Өмгөөлөгчид асуудлаа хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгчид асуудлаа хэлэлцэж байна

Хууль зүйн үндэсний хүрээлэнд Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн асуудал зөвлөлдөх уулзалт боллоо. Хуульчдын холбоонд бүртгэлтэй нийт 5415 хуульчаас 1972 нь өмгөөллийн үйлчилгээгээрээ дагнан ажилладаг байна. Олон улсад шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын шүүх эрх мэдэл нь ижил түвшинд байдаг бол Монголд шүүгч, прокурор гуравдугаарт өмгөөлөгч гэсэн эрх мэдлийн дараалалтай нь хэрэг шийдвэрлэлд ч сөрөг нөлөөтэйг хуульчид ярилаа. Америк, Европын орны кино дээр гардаг шиг Монголын өмгөөлөгчид ч шүүхийн танхимд мэтгэлцэх зарчмаар ажиллах эрхтэй. Гэхдээ УИХ-аас баталсан хуулиуд нь хоорондоо зөрчилдөж, өмгөөлөгч тухайн хэрэгтэй холбоотой нотлох баримт, бичиг бүрдүүлэхээр төрийн байгууллагуудад ханддаг ч зарим нь хуулиар хязгаарлагдсан. Иймээс өмгөөлөгч хэрэгтэй холбоотой материалаа бүрэн гүйцэд бүрдүүлэх боломжгүй болдог тухай Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд тайлбарлалаа.

Нөгөө талдаа иргэн, аж ахуйн нэгжүүд нэг өмгөөлөгчид хандаж, хуулийн зөвлөгөө авч, хэргээ даатгадаг. Гэвч олон улсад хуульчдын нэгдсэн ферм, нөхөрлөл хандах иргэд, аж ахуйн нэгж олон аж. Монгол Улсад ч 2012 онд батлагдсан Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулиар өмгөөллийн фермүүд хязгаарлагдмал хувьцаат нөхөрлөл /ХХН/ нэр доор ажиллах эрх нь нээгджээ. Энэ нь хуульчид хоёр, гурваараа нэгдэж нөхөрлөл болон хуулийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон гэсэн үг. Иргэд ганц хүнээс хуулийн зөвлөгөө авах бус тал талын салбарын хуульчдыг тойруулаад хамтран ажиллах нь хэрэг шийдвэрлэлд, шүүх хурлын процессын үед ч олон давуу талтайг өмгөөлөгчид онцоллоо.

Өмгөөлөгчид хоёр, хоёроороо нийлж нөхөрлөл байгуулдаг ч үл ойлголцох, эргээд ашиг сонирхлын зөрчилдөөнтэй болох зэрэг асуудал сүүлийн үед олон гарах болжээ. Эсрэгээрээ гурав, дөрвөөрөө нэгдэж хуулийн үйлчилгээг тал бүрээс нь иргэн, аж ахуй нэгжид үзүүлж, зөвлөх хэлбэрээр амжилттай ажиллаж буй өмгөөлөгчид ч бас байна. Өмгөөллийн нөхөрлөлд голдуу гадны хөрөнгө оруулалтай компани, бизнесмэнүүд хандаж, хуулийн үйлчилгээ авахаар ханддаг гэлээ. Тэд нэг толгой буюу өмгөөлөгчөөс хоёр, гурав гэсэн олон толгой илүү хариуцлагатай, найдвартай ажиллана гэдгийг мэддэг аж.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж