Мэс заслын ширээн дээр хэвтэж буй монгол орон | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мэс заслын ширээн дээр хэвтэж буй монгол орон

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Мэс заслын ширээн дээр хэвтэж буй монгол орон

Монголын эдийн засгийн форум үргэлжилж байна. Форум салбар хуралдаануудаар үргэлжилж буй. “Цомхон чадварлаг төр” салбар хуралдаан MDG группын Ерөнхийлөгч Б.Одсүрэнгийн “Төрийн албан хаагчийн чадвар, ёс зүйг өндөржүүлэх замаар төрийн арчаагүй сул дорой байдлыг засварлах нь” илтгэлээр эхэлсэн юм. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Та бүхний амар амгаланг айлтгая аа.

Монгол орон түүхэндээ Тусгаар тогтнол, эрхчөлөөгөө ч алдах хүртэл олон удаа хүнд сорилтой тулгарч байсан. Энэ удаа ч мөн давтагдлаа. Өр зээлэндээ баригдаж, эдийн засаг асар хүндрэв. Үндэсний бизнесмэнүүд үйл ажиллагаагаа царцааж, өдөрт хэдэн арваараа хаалгаа барин дампуурлаа зарлаж байна. Гэхдээ энэ бүхний дотор иргэд нь төрдөө итгэл алдарч, үзэн ядах хэмжээнд ирж байгаа нь хамгийн хүнд асуудал болоод байна. Энэ талаарх үзэл бодол, зарим шийдлээ энэхүү индрээс та бүхэнтэй хуваалцая гэсэн юм.

Нэг. Том хэвээрээ төр

“Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалт болсноос хойш хоёр жил хагасын хугацаа өнгөрчээ.

Гэвч төрийн албанд горилогчдын тоо буураагүй хэвээр.

Өндөр албанд шунах залуусын тоо улам нэмэгдэж, захаасаа уйлж, журмын нөхдөө зодож ч байна.

Ил цагаандаа гарсан олигархуудын тэмцэлд төр хүчин мөхөсдөж, ард түмнээ талцуулаад байгааг та бид бэлхнээ харж байна.

Лиценз зөвшөөрлийн тоо багассангүй.

Том даргын зөвлөхүүд цөөрөх байтугай нэмэгдэв.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн шахааны бизнесүүд цэцэглэсээр.

Төрөөс сулдаа асгардаг зардлууд ундарсаар, урссаар.

Ганцаараа хийчих ажлыг арвуулаа, тэр мөртөө олигтойхон ч хийчихдэггүй байдал хэвээр.

Төрийн албан хаагчтай харьцах болохоор “Хахуулийг нь өгөхгүй бол наадах чинь хөдлөхгүй ээ” гэдэг санаа зовнил мөн хэвээр байна.

Энэ бүхнийг дурдахдаа, мөн цаашид хэлэх үгэндээ төрийн бүх албан хаагчийг хавтгайруулан шүүмжлээгүйг, төрд сайн албан хаагчид байдгийг хүлээн зөөвшөөрч байгааг минь хүлээн авна уу.

Хоёр. Боловсон хүчний дутмагшил

Өнөөдөр иргэдийн УХААЛАГ ТӨРөө нэхэхгүй байгаа нь “ухаалаг төртэй болчихсоных” биш, харин “ухаалаг төртэй болсноо” мартаж орхисонтой холбоотой. Угаас “гаднаас зээл авлаа” гэхээс өөр төр засагтай холбоотой мэдээ хүний чихэнд сонсогдохоо болиод удаж байна.

Төрийн дээд түвшинд ямар нэг шийдвэр гарч байгааг ард иргэд там тум мэддэг ч хэрэгждэггүйд нь дасчээ. Яагаад хэрэгжихгүй байна вэ? Яагаад шинэчлэлт өөрчлөлтийн тухай л ярихаас, шинэчилж өөрчлөхгүй байна вэ?

Энэ бол хүний нөөц, төрийн боловсон хүчний бодлоготой холбоотой гэж үзэж байна.

Гурав. Дутмаг дээрээ чадваргүй

Зөвхөн нэг л удаа шударга бус, ичгэвтэр зүйл үйлдсэнийхээ төлөө огцордог даргатай улс орнууд байдаг.

Харин манай оронд хууль зөрчөөгүйнхээ төлөө бусаддаа шоолуулдаг орчин бүрэлдсэн.

Муухай дээр улцан гэгчээр боловсон хүчний дутагдалтай байхад  хүмүүсийг төрийн албанд авахдаа чадлаар нь биш намдаа хэр үнэнчээр нь шалгаруулж байна.

Жинхэнэ эрдэм чадалтай залуус төрд ажиллахаас татгалздаг, ажиллаж үзсэн нэг нь хадаасан дээр суусан мэт зугтаадаг ажээ. Шударгаар хэлэхэд, сайн нь гарч муу нь үлдээд та бидний амьдралыг шийдэж байна. Намд шинээр элсэж байгаа залуус ч гэсэн гайгүйхэн албан тушаалд очоод амьдралаа дээшлүүлэх зорилготой гэдгээ нуухгүй байна.  

Үүний шалтгаан, мөн өөгшүүлэгч нь эрх барихээр сонгогдсон нам өмнөх засгийн бүх ажилтныг хуйгаар нь сольж өшөөгөө авдаг завхрал юм. Энэ зун биднийг ийм л үйл тавилан хүлээж байна. Үүний дараа төрийн ажил урагшлах битгий хэл төрийн бодлого  алдагдана. Залгамж халаа ч гэж огт байхгүй боллоо.

Намын хатуу гишүүнчлэлийг цуцлахгүй юм бол ядаж намууд хүний нөөцөө дундаа ашиглах боломжийг хайх цаг болоод байна. Дэлхийн хөгжингүй орнууд зөвхөн хүний хүч, ур чадвар дээр өдий зэрэгтэй болсныг санацгаая.

Дөрөв. Алга болсон ёс зүй

Нөгөөтэйгүүр бид төрийн албан хаагчдын ёс суртахуун, этик, моралийн талаар хүчтэй дуугарах цаг аль хэдийнэ болоод өнгөрчихөөд байна. Хүн ажилд авах хамгийн эхний шалгуур “сайн хүн байх ёстой” гэсэн үг бий. Бид сайн хүнийг Төрдөө хүчин зүтгүүлэх учиртай. 

Хувийн компани өөрөөс нь хулгай хийсэн ажилтныг халдаг. Харин төрөөс хулгай хйисэн хүн дараагийн хулгайдаа гаршдаг. Яагаад гэвэл төрийн мөнгө ёолдоггүй. Төрийн цаг хугацаа, төрийн нэр хүнд ёолдоггүй юмаа.

Хэрэглэгчийнхээ итгэлийг алдах нь хувийн компанид хамгийн том гарз байдаг. Харин иргэдийг гомдоож гонсойлгох нь төрийн албан хаагчид огт падгүй ажээ.

Тав. Хариуцлагагүй ажилтны учруулах хор

Ард түмнийхээ итгэлийг алдсан төр хамгийн сул дорой болдог! Ийм төр иргэддээ үргэлж худал хэлэн аргацааж эхэлдэг юм байна. Хүчирхэг төрийн тухай мөрөөдөл ийнхүү өдөр тутам, цаг тутам замхарсаар байна.

Дээр нь Монголын төрөөс өдөр тутам иргэдийнхээ урмыг хугалах арга хэмжээ авдаг нь хүнд сурталтай, сахилга батгүй, ойлгомжгүй, аргацаасан дүр төрхтэй ажилтнууд болон авилгын хэрэгт нэр нь дуурьсдаг том дарга нараар илэрнэ. Энэ нөхцөл байдалд иргэд өөрийн эрхгүй “хүчтэй гар” буюу дарангуйлагчийг хүсэхэд хүрлээ. Энэ бол бидний итгэж, зорьж яваа зам биш билээ.

Зургаа. Санал болгох нь

Төрийн албанд Сахилга батыг хэвшүүлэх, алдаа гаргасан хүнийг шүүхээр бус Сахилгын хороо, Ёс зүйн хороогоор нь дүгнэлт гаргуулж албан тушаалаас нь яаралтай буулгадаг нөхцлийг бүрэлдүүлэх нь Хариуцлагыг өндөржүүлнэ.

Мөн ажил гүйцэтгэлийн KPI мөрдлөгийг төрийн албанд нэвтрүүлэх шаардлагатай. Сайн нь сайнаараа, муу нь муугаараа үнэлүүлдэг шударга систем ус агаар мэт дутагдсан байна.

Долоо. Төгсгөл

Манай орон шиг цөөн хүн амтай улсад, боловсролтой бөгөөд ёс суртахуун- сахилга баттай хүнийг гар дээрээ энхрийлэн авч ажил хийлгэхгүй л бол Монгол Төр цасан өвгөн наранд хайлж шалбааг болдгийн үлгэрээр өдрөөс өдөрт улам сульдаж, нэр хүнд нь өндийх аргагүй болж байна.

Намын гишүүн, хамаатан садан, найз нөхдөөрөө төрийн албыг гүйцэтгүүлж байгаа нь эмчээр нягтлан хийлгэж, гуталчнаар мэс засал хийлгэхтэй адил зүйл болгож байна. Харин мэс заслын ширээн дээр хүнд өвчилсөн Монголын ард түмэн чинь хэвтэж байгааг битгий мартаарай!

Энэхүү түүхэн хүнд цаг үед “үр ашиггүй зардлууд, уралдан идэж байгаагаасаа салж“ САХИЛГА БАТТАЙ, чадварлаг, цомхон, хүчирхэг төрийг цогцлуулах нь он цагийн шаардлага, эх орны дуудлага боллоо.

Өнөөдрийн бидэнд эх орноо ДАХИН НЭГ УДАА ЭМХЛЭН ЦЭГЦЛЭХ даалгавар, хожим шүүгдэх түүхэн үүрэг ноогдож байна.

Хүн бүхэн гар бие, сэтгэл оюунаараа оролцож, улс орноо сэргээн бадруулцгаая аа!

Дээр хэлсэн бүхнийг шингээсэн, тодорхой шийдлүүд бүхий төслийг миний бие нөхдийн хамтаар боловсруулж байгаа бөгөөд дуусах шатандаа нэгэн орсон болно. Үүнийгээ хэрэгжүүлэх арга замыг бүхий л боломжоороо эрэлхийлэх ч болно.

Анхаарал тавьсанд Баярлалаа.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-03-30 202.179.31.36

Нам гэхгүйгээр ард түмэн юунд хутгалдаагүй шилдэг хүмүүсийг сонгож оролцуулвал бас болж л таарна шүү дээ бид зөв сайхан замыг сонгож л амьдармаар л байна ингээд хугацаа алдаад байвал хэн хожих билээ санаа оноо гарцыг чинь дэмжиж байна

Зочин 2016-03-30 202.9.40.225

Зөв залуу

Зочин 2016-03-30 103.26.193.192

Яагаад "СЭХЭЭН"-д орох болов.?! Хэн анх ажил хийхгүйгээр ашиг, халамж хоёрыг зэрэг хүртчихээд баян цатгалан амьдарч болно гэж ойлгуулж хошгируулсан билээ.?! МАН-АН. Их өрийг хүртэл тэглэчихсэн байхад хэн ахин өр үүсгэж хүн нэг бүрийг 16 сая төгрөгийн өртэй болгов.?! МАН-АН. Монгол хүний өөрөө өөртөө итгэх итгэлийг өрөөлд найдах горьдлого болгож хувиргасан нүгэлт гэмийг хэн хийв.?! МАН-АН. Нийгмийн ядуурал хоосрол, бухимдлыг хэн үүсгэв.?! өнөөх л МАН-АН. МАНАН-ийн 26 жилийн үр дүн юу вэ.?! Өнөөдрийн Монголчуудын бодит амьдрал шүү дээ. Өрөнд баригдаж өлсөж ядуурсан 3 сая иргэн дампуурсан нийгэмд хямарсан Төрдөө бухимдацгаагаад сууцгааж байна.

irgen 2016-03-30 103.26.193.194

uniig deer doorgui bugd medej baigaa, turiin system ni buruu ajilladag tul shuultuur muu baina

хх 2016-03-30 103.57.94.59

Зүрхний мэс засал хийлгэхээр хэвтсэн.зүрх зогсвол дуусах нь дээ эх орон минь

Зочин 2016-03-30 182.160.35.117

Сонгуулийн дараа арын хаалганы бух хунийг халах нь зовоо Улсын хэмжээнд уралдаант шалгаруулалт явуулж гол гол яамдын мэргэжилтнуудийг ажилуулах хэрэгтэй Улс торийн намууд хунээ санал болгож болох ч мэргэжлийн холбоод шалгах сонгох хэрэгтэй Торийн албаны зовлолийг жинхэнэ утгаар нь ажилуулах хэрэгтэй Энэ хун маш зов дугнэлт хийж байна

Uptop 2016-03-30 150.129.142.17

Good

dutuu 2016-03-30 202.131.252.217

tsomhon bus limited government heregtei. biznisd hutgalddaggui, oroltsoj ursuldduggui, interventsi hiideggui,baraand gaali horig tavidaggui

niitlelc,gajuu 2016-03-30 103.10.23.193

.. үзэн ядах хэмжээнд ирж байгаа нь хамгийн хүнд асуудал болоод байна...хуйгаар нь сольж өшөөгөө авдаг завхрал юм. Харин иргэдийг гомдоож гонсойлгох нь төрийн албан хаагчид огт падгүй ажээ. Энэ нөхцөл байдалд иргэд өөрийн эрхгүй “хүчтэй гар” буюу дарангуйлагчийг хүсэхэд хүрлээ. Яагаад гэвэл төрийн мөнгө ёолдоггүй. .. нэр хүнд ёолдоггүй юмаа. Энэ бол бидний итгэж, зорьж яваа зам биш билээ.хамаатан садан, найз нөхдөөрөө төрийн албыг гүйцэтгүүлж байгаа нь эмчээр нягтлан хийлгэж, гуталчнаар мэс засал хийлгэхтэй адил зүйл болгож байна. Өнөөдрийн бидэнд эх орноо ДАХИН НЭГ УДАА ЭМХЛЭН ЦЭГЦЛЭХ даалгавар, хожим шүүгдэх түүхэн үүрэг ноогдож байна. Хүн бүхэн гар бие, сэтгэл оюунаараа оролцож, улс орноо сэргээн бадруулцгаая аа! Дээр хэлсэн бүхнийг шингээсэн, тодорхой шийдлүүд бүхий төслийг миний бие нөхдийн хамтаар боловсруулж байгаа бөгөөд дуусах шатандаа нэгэн орсон болно. Үүнийгээ хэрэгжүүлэх арга замыг бүхий л боломжоороо эрэлхийлэх ч болно.

Зочин 2016-03-30 202.9.41.38

Сайхан зөв, шударга хэлдэг залуу байна. Дэмжлээ

xxx 2016-03-30 202.21.112.34

АН МАН МАХН ИЗНН гээд бүгд л адил байна. Энэ нам тэгдэг, энэ нам тэгдэггүй гэж байгаа бол асуудлаа шийдэхгүй, харахыг хүсэхгүй байна л гэсэн үг. Тогтолцоо, систем, тоглоомын дүрэм нь ийм болчихсон болохоор хэн ч гарсан энэ дүрмээрээ тоглоод байна. Шинэ дүрэмтэй болох л хэрэгтэй байна.

Зочин 2016-03-30 202.179.26.52

Amjilt!

зочин 2016-03-30 103.26.194.115

Жинхэнэ өөдрөг сэтгэлтэй хүн байна даа.Яс юман дээрээ бол Монгол улсыг АН -н гамингууд аль хэдийн мэс заслын өрөөнөөс гаргаж хүүр хадгалахад шилжүүлээд одоо эрхтнүүдийг нь тасчиж зарах гээд байж ядацгааж байна. Тэгээд олсон хэдэн зоосоо аваад,АНУ-д очиж боловсролоо дээшлүүлнэ ээ гээд бөгсөө хаяад алга болцгооно. Эмчилнэ гэж баахан улсаас дааж давшгүй их мөнгө зээлчихсэн болохоор одоо үхсэнийх нь дараа өр нэхэгдээд үр хүүхэд нь гэж байдаг бол тэд л хэцүүдэх байх даа. АН бол Монгол улс, монгол үндэстэнд илгээсэн ***** юм.

Зочин 2016-03-30 203.169.49.45

Ингэж дүгнэж, ярьж байгаа нь бага ч болов хойч үедээ итгэх итгэл төрүүлж байна. Эрүүл хүчин байна.