнаа яллаж болохгүй” гэх үгээр хаацайлж ирсэн нь эцсийн дүндээ Засгийн газар танхимаараа огцрохоос аргагүйд хүргэх шалтгаан нь болов.

Г.ХОРОЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж