Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” нэгдэл Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны банкны 12,5 сая долларын хөнгөлөлттэй зээлээр “Багануур” ХК-д техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх гэрээг оны өмнө үзэглэсэн. Энэхүү гэрээний дагуу нийлүүлэх 12 ширхэг техникээс эхний ээлжийн есөн техникийн түлхүүрийг өнөөдөр /2021.01.22/ гардуулан өгч, анхны ажилдаа гарлаа.
Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг илч гэрлээр тэтгэх үүрэг хүлээн ажилладаг “Багануур ХК-д жил бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байсан юм.
Өвлийн ид ачааллын үед 100 тонны даацтай зургаан хөрс тээвэрлэлтийн, 60 тонны даацтай нэг нүүрс тээвэрлэлтийн автосамосваль, хоёр бульдозероор техникийн шинэчлэл хийж буй нь цахилгаан станциудыг нүүрсээр найдвартай хангахад ихээхэн хувь нэмэр болох хөрөнгө оруулалт болсон тухай “Багануур” ХК-ний гүйцэтгэх захирал Э.Номинчулуун онцолж байв.
Техник шинэчлэл хийснээр ашиглалтын зардлыг 2,9 тэрбум төгрөгөөр бууруулж, технологийн хувьд уурхайн хүчин чадал 500 мян.тн-р нэмэгдэж, жилд 4,5 сая.тн нүүрс олборлох боломжтой болж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тоног төхөөрөмжүүдийг “Трансвест Монголиа” ХХК нийлүүлж байгаа бөгөөд үлдсэн 60 тоннын даацтай хоёр автосамосваль, 6.5 м/куб-ын шанагатай гидро эксковаторыг ирэх хоёрдугаар сард нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Холбоотой мэдээ