У.Хүрэлсүхийн "УЛС ТӨРИЙН ДИСКО"

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн "УЛС ТӨРИЙН ДИСКО"

У.Хүрэлсүхийн "УЛС ТӨРИЙН ДИСКО"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх парламентын сул гишүүн боллоо. Гэхдээ 61 суудалтай эрх баригч намын тамгатайгаа үлдэв. Ерөнхий сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч энэ өдрөөс улс төрийн жинхэнэ тоглолтоо эхлүүлж буйгаа У.Хүрэлсүх чуулганы индэр “ашиглан” мэдэгдсэн нь ард түмэнд гэхээсээ Үндэсний Аюулгүй байдлын  зөвлөлийн даргад хаягласан үг байв.

Нийтдээ 1205 хоног Монголын гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилласан тэрбээр гурван хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөхдөө хариуцлагагүй, хүнлэг бус үйлдэл гаргасан явдалд уучлалт гуйгаад танхимаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах гэнэтийн шийдвэр гаргасан нь  улс төрийн хүрээнд шок үүсгээд зогсохгүй одоо ч зарим хүн “пять нойлдуулсан” пааникаасаа салаагүй байгаа биз.

Түүний хүсч байсанчлан зураг нь хананд, шийдвэр нь түүхэнд үлдэх үйл явдал энэ мөн. Үндсэн хуулиар олгогдсон үнэмлэхүй эрх мэдэлтэй анхны Гүйцэтгэх засаглалын тэргүүн, АТГ-ыг атгасан Ерөнхий сайдын суудлаасаа татгалзсан У.Хүрэлсүхийг АН-ынхан нулимсаа тэвчиж, эсрэгээрээ Ардын намынхан баяр хөөртэйгөөр үдэв. Бас л түүхэнд үлдэх  сонирхолтой дүр зураг.

Х.БАТТУЛГЫН ЗҮҮДЭНД Ч ОРООГҮЙ ЯВДАЛ

У.Хүрэлсүхийн улс төрийн дисконы "урилгатай" ганц зочин нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн улс төрийн шийдвэрт хамгийн их цочирдсон хийгээд хямарсан хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга байлаа. Ядаж зам салж буйгаа Жамух шиг “Ууланд шахан бууя, адуучинд гэр болтугай. Голд шахан бууя, хоньчин хургачин нарт хоол болтугай” гэх битүү, далд утгаар илэрхийлсэнгүй.

Шуудхан улс төрийн рингэн дээр дуудсан У.Хүрэлсүхийн үг нь “Миний итгэж, найдаж, хамтарч явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар илэрхийлсэн жагсаалыг улстөржүүлсэн. Цаашид гудамж, талбайн жагсаалыг зохион байгуулалттай хийж, Засгийн газрын тогтворгүй байдлыг бий болгож, ард түмнийг өдөөн турхирахыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байна”.

Энэ явдал Х.Баттулгын зүүдэнд ч ороогүй биз. Ямар сайндаа “Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн  Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санаагүй” гэж үнэнээ өчихөв.

Улстөрчийн хувьд У.Хүрэлсүх “алтан тактик” ашиглаж, Х.Баттулга өвдөг шороодлоо.

Үнэндээ, өнөөдрийн улс төрд Х.Баттулга шиг барьц алдсан, бажигдсан, ганцаардсан улстөрч алга. Ёстой нам ч үгүй, мам ч үгүй, найзгүй үлдэж байна.  Эсрэгээрээ У.Хүрэлсүх намын тамгатай, найз нөхөдтэйгөө үлдэв.

Эвэр ургуулсан намаа мөргөж, “тэжээсэн нам нь тэрэг эвдэж” Х.Баттулгын барцадтай өдрүүд  ийнхүү эхлэж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВЬ ЗАЯА МАН-ЫН ГАРТ ОЧИВ

Хэрэвзээ Х.Нямбаатарын хэлсэнчлэн “Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял оноохыг асуудаг байсан” нь үнэн бол Х.Баттулгын үйлийн үрээ эдлэж байна гэсэн үг. Товчхонлдоо, М.Энхсайхан, С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ж.Эрдэнэбат нарыг улс төрийн хилс хэргээр яллах даалгаврыг Х.Баттулга өгч байсан гэх олны хардлагыг хуулийн сайд нь өөрийн амаар баталлаа.

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ч өчигдрийн мэдэгдэлдээ  “АТГ нэг хүнээс хараат бус байх, хэн нэгэн дуудаж ял өгдөг, гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж болохгүй” гэсэн билээ.

Бусдыг хилсээр яллаж, гэмгүй хүмүүст ял өгсөн нь батлагдвал Х.Баттулгад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх нь байтугай хууль, шүүхийн өмнө дуудах ёстой юм.

У.Хүрэлсүхийн байр суурь, УИХ-ын чуулганы хуралдаанд суусан гишүүдийн хэлсэн үгнээс харахад Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхийг удахгүй УИХ-д МАН оруулж ирэх нь нэн ойлгомжтой болжээ. Энэ тохиолдолд 61 суудалтай МАН-ын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэл үзүүлэх нь юу л бол.

У.ХҮРЭЛСҮХИЙН ШАГ МАД!

Үүрдийн нөхөр, үүрдийн дайсан үгүй. Бурхан чөтгөр хоёр нь эрх ашиг нь нэгдвэл нийлнэ, зөрчилдвөл сална.

У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын эрх ашиг жамаараа салах нь цаг хугацааны асуудал байсан. Харин түрүүлж шаг мад тавьсан нь, өнөөдрийн ялагч нь У.Хүрэлсүх боллоо.

Ерөнхийлөгчийн хавхнаас намаа салгах нь У.Хүрэлсүх аль эртний төлөвлөгөө байсан болов уу. Учир нь, "өндрөөс буух" түүний тактикийг нь харвал, УИХ-ын сонгуулиар ЖДҮчин, 60 тэрбумынхныг нэр дэвшүүлэхгүй гэж зарласан  нь нэг талаар намдаа ялалт авчрах, нөгөө талаасаа Х.Баттулгын барьцаанаас парламентыг гаргах гэсэн “нэг сумаар хоёр туулай буудах” зорилготой байж мэдэхээр.

ЖДҮ, 60 тэрбумын асуудлаараа өнгөрсөн парламент Ерөнхийлөгчийн хавханд орсон. Барьцаанд орсон парламентаар Х.Баттулга хүссэн шийдвэрээ гаргуулдаг байлаа.  Тэтгэврийн зээлийг тэглүүлж, “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад шилжүүлж, ҮАБЗ-ийн дагуу хууль, шүүхийн удирдлагуудыг сольж, бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн. Үүний дараа Монгол Улс улс төрийн 14 хоригдолтой болсон юм.

Х.Баттулгын хууль, шүүхийн эрх мэдлийг хязгаарлахгүйгээр С.Баяр, С.Баярцогт, М.Энхсайхан нарын хувь заяаг давтахаа У.Хүрэлсүхийн намынхан ухаарсан ч байх.  

Тэгэхээр өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүх Х.Баттулгын утсан хүүхэлдүй биш Х.Баттулга У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй явж.  Х.Баттулгын гараар Ардчилсан намыг арчуулж, өрсөлдөгчдөө "шоронд хориулж", УИХ-ын сонгуульд ялж, У.Хүрэлсүх улс төрд хөнгөн жингийн тамирчин биш болохоо харуулав. Харин Х.Баттулга МАН-ын могойд барьсан мод болон үлдлээ.

МАН-ын үнэмлэхүй олонхиос бүрдсэн шинэ парламент Үндсэн хуулийн шинэчлэлийн хүрээнд хууль эрх зүйн реформ эхлүүлсний нэг нь Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилохоор болгосон явдал.

Үүнээс гадна өнгөрөгч долоо хоногт УИХ-аас шинэчлэн баталсан Шүүхийн тухай хуульд Ерөнхийлөгч ШЕЗ болон шинээр байгуулагдах Сахилгын хорооны гишүүдийн томилгоонд оролцох боломжгүй болсон.

Үндсэндээ, Ерөнхийлөгчөөс “хонгил”-ын түлхүүрийг авсны дараа У.Хүрэлсүх удаан хүлээсэн улс төрийн өрөгөө нүүсэн нь “итгэж, найдаж, хамтарч явсан” Х.Баттулгадаа импичмент  үзүүлэхийг хүсч байна. Магадгүй Х.Баттулгыг байранд нь тавих ганц хүн У.Хүрэлсүх байж ч мэднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
25
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж