Төрийн ордны 3 давхраас хэн шүүгчид нөлөөлдөг байсан бэ?

Хуучирсан мэдээ: 2021.01.23-нд нийтлэгдсэн

Төрийн ордны 3 давхраас хэн шүүгчид нөлөөлдөг байсан бэ?

Төрийн ордны 3 давхраас хэн шүүгчид нөлөөлдөг байсан бэ?

Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах УИХ-ын Пүрэв (2021.01.21) гаригийн чуулганы хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хийсэн онц ноцтой мэдэгдэл хийсэн.  Тэрбээр “Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт шүүгчид ирж, хэнд хэдэн жилийн ял оноох вэ гэж асуудаг явдлыг өөрчлөхийн тулд Шүүхийн тухай хууль, Авлигын тухай хуулийг шинэчлэн батлуулсан” гэсэн юм. Браво, Х.Нямбаатар.

Магадгүй Ерөнхийлөгчийн хууль бус үйлдлийг ил тод зарласнаараа тэрбээр хамгийн том галыг өөр дээрээ дуудсан байхыг үгүйсгэхгүй. Удахгүй түүнийг харлуулан гүтгэх зохион байгуулалттай ажиллагаа ч эхлэх биз. Угаасаа манай Ерөнхийлөгчийн гэм биш зан нь юм.

Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт Ерөнхийлөгч Х.Баттулга суудаг.

 Тэгэхээр хуулийн сайд үнэн хэлсэн бол М.Энхсайхан, С.Баярцогт, С.Баяр, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг яллах даалгаврыг Ерөнхийлөгч Х.Баттулга өгдөг байжээ.

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ч “АТГ нэг хүнээс хараат бус байх, шүүгчийг хэн нэгэн дуудаж заавар өгдөг, гэмгүй хүмүүсийг ялладаг, өрсөлдөгчөө улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж болохгүй. Тиймээс ард түмэн хариуцлага тооцож ажиллана гэж итгэж байна” гэсэн нь сэтгэлийн хөөрлөөр хэлчихсэн үг огт биш нь нэн ойлгомжтой.
Тэгээд ч Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд гээд хоёр ч хариуцлагатай том албан тушаалтан баримтгүй мэдээлэл цацвал хуулийн хариуцлага хүлээхээ сайн мэдэж байгаа.

Ийнхүү олны хардлага ортой болохыг У.Хүрэлсүх, Х.Нямбаатар хоёрын үг нотлож байна.

2019 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, прокурор, АТГ-ын удирдлагыг түдгэлзүүлэх хуулийн төслийг санаачилж батлуулсан. Бүх шатны шүүгчийг, Авлигатай тэмцэх газар (АТГ), Улсын ерөнхий прокурор (УЕП)-ын удирдлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс зөвлөмж гаргавал чөлөөлж, огцруулж болдог байхаар УИХ-аас хуульчилж өгсөн.

Ингэснээр ҮАБЗ-ийн зөвлөмж нэрээр Х.Баттулга хууль, шүүхийн удирдлагыг өөрийн хүслээр солих, удирдан чиглүүлэх Үндсэн хуулийн бус эрх мэдэлтэй болсон билээ.

Энэ бол өмнөх парламентын хийсэн хамгийн том алдаа байлаа. Энэ алдаагаа МАН цэвэрлэхээр, Шүүхийн багц хуулийг шинэчлэн батлуулсан. Мэдээж,  шүүхийн шинэчлэл дээр ажилласан Х.Нямбаатар, Б.Энхбаяр зэрэг гишүүдийн эсрэг хар пиар хэрхэн явагдсаныг, үүний ард хэн гэгч “эзэн” байгааг тэнэг хүн ч олж харахаар ил байсан билээ.
Улсын дээд шүүхэд ШЕЗ-өөс зүтгүүлсэн “Голомт”-ын хуульч С.Батхүлэгийг хүлээж аваагүй МАН-ын багагүй дайралтад өртсөн, үнэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шиг хар пиараар гаршсан улстөрч Монголд байхгүй гэхэд болно.

“Шударга бусын хонгилыг нураахын тулд Шүүхийн багц хуулийг энэ Засгийн газар хийлээ. Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай хуулиа тат гэх шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад тавьж байсан” тухайгаа ч Х.Нямбаатар сайд өөрийн амаараа чуулганы индэр дээрээс мэдэгдсэн.
Үндсэн хуулийн бус аргаар хууль, шүүхийн удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр сольж, томилдог эрх мэдлийг өөртөө олж авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын эхний золиос нь М.Энхсайхан болсон юм.

Түүнийг Тавантолгой төслийг боловсруулахдаа эх орны худалдсан, терроризм хийсэн гэх ялаар зүйлчилж, эцэстээ автомашины жижигхэн хэрэг тохоод 4.6 жилийн ял оноосон билээ. Үүний дараагаар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан, Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан, Оросод байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсан хүмүүсийг “толгой дараалан” шоронд суулгасан нь Х.Баттулгын заавар, захиалга байсан нь ийнхүү батлагдаж байна.

Монголын шүүх засаглал өнгөрсөн хоёр жилд өргөсөн тангарагтаа биш, томилсон хүндээ үйлчилж ирсэн.  Үүнийгээ цайруулахаар өөрсдөө ч захиалга, даалгавраар өгсөн ялаа  буцааж, хөнгөрүүлэх шийдвэр эхнээсээ гаргаж байна. Жишээлбэл, Ж.Эрдэнэбатын хэргийг прокурорт буцаан, Д.Эрдэнэбат, Б.Болор нарын хорих ялыг торгох ялаар сольж, Н.Номтойбаярын 5.5 жилийн ялыг нэг жил болгон өөрчилсөн.

Бусдыг өс хонзонгийн сэдлээр, өрсөлдөгчөө зайлуулах зорилгоор албан тушаалаа урвуулан ашигласан, гэмгүй хүмүүсийг улс төрийн хилс хэрэгт ялласан нь үнэн бол Ерөнхийлөгчид импичмент үзүүлэхээс гадна, шударга шүүхийн өмнө түүнийг дуудах ёстой. Улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэн, ял шийтгэл амссан М.Энхсайхан, С.Баярцогт, С.Баяр, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг цагаатгах ёстой!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ТэнэглэлТэнэглэл
48
ЗөвЗөв
22
ХахаХаха
12
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж