"50.2 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон"

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

"50.2 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон"

"50.2 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон"

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан ажиллагсдын 40 хувь нь хөл хорионы үед ажил эрхлэхээ зогсоосон байжээ. Гэхдээ эдгээр ажил эрхлэхээ зогсоосон хүн амын 61 хувь нь хөл хорионы дараа ажилдаа эргэж орно гэж хариулсан нь хөл хорионоос шалтгаалан ажиллах хүч түр зуур зогсонги байдалд орсныг харуулж байна. Ажил эрхлэхээ зогсоосон гэж хариулсан хүмүүсийн эзлэх хувь үйлдвэрлэлийн салбарт хамгийн өндөр буюу 48 хувь, үйлчилгээний салбар 34 хувь, хөдөө аж ахуйн салбарт 32 хувь байна. Хөл хорио болон бүх нийтийн бэлэн байдлын үед цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн 30 орчим хувь нь ердийн үеийнх шигээ ажлаа хийх боломжгүй болсон ба тэдний тал нь цалингаа бүтнээр болон хэсэгчлэн авч байгаа аж. Тиймээс цар тахал гарснаас хойш ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо хэдээр нэмэгдсэн, ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөлийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын Ахлах мэргэжилтэн  С.Лхагвадоржоос  тодрууллаа.


Цар тахал гарснаас хойш ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо өссөн үү. Чухам хэдэн хүн, хэдэн төгрөгийн тэтгэмж аваад байна вэ?

-Ажилгүйдлийн даатгалын сангаас 2019 онд 23064  даатгуулагч нийт 43.5 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авч байсан бол 2020 онд 21374 даатгуулагчид 50.2 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгоод байна.  Эндээс харвал цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ажилгүйдлийн тэтгэмж авсан хүний тоо өссөн байдал харагдахгүй байна. Харин ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргаж буй иргэдийн тоо нэмэгдсэн.

-Ажилгүйдлийн тэтгэмж авахдаа ямар шаардлага хангах вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Даатгуулагч ямар нэгэн шалтгаанаар эрхэлж байсан ажил, албан тушаалаасаа чө­лөө­лөгдсөний улмаас тодор­­хой хугацаагаар орлого­гүй болж, амьдралын баталгаа нь алдагдаж, эрсдэлд ордог. Ажил­гүйдлийн даатгал нь энэхүү эрсдэлийг бууруулах, ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн даатгуулагчийн дараачийн ажилд орж орлоготой болох хүртэлх тодорхой хугацаанд дээрх сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй мөнгөн хөрөнгө юм.

Нийтдээ 24 сараас доошгүй, түүнээсээ сүүлийн есөн сард нь ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй байдаг. Ажилгүйдлийн тэтгэмжийг түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнө гурван сар авсан цалин, хөлсний дунджаас 45-70 хувиар тооцон ажлын 76 хоногийн туршид олгодог.

ТЭТГЭМЖ АВАХ ХҮСЭЛТЭЭ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДСӨНӨӨС ХОЙШ 14 ХОНОГИЙН ДОТОР ГАРГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

-Ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотойгоор иргэдийн гаргадаг нийтлэг алдаа нь юу вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиар даатгуулагч ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 14 хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллагад хандаж ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ гаргах шаардлагатай болдог, даатгуулагч нар хуульд заасан энэ хугацааг мэдэхгүйгээс хоцорч ирэх тохиолдолд гардаг учир ажил олгогч талын хүний нөөцийн ажилтан тушаал шийдвэрийг нь өгөхдөө энэ талаар ажилтандаа сануулж хэлж байх хэрэгтэй.

-Уг тэтгэмж авахад ямар материал бүрдүүлж, хаана хандах вэ?

-Даатгуулагч ажлаас чөлөөлөгдсөнөөс дээр дурдсан хугацаанд харъя нийгмийн даатгалын хэлтэстээ ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтэр эсхүл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн QR код бүхий цахим, цаасаар олгосон лавлагаа, иргэний үнэмлэхийг бүрдүүлж ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ гаргана.

-Өнгөрсөн онд ажил олгогч болон даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэн. Энэ ажилд хэдэн төгрөг зарцуулсан бэ? 

-Covid-19 цар тахал 2019 оны сүүлээс дэлхий нийтэд тархаж манай улсад 2020 оны гуравдугаар сард бүртгэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас цар тахлаас урьдчилсан сэргийлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын хэмжээг бууруулахгүй байх, бүх нийтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн. Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг баталж, энэхүү хүүлийн хэрэгжилтийг  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Сангийн яам, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа. Энэ хуулийн дагуу цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн, төрийн бус байгууллагууд, төрийн өмчийн их дээд сургуулиудын 2020 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сард ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл /эрүүл мэндийн даатгалаас бусад/-ийг бүрэн чөлөөлж, аравдугаар сараас арванхоёрдугаар сард тэтгэврийн даатгалд таван хувь, 2021 оны нэгдүгээр сараас зургадугаар сард тэтгэврийн даатгалд 8.5 хувиар шимтгэл төлүүлэн, үлдсэн тэтгэврийн даатгалаас нь хөнгөлж, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалаас нь чөлөөлсөн. Мөн дээрх хуулиар  2020 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын орлого нь өмнөх оноосоо 50 буюу түүнээс дээш хувиар буурсан эсхүл үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн даатгуулагчид сард 200 мянган төгрөгийн дэмжлэгийг дөрөвдүгээр сараас зургадугаар саруудад олгох ажлыг зохион байгууллаа.

Эдгээр үйл ажиллагаанд 38.4 мянган аж ахуйн нэгж байгууллагын 410.7 мянган албан журмын даатгуулагч, 161.3 мянган сайн дурын даатгуулагч хамрагдаж 664.2 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөөд байна. Мөн 7.3 мянган аж ахуйн нэгж байгууллагын 220.8 мянган даатгуулагчид  ажилгүйдлийн даатгалын сангаас 44.2 тэрбум төгрөгийн дэмжлэгийг олгосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж