Бидний олон жил ад үзсэн уул уурхай л аминд орохоор байна

Хуучирсан мэдээ: 2021.01.23-нд нийтлэгдсэн

Бидний олон жил ад үзсэн уул уурхай л аминд орохоор байна

Бидний олон жил ад үзсэн уул уурхай л аминд орохоор байна

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


 "ШҮҮГЧ ХЭН НЭГНИЙ УДИРДАМЖААР АЖИЛЛАДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ"

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бүрэн нийцүүлэхээр Шүүхийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. Уг хуулийн өөрчлөлтийн гол зорилго нь шүүгч хараат бус болон хариуцлагатай байх эрх зүйн орчныг бий болгоход чиглэгдэж байх шиг байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Шүүхийн тухай багц хуулийн өөрчлөлтөөр шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын баталгааг хангахад шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэж ойлгож болно. Шүүхийг хараат бус байхыг хүссэн нийгмийн ч шаардлага бий. Тэр утгаараа ард түмэн энэ хуульд хүлээлт тавьж байгаа. Шударга бус шүүхийн шийдвэрээс ард иргэд, аж ахуй нэгж хохирдог. Тиймээс Шүүхийн тухай хуулиар засахыг зорьж байгаа гол зүйл бол шүүх засаглалыг шударга болгох. Шүүх засаглал иргэдэд шударга ажиллаж чадаж байна уу, ААН, иргэдийн шүүхээр шийдүүлж байгаа хэргүүд нь шударга байж чадаж байна уу гэдэг рүү хандсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан тэр заалтаараа хуулийн төсөлд орж ирсэн. Ерөнхийлөгч зөвхөн томилоход л оролцоно. Өөрөөр хэлбэл, шүүх засаглал дахь хэн нэгний хамаарлыг энэ хуулиар халж байна гэсэн үг. Хоёрдугаарт, шүүгч ёс зүй, сахилга баттай байх ёстой. Шүүгч хэн нэгний удирдамжаар ажилладаг байж болохгүй. Тухайн шүүгч ёс зүйтэй, шударга ажилласан эсэхийг хэн шүүх вэ, хэнээс айдаг ичдэг байх вэ гэдэг асуудал байгаа юм. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо байгуулах тухай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хуульчилсан. Өмнө нь Шүүгчийн хариуцлагын асуудлыг дүрэм, журмаар зохицуулснаар хариуцлага нь төдийлөн чанга биш байсан. Харин энэ удаад Сахилгын хороог хуулиар оруулж ирснээр шүүгчийн хариуцлагын асуудал илүү өндөр шалгуур, хяналттай болно. Сахилгын хороо яаж ажиллах вэ, ямар үед шүүгчид хариуцлага тооцох вэ гэх мэт бүх процессыг нэгбүрчлэн хуульчлан тусгасан. Шүүхийн сахилгын хороо шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэгтэй ажиллана. Ингэж шүүгчийг хариуцлагажуулж, мөн нөгөө талд нь хамгаалах заалтууд орж байгаа. Өмнө нь бол шүүгчийн буруу шийдвэрээс үүдэж хэн нэгэн амьдрал, эд хөрөнгөөрөө хохирлоо гэхэд бараг “Уучлаарай” гэж хэлэхгүй өнгөрдөг шүү дээ. Тэгвэл энэхүү Шүүхийн тухай хуулиар өнөөгийн шүүх засаглал дахь болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг засахыг хичээсэн.

-Таны хувьд Сахилгын хорооны зарим гишүүнийг УИХ-аас томилох тухайд шүүмжлэлтэй хандаж байсан шүү дээ?

-Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнийг томилохдоо Шүүгчдийн зөвлөлөөс дөрөв, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос гурав, Ерөнхийлөгчөөс нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс нэг хүнийг тус тус сонгож, томилохоор тусгасан. УИХ-аас, Ерөнхийлөгчөөс гишүүдийг томилох нь хонгилын түлхүүрийг үлдээх вий гэсэн болгоомжлол байгаа юм. УИХ-аас эрх мэдэл ямар нэгэн байдлаар томилох асуудал яригдаж байна. Дөрвөн гишүүн нууц санал хураалтаар шүүгчдээс орж ирнэ. Бусад нь нээлттэй сонгон шалгаруулалтаар орж ирнэ. Нөгөөтэйгүүр Сахилгын хорооны гаргасан шийдвэрийг Дээд шүүх дээрээ очиж эцэслэгдэхээр байгаа юм. Ингэвэл мөн л эрх ашгийн зөрчил орно гэдгийг шүүмжилж хэлсэн.

-Хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийн үеэр гишүүдийн дунд хамгийн их маргаан дагуулсан заалт болох жил бүр шүүгчдийн үндсэн цалинг хоёр хувиар нэмнэ. Шүүгчид тэтгэвэрт гарахад үндсэн цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр тогтоолгоно гэсэн заалтуудад гишүүд шүүмжлэлтэй хандсан. Энэ заалтыг та дэмжиж байгаа юу?

-Үгүй ээ. Би эсрэг саналаа өгсөн. Яагаад гэвэл нийгмийн даатгал, цалин, тэтгэвэртэй холбоотой асуудлыг салбар бүрийн хуулинд нь оруулж ирэх гэсэн хандлага, амбиц байсаар ирсэн. Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль гээд үндсэн чиг үүргийн хуулиуд нь байхад салбарын хуулиар зохицуулж болохгүй. Салбар бүр өөрсдийнхөө зовлонг тоочиж, цалин хөлс, тэтгэврийн хэмжээгээ нэмэх гэсэн сонирхол байдаг. Мэдээж зовлонг нь сонсъё гэвэл салбар бүрт асуудал бий, өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Тэглээ ч цалин, тэтгэврийг үндсэн чиг үүргийн нэг хуулиар зохицуулах нь зөв.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш
.АДЪЯАМАА

 


"ХАМГИЙН ТОМ АЖИЛ ОЛГОГЧ БИЗНЕСҮҮДЭЭ ДЭМЖСЭН ЦОГЦ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ"

“Covid-19” цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн байдал өдөр ирэх тусам дордож байна. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд энэ байдал илүүтэй мэдрэгдэж байгааг эдийн засагчид онцолж байгаа билээ. Энэ бэрхшээлтэй цаг үед эдийн засагт хамгийн түрүүнд хэрэгжүүлбэл зохих бодлого, гарц гаргалгааны талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн судалгаагаар Монгол Улс хөгжлийн хурдаар удаан буюу 63 улсаас 62 дугаарт эрэмбэлэгдсэн. Харин энэ жил сүүл мушгих нь тодорхой болоод байх шиг байна?

-Ер нь бол сүүлийн жилүүдэд байнга ухарч ирсэн. Хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл гэвэл засаглалын үзүүлэлтүүд болон дэд бүтэц. Дэд бүтэц дотроо хатуу, зөөлөн гэж ялгадаг. Зөөлөн дэд бүтэц гэдэгт интернэт зэрэг асуудлууд орж байгаа юм.

-Ер нь өрсөлдөх чадвар гэж яг юуг хэлдэг юм бэ. Санхүүгийн боломжтой байхад өрсөлдөх чадвар сайн гэж ойлгож болох уу?

-Өрсөлдөх чадварыг энгийнээр тайлбарлавал аливаа улс орны төр засаг нь аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг хэрхэн дэмжиж байгааг судалдаг. Тэгэхээр улс орнууд өөрсдийн орондоо бизнесийн үйл ажиллагаа явуулах аль болох таатай орчин бүрдүүлэх гэж хичээдэг. Дэлхийд хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Аль болох өөрийн орондоо тэр хөрөнгө оруулалтыг татах, байлгах гэж оролдох хэрэгтэй. Зөвхөн санхүүгийн боломжтой байхад өрсөлдөх чадвартай гэж ойлгох нь өрөөсгөл. Тэр санхүүгээ хэрхэн оновчтой зарцуулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, мөн эцсийн дүндээ ажлын байр бий болгож, төсвийн мөнгийг оновчтой зарцуулж, ард иргэдээ аль болох ая тухтай амьдрах орчин бүрдүүлэхийг өрсөлдөх чадвар сайтай орон гэж дүгнэнэ. Санхүүгийн боломжтой орон мөртлөө эрүүл мэндийн үйлчилгээ муу, татвар өндөр, ажилгүйдэл ихтэй бол энэ нь өрсөлдөх чадвартай биш.

-Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засгийн хувьд хамгийн их хохирол амсч байгаа нь аж ахуйн нэгжүүд. Цар тахал цаашид хэр удаан үргэлжлэхийг хэн ч урьдчилан хэлж чадахгүй байна. Хорио цээр суларлаа ч зогсонги байдалд орсон манай эдийн засгийн эргэлт олигтой хөдөлж өгөхгүй байна. Ийм үед л өрсөлдөх чадвар маш чухал шүү дээ. Тэгэхээр бидэнд ямар бодлого хэрэгтэй байна вэ, өрсөлдөх чадварын хувьд гэсэн утгаар нь асууж байгаа юм шүү?

-Улс орон болгон өрсөлдөх давуу талтай байдаг. Монгол Улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх маш олон боломж байсан. Харамсалтай нь, бид өөрсдийн боломжоо ашиглаагүйгээс өнөөдрийн ийм хүндрэлтэй нөхцөл байдалд орчихлоо. Өнөөдрийн үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг covid-19-тэй л холбож тайлбарлана. Гэхдээ үүнээс өмнө нь хийгээгүй олон ажлын нийлбэр гэдгийг ойлгох хэрэгтэй. Сovid-19 гарсантай холбоотойгоор аж ахуйн нэгж, бизнесүүдээ бодитой дэмжсэн бодлого хэрэгжүүлж чадаагүй. Өнгөрсөн онд буюу 2020 оны эхэнд хол хорио эрт тогтоосноор дотооддоо халдвар алдаагүй нь сайн хэрэг болсон. Харамсалтай нь, бид богино хугацааны амжилтдаа ташуурч, байнга ийм байх юм шиг бодсон. Сovid-19 дотооддоо гарах нь цаг хугацааны асуудал байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг эрсдэлтэй орны нэг гээд сануулаад байхад бид тэрийг нь олигтой авч хэлэлцээгүй. Одоогоор бидний олон жил ад үзээд байгаа уул уурхайн салбар л аминд орохоор байна. Тийм болохоор хамгийн түрүүнд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг аль болохоор дэмжиж, хэвийн явуулах хэрэгтэй байна. Тэгснээр мөнгө, санхүү, валют орж ирнэ. Одоогийн байдлаар өөр дорвитой экспортлох бараа бүтээгдэхүүн байхгүй байна. Мөн түүнчлэн хилээ хаачихсан болохоор өөр бүтээгдэхүүн экспортлохоор байсан ч боломж нь байхгүй байна. Дараагийн ээлжинд ядахдаа бараа бүтээгдэхүүний чөлөөт урсгалд хилээ нээж өгөх хэрэгтэй. Монгол Улсад үйлдвэрлэж байгаа ямар ч бүтээгдэхүүний түүхий эд бүрэн дотоодоосоо хангагдсан байдаггүй юм. Энгийн жишээ л гэхэд даавуу. Ажлын хувцас оёход гаднаас даавуугаа худалдаж авна, тавилга хийхэд модоо гаднаас авна, сав баглаа боодол гээд маш олон жишээ байна. Хөдөө аж ахуйн салбараа жинхэн утгаар нь кластераар хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд үе шаттай татварын дэмжлэг, хөнгөлөлттэй урт хугацааны зээл хэрэгтэй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Р.РЕНЧИНДУЛАМ


"ӨНГӨ БУДАГ ГЭЭЧ ХҮЧТЭЙ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ ЧАДДАГ ЭД"

Урчуудын эвлэлийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан, зураач Б.Батжингийн "Sound of leaves" уран зургийн бие даасан үзэсгэлэн “Монгол арт” галерейд 10 хоногийн хугацаанд дэлгэгдэнэ.

Тэрбээр Дүрслэх урлагийн дээд сургуулийг уран зураач мэргэжлээр төгссөн бөгөөд 2010 оноос АНУ-ын Mиссури их сургуульд мэргэжил дээшлүүлэн суралцсан.

Залуу уран бүтээлч АНУ, Щвейцарь, Герман улсуудад бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдээ толилуулжээ. Монголын дүрслэх урлагийн залгамж халаа болсон тэрбээр орчин үеийн модерн, абстракт чиглэлийн бүтээлүүдээр уран бүтээл туурвиж, хөгжүүлэхийг зорьж яваа зураач билээ.

-Зураач хүний ур чадвар, арга барил үзэсгэлэнгээс үзэсгэлэнгийн хооронд ахиж, өөрчлөгдөж байдаг. Энэ удаагийн үзэсгэлэн нь уран зураг сонирхогчдыг ямар ертөнцөөр аялуулах нь сонин байна?

-Миний хувьд энэ удаагийн үзэсгэлэн маань эх орондоо гаргаж буй тав дахь үзэсгэлэн. Энэ удаагийн үзэсгэлэнгээрээ аль болох шинэлэг уран бүтээл хийхийг эрмэлзэж, тэмүүлсэн гэх үү дээ. “Монгол арт” галерейд өчигдөрхөн /2021.01.19/ үүдээ нээсэн шинэ үзэсгэлэнд абстрак, модерн чиглэлээр зурсан, орчин үеийн хийсвэр сэтгэлгээний 20 гаруй бүтээл багтсан байгаа. Хийсвэр сэтгэлгээний буюу абстракт уран зургууд нь хэзээ ч дахин давтаж хийх боломжгүй цор ганц бүтээлүүд байдаг. Яагаад гэвэл тэндээс маш олон санаандгүй өнгөний уусалт, хэлбэр дүрс, техникүүд гардаг. Тиймээс зохиомжууддаа өнгөний зузаан нимгэн, хатуу зөөлөн гэсэн маш олон арга техник ажиллагаануудыг харуулахыг хичээж шинэ шинэчлэлийг ч туршиж үзсэн. Эдгээр уран бүтээл маань 2020 оны хийсэн ажлууд гэж ойлгож болно.

-Таны уран бүтээлүүдэд тод өнгө “ноёлсон” байдаг?

-Өнгө будаг гээч өөрийн гэсэн утга санааг илэрхийлж, маш хүчтэй мэдрэмжийг төрүүлж чаддаг эд. Би өмнө нь ихэвчлэн тод өнгөөр  “тоглодог” байсан. Харин энэ удаа зөөлөн завсрын өнгө давамгайлж байгаа. Өөрийн мэдэлгүй өөрчлөгдөж байгаа юм болов уу.

-Өмнө нь АНУ, Германд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан гэж дуулсан. Хилийн чанадад бие даасан хэчнээн үзэсгэлэн гаргасан бэ?

-Би Америк, Герман, Швейцарь, Монголд нийт 10 орчим үзэсгэлэн гаргасан. Миний хувьд АНУ-д суралцаж, ажиллаж байх хугацаандаа дөрвөн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Өнгөрөгч 2019 онд Германд нэг, Монголдоо тав дахь үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
А.ЦЭЭСҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж