Dsquared2 буюу загварын ертөнцийн ихрүүд

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Dsquared2 буюу загварын ертөнцийн ихрүүд

Өвөрмөц загвар, содон шийдэл, тансаг чамин, давтагдашгүй хийцээрээ олны танил болсон “Dsquared2” брэндийн өнгө төрхийг илэрхийлэгч ах, дүү ихрүүдийг Дин болон Дэн Кейтн гэдэг. Тэд 1965 онд Канадын Торонто хотод төрсөн бөгөөд айлын есөн хүүхдийн хамгийн бага хоёр нь юм. Ах, дүү ихрүүд бага байхын зураг зурах дуртай, хувцас загвар сонирхдог байсан учир 1983 онд загварын сургуульд суралцахаар Нью-Йорк хотыг зорьжээ. Гэвч удалгүй  Торонтод эргэн ирсэн байна. 1986 онд тэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүн олж, тэр жилдээ DEanDAN нэрийн дор эмэгтэйчүүдийн загварын коллекцио гаргасан боловч төдийлөн амжилт олоогүй аж. 1991 он болоход ах, дүү ихрүүд дэлхийн загварын төв болсон Милан хотыг зорьж, “Gianni Versace” болон “Diesel” зэрэг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн алдартай загварын ордонд ажиллах болов. Дин, Дэн нар 1994 онд “Dsquared2” нэрийн дор анхны эрэгтэйчүүдийн коллекцио гаргаж, амжилтын оргил өөд гарсан бөгөөд 2003 онд эмэгтэйчүүдийн болон эрэгтэй дотуур хувцасны загвараа олон нийтэд толилуулжээ.
Өдгөө загварын хүрээнд “Dsquared2” брэнд өвөрмөц загвартай, нарийн чамин хийцтэй хувцас загвараа олны таашаалд түгээж, хувцас загварын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй. Тэдний урласан загварыг “эрч хүч өгөхөөс гадна тачаангуй төрхийг бий болгодог” хэмээн дүгнэдэг. “Dsquared2” эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцаснаас гадна эмэгтэйчүүдийн гутал, үнэртэн болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. “Dsquared2”-ын онцгой содон хэрнээ дэгжин хээнцэр, цор ганц загварыг Наоми Кэмпбэлл, Эва Херзигова, Каролина Куркова, Бритни Спийрс, Мадонна, Жастин Тимберлейк, Рики Мартин, Николас Кейж, Ленни Кравитц нарын тэргүүн зэрэглэлийн одод ихээхэн таашаадаг. 2000-2001 онд дуучин Мадонна “Dsquared2”-ыг тусгайлан сонгож, “Drowned” нэртэй аялан тоглолтдоо зориулж, 150 хос хувцас захиалж хийлгэснээс гадна “Don’t tell me” дууныхаа видео клипэнд өмсөх хувцсаа Дин, Дэн нарт захиалж байжээ. Түүнчлэн “Поп гүнж” Бритни Спийрс “Circus” аялан тоглолтдоо “Dsquared2”-ын загвараар гоёсон байна. Эрч хүч дүүрэн залуучуудын стиль, өнгө төрхийг тодорхойлогч ах, дүү ихрүүд 2006 онд Италийн Сери А лигийн “Ювентус” багийн өмсгөлийн загварыг бүтээх захиалга авсан нь тэдний чанар чансаа, нэр хүндийг тодорхойлсон хэрэг болсон юм. Тэд мөн 2008 оны гуравдугаар сард Италийн нарны шил үйлдвэрлэгч “Marcolin” компанитай гэрээ байгуулж, нарны шилний загвар бүтээх болсон бөгөөд энэ оны сүүлчээр загвараа олон нийтэд танилцуулах юм байна.
“Dsquared2” брэндийн нэрийн дэлгүүр өдгөө Милан хотын загварын дүүрэгт оршихоос гадна Италийн Капри, Туркийн Станбул, Украины Киев хотууд болон Хонг-Конгт үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Тэд саяхан Торонто хотод орших Канадын алдартнуудын гудамжинд өөрсдийн нэр бүхий одтой болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж