Конор: Хабиб аваргын бүсээ гардаагүй учир би одоо ч аварга

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

Конор: Хабиб аваргын бүсээ гардаагүй учир би одоо ч аварга

Конор: Хабиб аваргын бүсээ гардаагүй учир би одоо ч аварга

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны UFC-257 өдөрлөг ирэх Ням гаригт АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулагдана. Энэ удаагийн тоотой өдөрлөгийн гол тулаанд Конор МакГрегор болон Дастин Пойрье нар тулалдах болно.

Тэгвэл бүтэн жилийн дараа октагоноо эргэн ирж буй Конор МакГрегор хэдхэн хоногийн өмнө ESPN сайтад ярилцлага өгчээ.


-Оройн мэнд хүргэе, Конор. Жилийн өмнө өдийд та Дональд Серронетэй тулалдах гээд хүлээж байлаа. Харин одоо Абу Дабид дараагийнхаа тулааныг хийх гээд сууж байна. 2020 он таны хувьд хэр өнгөрөв, олныг гайхуулсан гэнэтийн шийдвэрүүд цөөнгүй гаргалаа?

-2020 он миний хувьд гайхалтай жил болж өнгөрсөн. Гайхалтай тулааныг хийж, сайхан ялалт авсан. Уг нь сайхан эхлэлийг тавьсан шигээ үргэлжлүүлэхийг хүссэн ч миний төсөөлснөөр болоогүй ээ. Харин одоо дахин эргэн ирсэндээ баяртай байна. Энэ жил үнэхээр сайхан өнгөрөх байх гэж найдаж байна.

-Гурав, дөрөвдүгээр сараас эхлэн цар тахал дэлхий даяар эрчимтэй тархаж эхлэхэд та эх орондоо чамгүй тусламж, дэмжлэгийг үзүүлж байгаа харагдсан. Яагаад тийм зүйл хийх болов ?

-Энэ бол зүгээр л миний хийх ёстой, гүйцэтгэх ёстой үүрэг шиг санагдсан. Зүгээр харж байгаад улс орноо хүнд хэцүү байдалд оруулахыг хүсээгүй. Гэр бүл, найз нөхөд гээд намайг үргэлж дэмжиж тусалдаг хүмүүстээ хариуг нь барихыг хүссэн юм. Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа л биелүүлсэн гэх юм уу даа. Гэхдээ одоог хүртэл аюул арилаагүй бидний дэргэд байна. Хүнд хэцүү жил болно гэдгийг мэдэж байсан. Дэлхий даяар л зовлон амслаа. Харин одоо 2021 онд гайхалтай шоуг хүмүүст бэлэглэмээр байна.

 

-UFC хэсэг завсарлаад эргэн тавдугаар сард эргэн ирсэн. Тэр үед таныг Нэйт Диазтай тулааны арал дээр гурав дахь тулаанаа хийнэ гэх зэрэг олон яриа гарсан л даа. Энэ бүх яриаг сонсоход танд ямар байв ?

-Намайг эргэн ирж тулалдана гэх олон яриа гарсан л даа. Серронетэй тулалдсаны дараа Дана бид хоёр миний дараагийн тулааны талаар ярилцахад Данад ямар ч төлөвлөгөө байгаагүй. Уг нь би хагас дунд жинд Серронетэй тулалдсаныхаа дараа доод хөнгөн жинд тулаан хийх талаар бодож байсан юм. Учир нь хөнгөн жинд л надтай өрсөлдөөн үзүүлэх олон тулаанч байсан. Мөн би хөнгөн жинд сайн тулалдана гэдгээ мэдэрч байсан л даа. Нэйтийг ч доод жин рүү орж ирнэ гэдгийг сонсоод сэтгэл хөдөлж байсан шүү. Гэхдээ үнэндээ өнгөрсөн жил юу болсон, энэ жил юу болох талаар бодмооргүй байна. Зүгээр л 2020 онд юу хийж байсан түүнийгээ 2021 онд үргэлжлүүлмээр байна.

-Өнгөрсөн жилийн зургадугаар сард зохион байгуулагдсан Аманда Нюнесийн аваргаа хамгаалдаг UFC-250 өдөрлөгийн орой та онлайнаар зодог тайлж буйгаа мэдэгдсэн. Таниас дахин асууя. Яагаад тийм шийдвэр гаргасан юм бэ, дараа нь харамссан уу?

-Үнэнээ хэлэхэд зодог тайлах ямар ч бодолгүй байсан юм. Аль болох олон жил энэ салбарт хүч үзэхийг би хүсдэг. Өнгөрсөн жил би үнэхээр бэлтгэл сайтай, формтой байсан ч надад тулаан өгөхгүй байсан болохоор нь бухимдсан. Олон сая ам.долларын яриа хэлэлцээр явагдаж байсан ч бүтээгүй. Энэ л миний бухимдлыг төрүүлсэн. Гэхдээ өнгөрсөн бол өнгөрсөн. Харин одоо эргэн ирсэндээ баяртай байна. Ирээдүйдээ л анхаарлаа хандуулмаар байна.

-Одоо Дана Уайт та хоёрын харилцаа хэр байгаа вэ?

-Дана бид хоёр олон жил сайхан харилцаатай явж байгаа. Би Данаг зүгээр нэг тулаан зохион байгуулагчаас илүү хүн гэж үздэг. Бид хамтдаа олон гайхалтай зүйлсийг бүтээсэн. Магадгүй 2020 онд бие биенийгээ буруугаар ойлголцсон, санал зөрөх асуудлууд гарсан байх. Гэхдээ өнгөрсөн бүхэн өнгөрсөндөө үлдсэн. Би ч, Дана ч 2020 онд их зүйл хийж амжуулсан. Би шинээр бүхнийг эхлүүлсэн. Биднийг ирээдүйд олон гайхалтай зүйлс хүлээж байгаа гэж би бодож байна.

-Дастин Пойрье та хоёрын хоёр дахь тулаан анхандаа буяны, сайн үйлсийн үзүүлэх тулаан байх болно гэгдэж байсан. Яаж яваад UFC-257 өдөрлөгийн гол тулаан болж хувирав ?

-Анх би зүгээр л тулаан хийхийг хүссэн. Тэгээд Дастинтай тулалдахаар болоход UFC-ээс Абу Дабигийн тулаан арал дээр бид хоёрын тулааныг зохион байгуулж болох юм гэж мэдэгдсэн. Надад ч гэсэн Дастинтай Абу Дабид тулалдах санал таалагдсан. Дастин бол хөнгөн жингийн аварга байсан, сайн тулаанч. Эргэн ирэхдээ хөнгөн жинд, Дастин ч шиг тулаанчтай тулалдах болсондоо баяртай байна.

-Дастин та хоёрын анхны тулаан их хурдан, нэгдүгээр үед дууссан шүү дээ. Энэ удаагийн тулаан ямар онцлогтой явагдана гэж бодож байна ?

-Хоёр дахь удаагаа тулалдах гэж байгаа болохоор мэдээж анхныхаасаа тэс өөр байх болно. Бид хоёр хоёулаа илүү туршлагажиж, сайжирсан. Тэр унахгүй тулалдаад байвал би ч гэсэн унахгүй үргэлжлүүлээд л байх болно. Гэхдээ миний цохилтууд түүнийг эрт унагаана гэж би харж байна.

-Та Дастиныг 60 секундын дотор буулгаж авч чадах уу?

-Үнэнийг хэлэхэд магадгүй шүү. Би рекорд тогтоомоор байна. Гэхдээ миний унагах, тэрний унах чинь өөр зүйл шүү дээ. Тэр унахгүй үргэлжлүүлээд байвал тулаан үргэлжлэх л болно. Гэхдээ сайхан тулаан болох байх. Дастин сайн тулаанч ч гэсэн би хоёр дахин агуу.

-Энэ тулаан их онцлогтой болох нь л дээ. Та өрсөлдөгчөө өдөөн хатгах ямар ч үг, үйлдэл гаргахгүй тэр ч бүү хэл Дастины буяны санд мөнгө хандивлаж байгаа гэж сонссон. Би саяхан Аль Яквинтатай ярилцахад Дастиныг энэ тулаанд аль хэдийнэ ялагдчихсан гэсэн. Зүгээр Конороос мөнгө авч байгаа болохоор Абу Дабид худлаа тулаан зохион байгуулж байгаа гэж сонссон?

-Би Аль Яквинтатай тулалдмаар байна. Яагаад гэдгээ мэдэхгүй. Зүгээр л тулалдмаар байна. Түүний ярьж байгаа зүйлсийг сонсоход тэр бол зүгээр хөгжилтэй залуу. Үл хөдлөхийн зуучлагч хийдэг инээдтэй залуу. Түүнийг Лонго гэх багтай гэж сонссон. Гэхдээ надад хамаагүй л дээ. Би зүгээр л түүнтэй тулалдмаар байна. Багийнх нь хүмүүстэй ч тулалдмаар байна. Миний хувьд ялж, ялагдах нь ямар ч хамаагүй ээ. Хэд ч ялж, хэд ч ялагдаж болно. Надад бол хамаагүй. Бүх зүйл түүх болж үлдэнэ. Тулаан бол тулаан. Дастин бид хоёр хоёулаа аав. Тэр холимог тулааны төлөөх буяны сан байгуулсан. Энэ сангаараа дамжуулж залуу тулаанчид болон багш, дасгалжуулагч нарт тусалдаг. Багш, дасгалжуулагч нар яг л сайн дурын ажилтнууд шиг байдаг. Тэд чинь гэр бүл, үр хүүхэдтэй шүү дээ. Тэднийгээ тэжээх хэрэгтэй. Тийм учраас л би Дастины санд хандив өргөсөн юм.

-Та үнэхээр сайн үйлсийн аянд идэвхитэй оролцжээ. Өнгөрсөн жил Ирланд улсдаа дэмжлэг үзүүлсэн, энэ удаад буяны санд хандив өргөсөн байна. Одоо харин эргэн тулааны талаарх яриандаа оръё. Хабибтай хийсэн тулаанаасаа хойш хэр их өөрчлөгдөв ?

-Хабибд ялагдсан явдал бол миний амьдралын хамгийн том өөрчлөлтийн эхлэл байсан. Би тэндээс л эхлэж өөрчлөгдөх ёстой гэдгээ ухаарсан. Ялагдлаасаа үнэхээр их ичсэн учир өөртөө илүү хурдан, илүү хүчтэй байна гэж андгайлсан. Бүх зүйл дээрээ бүрэн төвлөрсөн байхад юм бүхэн амархан санагддаг. Хэцүү зүйлүүд чинь амархан санагдаж эхэлнэ. Би яг одоо бүрэн төвлөрсөн байна.

-Хабиб саяхан гэнэт зодог тайлах шийдвэрээ гаргалаа. Энэ нь таныг баярлуулсан уу, эсвэл гонсойлгосон уу?

-Би баярлаа ч үгүй, гонсойгоо ч үгүй. Түүнтэй, түүнгүй аваргын бүсний төлөөх тулаанаа хийх л болно. Болох ёстой зүйл болдгоороо л болно шүү дээ.

-Эзэн нь зодог тайлчихсан аваргын бүс байна. Дастин та хоёрын тулаан аваргын бүсний төлөө баймаар юм. Гэвч яагаад ийм зүйл болсонгүй вэ?

-Хэн мэдэх вэ дээ. Би чинь дунд жингийн аваргын бүсээ хамгаалах тулаан хийлгүй алдсан шүү дээ. Уг нь би тэр үед хоёр дахь бүсээ Нью-Йорк хотод зохион байгуулагдсан UFC-205 өдөрлөгөөс дөнгөж аваад байсан. Магадгүй холбоо аавынх нь үхэлтэй холбогдуулан Хабибд бодох хугацаа өгч байгаа байх. Би лав энэ жил идэвхитэй байх болно. Би одоо ч аварга хэвээрээ. Хөнгөн жингийн аваргын бүсийг эзэн нь зүүгээгүй хэвээр байгааг чи мэдэх үү. 2018 оны аравдугаар сард Хабиб торноос зугтааж, би тэрний ах дүү нартай торон дотор зодолдож үлдсэнийг санаж байна уу. Тулааны дараа аваргын бүсийг гардуулах ёслол болоогүй. Тэгэхээр би одоо ч аварга. Цаг хугацаа өнгөрөх тусам үүнийгээ тулаанаараа нотлох болно. Шилдгүүд үргэлж дээр нь тунаж, дэлхий үүнийг анзаардаг юм.

-Хабиб дахин тантай тулалдана гэж бодож байна уу?

-Тэр надтай тулалдахаас айдаг гэж би бодож байна. Үнэхээр харамсалтай ч гэсэн би түүнийг буруутгахгүй ээ. Би тэр үдэш Хабибын хамгийн сайн хувилбартай нь тулалдсан бол Хабиб миний хамгийн муу хувилбартай тулалдсан. Тэр ч үүнийг мэднэ, би ч үүнийг мэднэ. Түүний баг ч мэдэж байгаа. Надад Хабибыг устгах хариу байгаа. Тэр хүмүүсийг удаан хугацаанд хуурч ирсэн. Хэрэв тэр зодог тайлсан бол би түүнд сайн сайхныг хүснэ. Гэхдээ оргилд нь гарсан учир би байгаагаараа л байна. Цаг хугацаа харуулна даа.

-Тэгэхээр Хабибыг тантай тулалдахыг хүсэхгүй байгаа учраас зодог тайлсан гэж та бодож байна уу?

-Тийм. Би түүнийг жинхэнэ тулаанч гэж бодохгүй байна. Хабибд түүхэн дэх хамгийн гайхалтай тулаануудын нэгийг хийх боломж байхад зүгээр л орхиод явна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Магадгүй гэр бүлийн асуудал байгаа л байх. Түүнд сайн сайхныг л хүсье.

-Дана Уайт саяхан Хабиб эргэн ирэх талаар ярьсан л даа. Хэрэв Хабиб эргэн ирвэл та түүнтэй энэ ондоо багтаан тулалдах сонирхол байна уу?

-Би бэлэн байна. Түүнтэй тулалдмаар байна. Хабибыг энэ талаар юу гэж хэлэх бол гэж бодож байна. Тэр хүмүүсийн нүднээс олон жил зугтлаа. Дана бол Хабибыг эргэн авчирч чадах л хүн. Энэ спортоос удаан хугацаанд хөндийрч чадахгүй ээ. Хабибын энэ спортод хийсэн зүйлсийг бодоод үз. Түүний хувьд цаг яваад эхэлчихсэн. Юу болохыг харж л байя.

-Дана Уайт та хоёрт "The Ultimate Fighter" шоуны дасгалжуулагчдаар ажиллах санал тавьсан гэж үнэн үү?

-Дана надад тиймэрхүү зүйлс хэлсэн шүү. Надад бол дасгалжуулагчаар ажиллахад асуудал байхгүй. Дасгалжуулагчаар ажиллана гэхээр миний сонирхлыг татаж байна. Удахгүй "The Ultimate Fighter" шоу эхлэх байх. Намайг дасгалжуулагчийн өнцгөөс өөр талаас нь хүмүүст харуулах байх. Хабибд ч гэсэн дасгалжуулагчаар ажиллахад асуудал байхгүй гэж бодож байна. Юу болохыг харж л байя.

-Ирэх Ням гаригийн тулаан таны санаснаар болвол цаашдаа төлөвлөсөн ажил байгаа биз. Та 2019 онд Москвад хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр 2020 онд дор хаяж гурван тулаан хийнэ гэж ярьж байсан. Харамсалтай нь тийм зүйл болоогүй. Гэхдээ энэ удаад цаашдын төлөвлөгөөгөө гаргасан уу?

-Дахиж худлаа амлалт өгөхгүйн тулд товчхон хэлье. Дахиад тулаанууд төлөвлөсөн байгаа. Ингэж л хэлье. Давгүй тулаанууд төлөвлөчихсөн байгаа. Энэ жил өөрийгөө завгүй байх болно гэж бодоод л байна. Тийм байна гэж найдаж байгаа шүү.

-Дор хаяж гурван тулаан байгаа юу?

-Тиймээ 3-4 тулаан байгаа.

-Мэнни Пакьяотой энэ жил тулалдах уу. Ер нь түүнтэй боксын рингэн дээр тулалдах магадлал хэр их байгаа вэ?

-Энэ жил Пакьяотой тулалдах магадлал өндөр байгаа гэж бодож байна. Магадгүй оны сүүлээр байх. Би ч гэсэн боксын дэлхийн аварга гэсэн бүсний эзэн болохыг хүсч байна.

-Дараагийн тулааны төлөвлөгөөгөө гаргасан уу, хэзээ вэ?

-Одоохондоо шийдэлд хүрсэн зүйл алга. Ням гаригийн тулааны дараа юу болохыг харцгаая.

-Хэнтэй тулалдмаар байна?

-Хэн ч байсан надад хамаагүй ээ. Надтай тулалдах хэмжээний хэнтэй ч тулалдах болно. Ямар ч спортын хэн ч байсан хамаагүй.

-Таныг уухаа больж, биедээ их анхаарч байгаа гэж сонссон ?

-Би үргэлж урьдын адил залуу байхгүй шүү дээ. Өөрийнхөө нэрийн вискиг их уудаг байсан ч одоо больсон. Тулааны өмнө бэлтгэл хийж байсан ч хэмжээгүй уудаг байлаа. Сайн зүйл биш л дээ. Серронетэй тулалдахаас өмнө өөртөө зориулж шинэ төлөвлөгөө гаргасан. Бүхий л архи согтууруулах ундаагаа хязгаарлаж, бэлтгэлдээ өөрийгөө зориулсан. Харин сая зул сарын баяраар багахан амссан шүү. Бүр хэдхэн дуслыг амссан. Өөрийгөө яаж өөрчлөгдсөнийг харах сайхан байна. Өглөө найман цагт босоод Ирланд кофегоо уудаг болсон. Тулааныхаа дараа ч ялалтын оргилуун дарс биш Америк маягийг шарвин идэж, Ирланд кофегоо уух төлөвлөгөөтэй байна.

-Арабын Нэгдсэн Эмират таныг хэрхэн хүлээж авав. Хабибын фэнүүд их байдаг шүү дээ?

-Миний Хабибтай үүсгэсэн асуудал зөвхөн бид хоёрын дунд л байдаг гэж бодож байна. Түүнээс биш бид хоёрын дунд өөр хүн орж, шаардлагагүй зүйл хийхгүй байх. Энд надад хүмүүс маш сайн хандаж байгаа. Эндхийн хүмүүс үнэхээр гайхалтай, зочломтгой. Энэ бүс нутагт би анхныхаа тулааныг хийх гэж байгаа юм биш. Өмнө нь Йордан улсын нийслэл Амман хотод тэмцээнд орж байлаа. Эргэж ирэх сайхан байна. Дубайд ирсэндээ баяртай байна. Абу Дабид очиж, соёлоос нь таашаал авч, аяллаа мартагдашгүй болгоно гэхээс тэсэн ядан хүлээж байна.

-Таныг 2000 хүний суудалтай жижиг цэнгэлдэхэд тулалдана гэж сонссон. Хоосон цэнгэлдэхэд тулалдана гэхээр ямар санагдаж байна ?

-Бараг л галзуурах гэж байна шүү. Октагон руу гарах гээд алхахаар цэнгэлдэхэд хүнгүй, чимээ шуугиангүй байна гэхээр нэг л толгойд буухгүй байна. Гэхдээ өөрийгөө сонсч, дэлхий даяар телевиз, онлайнаар шууд дамжуулалтаар өөрийнхөө хүч чадлыг мэдрүүлнэ гэхээр сайхан байна.

-Хэдэн хүн ирэх Ням гаригийн тулааныг үзэх вэ. Танд тоог нь хэлсэн үү?

-1.8-2.0 сая хүн pay-per-view маягаар үзнэ гэсэн. Хүн бүрт сайхан шоу, тулааныг үзүүлнэ гэж найдаж байна.

-1.8 сая хүн үзнэ гэхээр та эндээс хэдийг олж байгаа вэ?

-Ямар ч байсан намайг гомдоохооргүй мөнгө өгч байгаа. Тун дажгүй оронтой мөнгө олно.

-Сүүлийн тулаанаас 80 сая ам.доллар олсон гэсэн. Энэ хавьцаа юу?

-Тиймээ тэр хавьцаа олж байгаа. Илүү ч байж магадгүй. Авч байгаа мөнгөн дүндээ би сэтгэл хангалуун байгаа.

-Саяхан таны хэрхэн өөрчлөгдсөн талаарх баримтат киног үзлээ. Удахгүй гуравдахь хүүхдээ өлгийдөн авах болсонд баяр хүргэе. Та ер нь ойр дотны хүмүүсээсээ суралцаж, эргээд тэдэндээ нөлөөлж чадаж байна уу?

-Гэр бүл маань намайг хурцалж, эргэн хөл дээрээ босоход тусалсан. Би үргэлж гэр бүл, баг хамт олноороо хүрээллүүлж, намайг дэмждэг хүмүүсийн итгэлийг алдахгүй байхыг хичээдэг. Олны анхаарлын төвд байх заримдаа ярвигтай. Би аль болох сөрөг комментуудад бус эерэг комментуудад ач холбогдол өгөхийг хүсдэг. Амьдрал бол хичээл гэж би боддог. Амьдралаас сурсан хичээл бүхэн маань намайг өдий зэрэгт хүргэлээ. Үүндээ талархдаг.

-Саяхан хүүтэйгээ бэлтгэл хийж байгаа зургийг тань үзлээ. Ер нь та хүүгээ өөр шигээ тулаанч болгох хүсэл бий юу?

-Хэрэв хүү маань тулаанч болохыг хүсвэл түүнд авъяас бий. Тэр хүчтэй цохьдог, хөл нь дээшээ өндөр гардаг. Миний барилдааны багш Сергейн хүү Алберт бөхөд авъяастай. Гэтэл хүү маань Алберт болон үеийн хүүхдүүдээ бүгдийг нь дийлдэг. Түүнд энэ нь сайхан байдаг шиг ээ. Хэрэв тэр миний замнасан замаараа явахыг хүсвэл би түүнийг бүрэн дэмжих болно. Ер нь хүү, охин хоёроо ч, удахгүй төрөх хүүхдээ ч хүссэн замналаар нь явуулахыг хүсдэг.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа, Конор. Ирэх тулаанд тань амжилт хүсье.

-Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж