Энэ сарын эхээр Өмнөд Солонгосчуудыг сэрдхийлгэсэн нэгэн аймшигт хэрэг ил болсон нь асрамжийн газраас айлд үрчлэгдсэн нэг ой дөрвөн сартай Жон Ин Ян хэмээх охины эмгэнэлт үхэл байлаа. Жон Ин охин хойд эцэг эх болох Ан Мо, Ян Мо нарын гарт есөн сарын турш хүчирхийлүүлэн насанд хүрсэн хүний ч тэсч чадахааргүй асар ихээр өвдөж, шаналсаар эцэст нь өнгөрсөн оны аравдугаар сарын 13-нд өвчнөө даалгүй эмнэлэгт нас барсан билээ.
Болсон явдлыг нэгдүгээр сарын 2-нд SBS телевизийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багийнхны бэлдсэн “Хариултгүй асуултууд” нэвтрүүлгээр дамжуулан ард иргэд мэдсэн юм. Улмаар охины хойд эцэг эхийг баривчилж, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, цахим орчинд болон гудамжинд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн юм. зөвхөн солонгосчууд төдийгүй тус хэргийн талаар олж мэдсэн олон улсын ард иргэд цахим орчинд #정인아미안해 Жон Инаа уучлаарай тодотгол бүхий аян өрнүүлж эхэлсэн билээ.
Хэдхэн сарын өмнө EBS телевизээр “Энгийн нэгэн гэр бүл” хэмээх нэвтрүүлэг цацагдаж, олны хайрыг татаж байв. Тус нэвтрүүлэгт Ан Мо, Ян Мо хэмээх хос ойролцоо насны хоёр охинтойгоо хамт оролцож, Өмнөд Солонгосын нэгэн жаргалтай гэр бүлийн амьдралыг харуулжээ. Охидын нэг нь хосын өөрсдийн төрүүлсэн хүүхэд бол нөгөөх нь Жон Ин буюу асрамжийн газраас өргөж авсан бяцхан охин байв. Тэд нэвтрүүлгээрээ дамжуулж “Зөвхөн алдартай, баян хүмүүс төдийгүй энгийн амьдралтай гэр бүл ч гэсэн хүүхэд үрчилж аваад аз жаргалтай, сайхан амьдрах боломж байдгийг харуулахыг зорьсон” хэмээн тайлбарлаж байсан юм.
Ан Мо, Ян Мо нар 2020 оны эхээр асрамжийн газраас таван сартай бяцхан охин Жон Инийг өргөн авч, хамтдаа амьдарч эхэлсэн байна. Гэвч тэд өргөж авсан охиноо өөрсдийн охин шиг хайрлах нь бүү хэл удаа дараа хүчирхийлсээр, сүүлдээ хэрээс хэтэрч, амь насанд нь халдсан аж.
БЯЦХАН ОХИНЫ ТАМД ӨНГӨРҮҮЛСЭН ЕСӨН САР
Жон Ин охин асрамжийн газарт байхдаа хэдий эцэг, эхгүй ч эрүүл саруул, цовоо сэргэлэн, аз, жаргалтай, инээд дүүрэн сахиусан тэнгэр байлаа. Гэвч гэмгүй царайлсан аймшигт хүчирхийлэгчдийн гэрт очсоноос хойш дөнгөж эхэлж байсан түүний амьдрал там болон хувирчээ. Яагаад зовж байгаагаа, хэнээс тусламж гуйхаа мэдэхгүй, өөрийгөө илэрхийлэхээр хэмжээний үг хэлж ч чадахааргүй дэндүү бяцхан Жон Ин охин тэрхүү араатнуудын гэрт хэний ч тэсч чадахааргүй өвдөлт болон сэтгэл зүйн дарамтанд тарчилж байсныг хүмүүс дэндүү хожимдож мэдсэн нь эмгэнэлтэй.
Хэргийн талаар баттай эх сурвалжуудын мэдээлсэн нотолгооноос үзвэл хойд эцэг эх нь Жон Инийг дор хаяж 15 удаа машинд болон гэрт нь 30 минутаас 4 цагийн хугацаатай ганцааранг нь орхиж байжээ. Мөн тэдний амьдардаг байрны цахилгаан шатны камерийг шалгаж үзтэл 2020 оны наймдугаар сард охины хойд эх Жон Инийг цахилгаан шатанд тэрэгтэй нь авч явахдаа асар хүнлэг бус авир гаргаж байсан нь илчлэгджээ. Цахилгаан шатны хаалга нээгдмэгц Ян Мо охиныг тэрэгтэй нь маш хүчтэй түлхснээс болж тэрэг цахилгаан шатны ханыг чанга мөргөж, охины хүзүү толгой нь ихээр доргиж, хойд эх өөрийн төрсөн охиноо хурдан хөдөлж цахилаан шатанд суухыг шаардан загнах аж. Цахилгаан шат нэгдүгээр давхарт очиж хаалга онгойход Ян Мо дахин тэргийг хүчтэй түлхэх бөгөөд улмаар Жон Ин охин тэрэгтэйгээ хамт газарт онхолдон унажээ. Тухайн үед Өмнөд Солнгост цар тахал хүчтэй тархаж байсан бөгөөд бичлэг дээр Ян Мо ганцаараа масктай, хоёр хүүхдэдээ сэргийлэх ямар ч арга хэмжээ аваагүй харагдана.
Харамсалтэй нь энэ бол Жон Ин охины энгийн нэг өдөр байлаа. Зарим өдрүүд үүнээс ч долоон дор өнгөрчээ. Хойд эцэг, эх нь түүнийг удаа дараа хүчирхийлж, тэр ч байтугай хүнд бэртсэн байхад нь хүртэл зодож байжээ. Тухайлбал, 2020 оны зургадугаар сарын эхээр хойд эцэг Ан Мо охиныг хүчтэй цохин зүүн далыг нь хугалсан аж. Зүүн дал нь хугарснаас болж маш их өвдөж шаналж байх үед нь ч гэсэн Ан Мо охиныг удаа дараа хүчирхийлсээр байв. Жишээлбэл, тэрбээр охины живхийг сольж байхдаа гэмтсэн мөрөн дээр нь хүчтэй дарж, өвчнийг нь улам хүндрүүлж байсан баримт олдсон аж. Түүнээс гадна охин газарт хүчтэй савж унасны улмаас дагз нь цөмрөх зэрэг хүнд гэмтлүүд үүссэн байна. Эх сурвалжуудын баталснаар хойд эцэг, эх нь ууртай байхдаа охиныг төрөл бүрийн хүнлэг бус аргаар шийтгэдэг байжээ.
Жон Ин охин нас барахаасаа өмнөх хэд хоногт сэтгэл санааны гүн хямрал болон биеийн гэмтлээсээ болоод хоол идэж чадалгүй, арайхийн багахан хэмжээний сүү ууж байсан гэдэг. Мөн нас барахынхаа өмнөх өдөр ямар ч тамиргүй болсноос болоод ганц ч алхаж чадахгүй байжээ. Амьд байхад нь хийсэн шинжилгээгээр охины ходоод цоорсноос болоод тэрбээр юу ч идэж чадахгүй байсан нь тогтоогдсон аж. Мөн түүний хэвлий цоорсноос болж амьсгалах бүрт агаар гадагшилж, насанд хүрсэн хүний ч тэсвэрлэхээргүй ихээр өвдөж байсан нь батлагдсан байна. Охиныг сэхээн амьдруулах тасагт ирэхэд нь аврахын тулд гурван ч удаа оролдлого хийсэн ч бүтээгүй юм.
ХУДАЛЧ, ХҮЧИРХИЙЛЭГЧ, МАНИАК ХОС
Охины хойд эцэг, эх эхлээд цагдаа нарт “Жон Инийг өдөр өнжүүлэх төвд аваачихаар бэлдэж байхад охин буйдан дээрээс унаад гэмтсэн” хэмээн мэдүүлэг өгчээ. Удалгүй өгсөн мэдүүлэг нь худлаа болох нь батлагдахад тэд дахин мэдүүлэг өгөхдөө “Охиныг үгэнд орохгүй болохоор нь уурандаа өргөөд сэгсэрсэн, гэвч санаандгүй алдаад унагахад тэр ширээ мөргөөд гэмтчихсэн” хэмээн мэдүүлжээ. Гэвч гар дээрээс унаж ширээ мөргөхөд үхэлд хүргэх гэмтэл үүсэхгүй гэдгийг сэтгүүлчид туршилтаар нотолсон юм.
Охины үхлээс өмнө Ян Мо, Ан Мо нар гурван ч удаа хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдэж байжээ. Гэвч тэр бүрт нь цагдаагийн байгууллагаас дорвитой арга хэмжээ авалгүй өнгөрөөсөн гэнэ. Түүнчлэн хойд эцэг Ан Могийн гар утсан дээрээс Жон Инийг зодож буй 800 гаруй дүрс бичлэг олдсон аж.
ҮХЛИЙН ШАЛТГААН
Охины үхлийн шалтгаануудын нэг нь гадна нөлөөгөөр үүссэн нойр булчирхай болон гэдэсний цооролт хэмээн шүүх эмнэлэг задлан шинжилгээгээр тодорхойлжээ. Мэргэжлийн хүний мэдээлснээр гурван настай хүүхдэд энэ зэргийн гэмтэл учруулахад дор хаяж 3800-4200Н хүч шаардагдах аж. Үүнийг ойлгомжтой болгохын тулд эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг Жон Иний хойд эхтэй төстэй жинтэй эмэгтэй болон охины биетэй төстэй хэмжээтэй туршилтын хүүхэлдэй ашиглаж туршилт хийсэн байна.
Эхлээд Ян Могийн мэдүүлсэнчлэн туршилтын хүүхэлдэйг ширээ мөргүүлэн унагаж үзэхэд 720-1433Н хүч үйлчлжээ. Түүний дараа 3800-4200Н хүргэхийн тулд туршилтын хүүхэлдэйг янз бүрийн хүчээр цохиж үзсэн байна. Жишээлбэл, мэргэжлийн таеквондочноор хүчтэй өшиглүүлэхэд цохилтын хүч 2713Н, мэргэжлийн боксчин хамаг хүчээрээ цохиж хананд савахад 4387Н хүрчээ.
Цаашлаад Ян Мотой төстэй биетэй хэмээн сонгож авсан эмэгтэй туршилтыг үргэлжлүүлж, хүүхэлдэй дээр дэвсэхэд 1778Н, дээр нь гарч зогсоход 1927Н буюу Жон Инд гэмтэл учруулсан хүчнээс хэд дахин бага хүч хүрч байв. Эцэст нь туршилтад оролцогч эмэгтэй буйдан дээрээс үсрэн хоёр хөлөөрөө хүүхэлдэй дээр буухад Жон Инд гэмтэл учруулсантай ойролцоо буюу 3869Н хүч үйлчилжээ.
Хожим шүүх эмнэлгийн дүгнэлт гарахад ил болсон мэдээллүүдээс харахад тэр их өвдөлтийг тийм жаахан байж бүтэн есөн сарын турш тэссээр ирсэн нь бахархмаар, бас гайхмаар ч юм шиг. Тухайлбал, Жон Ин охины дунд чөмөг, баруун, зүүн талын хэд хэдэн хавирга хугарч, зүүн дал, дагз, баруун нүдний хажуугийн яс цөмөрч, няцарсан бөгөөд нарийн, будүүн гэдэс урагдаж, цоорсон байжээ.
АРД ТҮМНИЙ БУХИМДАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРСЭН НЬ
Болсон явдал олонд ил болсноос хойш ард иргэд өргөн хүрээтэй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, хүүхэд үрчилж авсан бүх гэр бүлүүдийг шалгах, үрчлэгдсэн хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхэд хамгаалах талаас хууль эрх зүйн орчноо сайжруулах, энэ төрлийн гэмт хэрэгтнүүдэд оноох ялыг хүндрүүлэх зэрэг арга хэмжээ авахыг шаардаж буй юм.
Мөн дээрх хэрэг ил болохын өмнөхөн Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн аймшигтай хүүхэд хүчирхийлэгч гэгдэх Чо Ду Сон үйлдсэн хэрэгтэйгээ харьцуулахад дэндүү бага буюу 12 жилийн ялаа эдлээд шоронгоос суллагдсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж, жагсаал, цуглаан хийхэд хүргээд байсан билээ.
ЭРХ БАРИГЧИД УУЧЛАЛ ГУЙСАН НЬ
Болсон явдлын талаар мэдээллүүд эрх баригчдын чихэнд хүрч, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин эмгэнэлт явдалд харамсаж буйгаа илэрхийлэн, цаашид ижил хэрэг давтагдахгүй байх тал дээр онцгой анхаарч, хууль эрхзүйн орчныг сайжруулахаа амласан байна. Мөн холбогдох хууль хяналтын байгууллагууд ч иргэдээс уучлал хүсч, цаашид иргэдийн гомдол, санал бүрийг нухацтай шалгаж байхаа мэдэгджээ.
Гэвч саяхан Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дахин мэдэгдэл хийхдээ хүүхэд үрчилж авсан эцэг эхчүүд хэрвээ хүүхэд нь таалагдахгүй бол өөр хүүхдээр сольж авч болно хэмээн хэлээд иргэдийн уурыг дахин хүргэсэн байна.
ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮД
Хэрэг явдал олонд нууц биш болсноос хойш маш олон хүмүүс хүүхдийн асрамжийн газрууд болон асрагчийн сургуульд мөнгө хандивлаж, сайн дурын ажилд оролцох болжээ. Зарим хүмүүс боломжоороо их, бага хэмжээний мөнгө хандивлаж байгаа бол зарим нь гутал, хувцас, ном, тоглоом зэргийг цуглуулж, үлдсэн нь хүүхдийн төлөөх сайн дурын ажилд оролцож байгаа гэнэ.
Мөн Сөүл хотын цагдаагийн газар хотын захиргаатай хамтран энэ сарын 20-нд хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээллийг шалгаж, урьдчилан сэргийлэх зорилготой тасаг нээж байгаагаа зарлажээ. Улмаар шинээр байгуулагдсан хүүхдийн эмч, хуульч, цагдаа зэрэг мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг бүх шатны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагыг хүлээн авч, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд өргөмөл хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулан ажиллах боломжтой болсон гэнэ.
Түүнчлэн шинэ ажлын хэсэг дараа сараас эхлэн өөрсдөө тусламж хүсэх чадваргүй болон вакцинд хамрагдаагүй өргөмөл хүүхдүүдийн гэр бүлүүдийг шалгаж, цаашид тогтмол хяналт тавин ажиллаж эхлэх гэнэ. Өдгөө Солонгосын цагдаагийн хэлтэс бүрт дунджаар 2-3 цагдаа хүчирхийллээс сэргийлэх асуудалд анхааран ажилладаг бөгөөд энэ сараас эхлэн дээрх тоог нэмж, хүүхдийн хүчирхийллэс сэргийлэх боловсон хүчний сургалтыг сайжруулахаар болжээ.
Мөн улсын цагдаагийн коммисар Ким Чан Рён энэ сарын 20-нд “Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой бүх дуудлага, хэрэгт цагдаагийн удирдлагууд өөрсдөө онцгой анхаарал хандуулан, чанга хяналт тавьж ажиллахаар боллоо” хэмээн мэдэгджээ. Түүний мэдээлснээр 13-аас доош насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн талаар бүх мэдээллийг тусгай багийнхан шалгаж, нотлох баримт хангалтгүй байхаас үл хамааран хоёроос дээш гомдол ирсэн, эсвэл эмчийн дүгнэлт тухайн хүүхдэд тусламж хэрэгтэй хэмээн гарсан тохиолдолд хүүхдийг улсын хамгаалалтад шилжүүлэн шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байхаар болжээ. Түүнээс гадна эрүүл мэндийн салбараас ч бас тусгай мэргэжилтнүүдийн баг бүрдүүлж, засгийн газартай хамтран хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг оройтоогүй дээр нь илрүүлэхээр ажиллахаа мэдэгдсэн байна.
Ёнгин хотод хүүхдийн хүчирхийллийг анзаарах, мэдээлэх, сэргийлэх мэдлэг олгохоор 860 өдөр өнжүүлэх төвийн 7752 багш, ажилчдыг хамарсан сургалтыг дараа сарын 25-наас эхлүүлэхээр болжээ. Мөн цаашид тус сургалтыг улам олон хотуудад зохион байгуулахаар төлөлөж байгаа гэнэ.
ХАНГАЛТГҮЙ ШИЙТГЭЛ
Жон Ин охины хойд эцэг, эхийг баривчлан шалгаж, шүүх хурал үргэлжилж байгаа билээ. Аймшигт хэрэгт буруутай этгээдүүдэд хүнд ял оноохыг ард иргэд шаардаж байгаа юм. Гэвч Ян Мо, Ан Мо нар Жон Инийг удаа дараа зодож, хүчирхийлсэн хэргээ хүлээж, гэм буруутай нь тогтоогдсон ч хүн амины хэрэгт холбогдуулж, яллахад нотлох баримт дутмаг байгаа гэнэ. Мөн хэрэгтнүүд сэтгэцийн өөрчлөлттэй гэх шалтгаанаар ноогдох ялын хэмжээ хөнгөрч магадгүй болоод байгаа аж.
Эх сурвалж: BBC YONHAP KOREABOO SCMP DAILYNAVER TELEGRAPH