Ерөнхий сайд завхан аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд завхан аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Завхан аймгийн төв Улиастай хотод ажиллав. Тэрээр хүнсний захаар орж, махны үйлдвэр, нэгдсэн эмнэлэг, замын ажлын эхлэлтэй танилцлаа. 

Тэрээр Донойн нисэх онгоцны буудал хүрэх 17 км замыг хатуу хучилттай болгоход шаардлагатай хөрөнгийг 2011 оны төсөвт тусгахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгов. 

Ерөнхий сайд дараа нь улиастай хотын иргэдтэй уулзан төр, засгийн бодлого, шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонсон хариу өгсөн байна.

ТӨР, ЗАСАГ ЗАВХАН АЙМГИЙН ХӨГЖИЛД АНХААРЧ БАЙНА

Завхан аймгийн удирдлагууд өмнөх Засгийн газарт хандан дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгаа ажлуудынхаа талаар санал, хүсэлт гаргасан байна. Эдгээрийн хариуг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Завхан аймагт ажиллахдаа өглөө.

Арвайхээр-Баянхонгор чиглэлийн нийт 77 км хатуу хучилттай автозамын барилгын ажил үргэлжилж байна. Үүнд зориулж 2010 оны төсвийн төсөлд 8,8 тэрбум төгрөгийн хөрөнгө тусган, замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ.  Баянхонгор-Алтай чиглэлийн 269 км, Баянхонгор-Улиастай чиглэлийн 470 км хатуу хучилттай автозам барих төслийг концессын гэрээгээр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр бариулна.  Удахгүй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажил үе шаттай хийгдэх болно гэж Ерөнхий сайд Завхан аймгийн иргэдтэй уулзахдаа хэлэв.

Тайширын усан цахилгаан станцыг гадаадын төслийн зээлийн болон улсын төсвийн нийт 40,0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж байгуулсан. Завхан аймгийн сумдыг Тайширын усан цахилгаан станцтай цахилгаан дамжуулах шугамаар холбох, сумдын дэд станц барихад 2008-2009 онд улсын төсвөөс 21,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. 

Сумдын усалгаатай газар тариаланг дэмжих, мал эмнэлгийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2010 оны улсын төсвөөс 455,0 сая төгрөг зарцуулж байна. 

Тайширын усан цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл Завхан аймагт хөдөө аж ахуйн түүхий эд, зарим төрлийн ашигт малтмал боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэл барьж байгуулах төслийг улсын төсвийн болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэж эхлэх боломжтой болох юм.

 Гэхдээ бүхнийг УИХ, Засгийн газар, гадаадын зээлийн хөрөнгөөр шийдэх бус, харин орон нутаг нөөц, бололцоогоо ашиглан боломжтой зүйлийг нь өөрсдөө бие даан шийдэж байхыг Ерөнхий сайд санууллаа.
  Цаашид аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд төр, засаг, орон нутгийн санал, санаачлага, зохион байгуулалтаас гадна ард иргэдийн идэвхтэй оролцоо байх ёстой. Тал талаасаа хамтарч ажиллаж чадвал өмнөө тавьсан зорилт, арга хэмжээгээ хурдан шуурхай хэрэгжүүлэх боломжтой гэж Ерөнхий сайд үзэж байна.

ЗАВХАН АЙМАГТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА

Завхан аймагт Улиастай-Донойн 17 км хайрган хучилттай замыг ашиглалтад оруулж, 4 км хатуу хучилттай замыг аймгийн төвд тавьж эхлэн, 2.7 км замыг гэрэлтүүлэгтэй болгосон байна.

2009 оныг Улиастай хотын тохижилт, бүтээн байгуулалтын жил болгон, энэ хүрээнд бүтээн байгуулалтын томоохон ажил хийн, үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэлийг боломжтой бүх хэлбэрээр дэмжиж ажиллажээ. 2010 оныг сумдын бүтээн байгуулалт, үйлдвэржилт, тохижилтын жил болгон сум бүрт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.    

Зам, гүүрт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Яруу сумын орон нутгийн зам, гүүрийн засварыг хийж дуусган, Их-Уул сумын Идэрийн голын 169 метр урт төмөр бетон гүүрийн ажил ид өрнөж байна. Мөн барилга угсралтын болон барилгын их засварын ажил хийгдэж 1 сумын хүн эмнэлгийн барилга, 6 сумын сургууль, дотуур байрны барилга, 2 суманд 3 цэцэрлэгийн барилга шинээр баригдан, бүх сумын сургууль, цэцэрлэг, соёлын төв, Засаг даргын Тамгын газрын байр, эмнэлгийн барилгад их засвар хийжээ.

 Аймагт анх удаа 2 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй “Нутгийн захиргааны ордон”-г ашиглалтад оруулж, энэ ордонд “Нэг цонхны үйлчилгээний цэг” байгуулж, иргэдэд 9 төрлийн үйлчилгээ үзүүлж байна.

Завхан аймгийн хөгжилд зориулж Засгийн газар 2009-2010 онд нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын дэмждэг үзүүлж байгаа юм.

С.БАТБОЛД : АЖИЛ ХИЙЖ ЯДУУРЛААС ГАРАХ ЁСТОЙ

Завхан аймагт хөдөлмөрийн биржэд бүртгэлтэй 2700 орчим иргэн ажил идэвхтэй хайж байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 900 орчим хүнээр нэмэгдсэн байна. Энэ нь эдийн засгийн хямрал, зудын хохирлоос улбаатай юм.
Иймээс ирэх 2 жилд ажилгүйдлийг бууруулах чиглэлээр идэвх, санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг Ерөнхий сайд Завхан аймгийн удирдлагад анхаарууллаа. 

Ажлын байрны эрэлт, хэрэгцээ, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, хөдөлмөрийн насны залуучууд хангалттай байгаа ч нэгтгэн зохион байгуулах санаачлага дутмаг байна. Уул уурхайн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлснээр хэдэн мянган ажлын байр бий болно. Иймээс хөдөлмөр эрхлэлт, зуучлал, боловсролын байгууллагуудтай хамтран ажилгүй хүмүүсээ зуучлах, мэргэжил, ур чадвартай болгох, давтан сургалтад хамруулах боломж ч орон нутагт байгаа юм.

Залуучууд ч бусдын гар харж суух биш, өөрсдөө эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжил, боловсрол эзэмшин, ажиллаж хөдөлмөрлөхийн төлөө байх ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх нь ажилгүйдэл, ядуурлыг туулах бодит гарц гэж Ерөнхий сайд Завхан аймгийн иргэдтэй уулзахдаа хэллээ.

 Социализмын үед хэдэн мянган залуус эвлэлийн илгээлтээр бүтээн байгуулалт өрнөж байгаа газарт ажиллаж байсан. Энэ сайн туршлагыг цаг үедээ нийцүүлэн дахин сэргээхэд ч болохгүй гэх газаргүй гэж тэрээр үзэж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ажилгүйдлийг бууруулахад чухал нэмэртэй. Завхан аймгийн хувьд 2009 онд 780,0 сая төгрөгийг жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж олгосны дүнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, худалдаа үйлчилгээ зэрэг нийт 81  төсөл хэрэгжсэн байна. Энэ дагуу 25  шинэ үйлдвэр, 334 ажлын байр шинээр бий болжээ. Засгийн газраас орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор 2009, 2010 онд нийт 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж