У.Хүрэлсүхийн засгаас Л.Оюун-Эрдэнийн танхимд хэн үлдэж, хэн явах вэ?

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн засгаас Л.Оюун-Эрдэнийн танхимд хэн үлдэж, хэн явах вэ?

У.Хүрэлсүхийн засгаас Л.Оюун-Эрдэнийн танхимд хэн үлдэж, хэн явах вэ?

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхийг МАН-ын Бага хурлаар дэмжсэн. Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ Бага хуралдаа танхимын сайд нараа танилцуулсан бөгөөд өмнөх огцорсон Засгийн газрын сайдуудын дийлэнх нь өөрчлөгдөхгүй гэх мэдээлэл байна.

ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ САЙДУУДЫН НЭРС
Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэн

Саннийн сайд Ч.Хүрэлбаатар

ХНХ-ын сайд А.Ариунзаяа

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван

Барилга, хот байгуулалтын сайд- Б.Мөнхбаатар

Зам, тээврийн сайд- Л.Халтар

Эрчим хүчний сайд- Н.Тавинбэх нарыг өөрчлөхгүй гэсэн  байр суурьтай байгаа аж.

Харин  БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ЗГХЭГ-ын даргад сэм горилж байгаа сурагтай.  Гэхдээ  иргэд түүнийг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа цар тахлын үеийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, дараагийн сайдыгаа байнга эсэргүүцэж ирсэн хэмээн буруутгаж, хариуцлага хүлээх сайд нарын нэг гэж тодотгож буй. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн сайд нараас хариуцлага тооцох хүн бол Д.Сарангэрэл гэж олон нийтийн сүлжээнд цоллогдож байгаа юм.

ӨӨРЧЛӨГДӨХ САЙДУУДЫН НЭРС

Эрүүл мэнд, БСШУ, Уул уурхай, хүнд үйлдвэр, Соёлын сайдыг өөрчлөх нь тодорхой болсон гэх. Гэхдээ Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар томилоход Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ багагүй дэмжсэн гэдэг. Тиймээс танхимдаа Т.Мөнхсайханыг үлдээж магадгүй гэсэн мэдээлэл ч байна. Учир нь, Эрүүл мэндийн салбарынхан Т.Мөнхсайханыг улираан ажиллах шаардлага тавьж жагсаал зохион байгуулсан.  Гэхдээ Т.Мөнхсайханыг огцрох өргөдлөө өгөхтэй зэрэгцээд Эрүүл мэндийн сайдаар очих  горилогчид сонирхлоо ил далдаар олон нийтийн сүлжээнд илэрхийлэх болсон. Тэдний нэг нь Ж.Чинбүрэн. Түүнийг Төрийн ордны 3 давхарын зүүн жигүүрээс балиашиглаж байгаа гэсэн хардлага олон нийтэд байна. Гэхдээ Ж.Чинбүрэн сайдад нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн ч экс гэргий С.Төгсдэлгэрийг Эрүүл мэндийн сайдад "түлхэж" буй бололтой. Өмнө нь эхнэрээ Эрүүл мэндийн яамны Дотоод хяналтын газрын даргаар томилуулахыг хүсч байсан гэх.

Мөн  Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонгийн нэр яригдаж буй. УИХ-ын гишүүн П.Анужинг нэрлэх хүмүүс байна. Гэвч, П.Анужин, Ж.Цолмон нар цар тахлын үед салбарыг толгойлж чадна гэдэгт иргэд эргэлзэж байна.

Цар тахлын энэ үед хурдан шуурхай, маневартай ажиллах хүнийг Эрүүл мэндийн сайдаар томилохгүй бол ахиад л алдаа, эндэгдэл гаргах эрсдэлтэй юм.

ДАВХАР ДЭЭЛ ӨМСӨХ УИХ-ЫН ГИШҮҮН ХЭН БЭ?

У.Хүрэлсүхийн танхим Ерөнхий сайдаас гадна 4 давхар дээлтэй сайдтай байсан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд  Х.Нямбаатар нар.  Тэгвэл У.Хүрэлсүх сул гишүүн болж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад нэр дэвшсэн.  Л.Оюун-Эрдэнэ өмнөх давхар дээлтэй сайдуудаа өөрчлөхгүй гэвэл  МАН-ын бүлгийн бусад гишүүдээс нэг хүн давхар дээл нөмрөх "квот"-той болсон гэсэн үг.  МАН-ын дарга нарын зүгээс анх удаа нэр дэвшиж, гишүүн болсон хүмүүс давхар дээл өмсгөхгүй  гэсэн байр суурьтай байгаа аж.

УИХ дахь МАН-ын бүлэгт Ж.Мөнхбатаас эхлээд давхар дээл нөмрөх сонирхолтой олон удаа сонгогдсон цөөнгүй гишүүн бий.   Сүүлийн үед Ж.Мөнхбат намын дарга У.Хүрэлсүхийн "бөөрөнд очиж" наалдсан.  Тэрбээр өмнө нь хашиж байсан ЗГХЭГ-ын даргад горилж буй гэх яриа ч Тусгаар тогтнолын ордноос сонсогдож буй.

ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН ХӨЛ ИХТЭЙ БАЙНА

У.Хүрэлсүх засгаа огцруулсан  Пүрэв гаригийн үдэш Тусгаар тогтнолын ойр, орчмын автомашины зогсоол дүүрсэн байна.  Хуучин засагт Шадар сайдаар ажиллаж байсан Я.Содбаатарын оронд очих хүний тоонд Ж.Энхбаяр, С.Амарсайхан нар нэрлэгдэж буй. Гэхдээ С.Амарсайхан "шинэ" гишүүн. Тэгэхээр С.Амарсайхан Шадар сайд болох магадлал бага гэсэн үг. Харин Соёлын сайд С.Чулууныг "авч хаях" нь тодорхой болсон бололтой. Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнийн "танилцуулга"-д түүний нэр байгаагүй аж.  Тэрбээр Ерөнхийлөгчийн "квот"-оор засагт орж ирсэн гэж яригддаг.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАГААД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХҮЛЭЭЖ АВААГҮЙ ВЭ

Шинэ Үндсэн хуулиар шинэ Ерөнхий сайд танхимаа Ерөнхийлөгчид эхлээд танилцуулна. Дараа нь УИХ-д танилцуулна. Ерөнхийлөгчтэй зөвшилцөх шаардлагагүй болсон.  Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавьсан ч ирэх Даваа гариг хүртэл хойшлуулжээ.  Энэ нь Бямба, Ням гаригт шинэ сайдтай "тохироо" хийх гэсэн Ерөнхийлөгчийн тактик байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан МАН Ерөнхийлөгчтэй дайн зарласан. Мэдээж, Ерөнхийлөгч зүгээр суухгүй нь тодорхой. Шинэ засагт тэр юу тулгах бол!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж