Монголд үнэгүй хандивлах энэтхэг вакцин найдвартай юу?

Хуучирсан мэдээ: 2021.01.23-нд нийтлэгдсэн

Монголд үнэгүй хандивлах энэтхэг вакцин найдвартай юу?

Монголд үнэгүй хандивлах энэтхэг вакцин найдвартай юу?

Дэлхийн эмийн сан хэмээгддэг Энэтхэг улс хөрш орнууддаа үнэгүй вакцин хандивлахаа зарласныг олон улсын ажиглагчид сайшаан магтаж байгаа билээ. Тэдний үзэж буйгаар “Вакцины ардчилал” хэмээн нэрлэсэн энэ үйлдэл нь цар тахлын эсрэг дэлхийн тэмцэлд бодит хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой шийдвэр аж.

Энэтхэг энэ сарын 18-нд дотооддоо үйлдвэрлэсэн Covishield, Covaxin хоёр төрлийн вакциныг Азийн хэд хэдэн оронд илгээхээр болсноо албан ёсоор зарласан юм. Тус улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврики зэрэг улсад 3.9 сая ам.долларын Covaxin вакцин, Бутан, Бангладеш, Афганистан болон Сейшелийн арлууд руу Covishield вакциныг даруй илгээхээр төлөвлөжээ.

Covishield гэдэг нь AstraZeneca компанийн Оксфорд их сургуультай хамтран бүтээсэн вакцинд энэтхэгчүүдийн өгсөн нэр бөгөөд Энэтхэгийн Пуна хотод байрладаг Ийлдэс судлалын хүрээлэнд үйлдвэрлэгдэж байгаа аж. Харин “Covaxin” нь Энэтхэгийн Bharat Biotech компани Үндэсний анагаах ухааны судалгааны зөвлөлтэй хамтран бүтээсэн вакцин юм. Тус вакцин нь хүн дээрх эхний хоёр шатны туршилтаа амжилттай давсан ч сүүлийн шатны туршилтаа хараахан дуусгаагүй байгаа билээ.

Энэтхэг улсын эм, вакцины үйлдвэрүүд дэлхийн нийт вакцины хэрэгцээний 60 хувийг хангадаг. Дэлхийн хамгийн том 10 гаруй үйлдвэрийн хагас нь Энэтхэгт байдаг билээ.

Covaxin хэрхэн үйлчилдэг вэ?

Энэтхэгийн төрийн санхүүжилтээр бүтсэн тус вакциныг 24 жилийн түүхтэй, 123 оронд 16 төрлийн вакцин бүтээн нийлүүлж байсан туршлагатай Bharat Biotech компани боловсруулжээ.

Covaxin бол уламжлалт аргаар бүтсэн вакцин аж. Өөрөөр хэлбэл, эл вакцин нь лабораторийн аргаар хүний биед аюулгүй болгосон буюу үхсэн SARS-CoV2 вирусуудийг хүний биед тарьж, улмаар тус вирусийн онцлогуудыг хүний дархлааны тогтолцоонд таниулах зарчмаар үйлчилдэг байна. Вакцинд агуулагдаж буй идэвхгүй вирусууд биед ормогц хүний дархлааны тогтолцоо түүнийг таньж тохирсон эсрэг биетүүдийг үйлдвэрлэж эхэлдэг. Тийнхүү идэвхгүй болгосон вирусуудыг Энэтхэгийн вирус судлалын үндэсний хүрээлэн гарган авсан ажээ.

Covaxin бусад бүх Covid-19-ийн эсрэг вакцинуудын адил хоёр тунтай. Тэрхүү хоёр тунг дөрвөн долоо хоногийн зайтай тариулах ёстой аж. Мөн вакциныг цельсийн 2-8 хэмийн дулаанд хадгалдаг нь тээвэрлэхэд хялбар болгож байгаа юм.

Bharat Biotech компанийн мэдээлснээр, одоогийн байдлаар тус вакцины нөөц 20 сая тун бий бөгөөд энэ оны сүүл гэхэд хоёр хот дахь дөрвөн үйлдвэртээ 700 сая тун үйлдвэрлэх зорилготой байгаа аж.

Ажиглагчид хэрхэн дүгнэж байгаа вэ?

Энэтхэгийн эрх баригчид энэ сарын 3-нд AstraZeneca/Oxford-ын Covishield вакцинд зөвшөөрөл олгохдоо дотооддоо бүтээж, үйлдвэрлэж буй Covaxin вакциныг зэрэг зөвшөөрсөн бөгөөд хоёр вакциныг ашиглан энэ сарын 16-наас бүх ард иргэнээ вакцинжуулж эхэлсэн билээ. Гэвч тус Covaxin вакцины эцсийн буюу гуравдугаар шатны туршилт дуусаагүй тул үр дүн нь тодорхойгүй байхад зөвшөөрөл олгосон нь ажиглагчдын эргэлзээг төрүүлж буй юм. Ихэнх ажиглагчдын анхааруулж байгаагаар Covaxin-ы хэр өндөр үр дүнтэй байх, ялангуяа коронавирусийн шинээр үүсч буй хувилбаруудын эсрэг хэр үйлчилгээтэй байх нь тодорхойгүй юм.

Энэтхэгийн эрх баригчид болон вакцин бүтээгчдийн зүгээс тус вакцинд зөвшөөрөл олгох бүрэн үндэслэл бий бөгөөд тус вакцин нь өндөр үр дүнтэйгээс гадна хүний биед аюулгүй нь батлагдсан хэмээн мэдэгдэж байгаа юм. Мөн вакциныг бүтээсэн Bharat Biotech компани Covaxin-ы үр дүнгийн талаар нарийн мэдээллийг хоёрдугаар сард тайлагнахаа амласан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
БурууБуруу
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж