“Натур фрэйндли”-ийн ажилчдыг суллахаар болов

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

“Натур фрэйндли”-ийн ажилчдыг суллахаар болов

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн удирдлагыг хоёр эмэгтэй ажилтны хамтаар энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ. Тэгвэл өчигдөр Г.Түвшинжаргалыг цаашид гадуур байцаах боломжтой гэж прокурор үзэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд түүнийг батлан даалтад гаргах санал гаргажээ. Прокурорын энэхүү саналыг шүүгчид хүлээн авч, Г.Түвшинжаргалыг сулласан байна. Харин түүнтэй хамт сэжигтнээр татагдан хоригдож байсан “Натур фрэйндли” компанийн ажилтан Т.Энхцэцэг, Г.Буяндэлгэр нарыг прокурор цагдан сэргийлэх хугацааг  нь сунгаж, яллагдагчаар татах саналыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хүргүүлсэн юм. Улмаар Баянзүрх, Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр 11.00 цагт хуралдаж, дээрх хоёр эмэгтэйг хорихоос өөр арга сонгож, мөрдөн байцаалтыг үргэлжлүүл гэсэн шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл Т.Энхцэцэг, Г.Буяндэлгэр нарыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих прокурорын саналаас шүүх татгалзаж, таслан сэргийлэхээс өөр арга сонго гэсэн захирамжийг мөрдөн байцаагчид өгчээ. 11-12.40 цаг хүртэл үргэлжилсэн шүүх хуралд сэжигтнээр татагдсан Т.Энхцэцэг, Г.Буяндэлгэр нар хорих 461 дүгээр ангиас онлайнаар холбогдож оролцсон юм.

Эмэгтэйчүүдийг мөнгө угаасан хэрэгт буруутгаж байна

Г.Түвшинжаргал нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед Хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтнээр ажиллаж байжээ. Тухайн үед үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга ажлаасаа гарсан тул Г.Түвшинжаргалыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилсон байна. Үнэлгээний хороо нь Сайншанд орчимд байгаль орчны үнэлгээ хийхтэй холбоотой тендерийн ажлыг хариуцаж байжээ. Харин Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг тус компанийг дээрх газруудад үнэлгээ хийгээгүй, зөвхөн нэг талбайд буюу 3000 га газарт үнэлгээ хийж, улсаас таван тэрбум төгрөг шамшигдуулсан гэж үзэн дээрх эмэгтэйчүүдийг баривчилсан юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 148 буюу Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг 148.4-т зааснаар “…зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан” гэдгээр буруутгаж байна. Мөн Эрүүгийн хуулийн 166.1 дүгээр зүйлд зааснаар залилан мэхэлж олсон мөнгөө угаасан гэж үзэж буй юм.

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж