Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 478 нөхөрлөлөөс Сэлэнгэ аймгийн 23, Төв аймгийн 10, Хэнтийн 7, Архангайн 6, нийт 45 нөхөрлөл Ойн тухай хууль, Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх журамд нийцсэн менежментийн төлөвлөгөө батлуулж, ойн тархцын зурагтай ажиллаж, ойг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах ажилдаа ахиц дэвшил гаргаж байгаа аж. Орон нутгийн төр засгийн байгууллагын удирдлагуудтай хамтын гэрээ байгуулан гал түймэр, хууль бус ажиллагаа, түүний дотор хулгайн мод бэлтгэл гаргуулаагүй зэрэг амжилт гарган олон жил тогтвортой ажилласан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Харгистай Баян Бүрд, Баруунбүрэн сумын "Далт”, Сант сумын "Алтансүмбэр", Булган аймгийн Хангал сумын “Өгөөжбүрэн”, Бугат сумын “Дундат өргөө”, “Моностой”, Хэнтий аймгийн Дадал сумын “Амирлангуй”, Биндэр сумын “Буурал сансар”, “Дэлгэр Онон”, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Бадар”, Түнэл сумын “Урт булаг” зэрэг 11 нөхөрлөлд БОАЖ-ын сайдын нэрэмжит шагнал гардууллаа.
Анх удаагаа олгож байгаа энэ шагнал нь хамтын оролцооны ойн менежментийг цаашид хөхиүлэн дэмжих, нөхөрлөлийн гишүүд эзэмшиж буй ойн сангийнхаа орчинд амьдарч, тэндээ ажлын байр бий болгож, хөрөнгө оруулж, ойг өөрсдийн өв хөрөнгө гэсэн ухамсар сэтгэлгээтэй ажиллаж, олсон ашиг шимээ өөрсдөө хүртдэг байх нь нөхцлийг бүрдүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “хамтын оролцооны ойн менежмент” төслийн хүрээнд хийж буй ажлуудын нэг юм.
Ойн санг эзэмшинэ гэдэг нь зөвхөн эзэмшиж буй ойгоо хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх төдийгүй газар, ургамал, амьтны аймаг, байгалийн бусад баялгийг хамгаалах, унаган төрх байдлыг нь хадгалах арга хэмжээ авна гэсэн үг юм. Иймд ойн нөхөрлөлүүд ан амьтан, загас шувуу зэрэг биологийн төрөл зүйл болон гол горхи, булаг шандны эх хөвөө, хадлан бэлчээрийн талбайг хамгаалах, нөхөн сэргээх, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг гэнэ.
Д.Долгор