Солонгост волейболын спортод цахиур хагалах тамирчин Ж.Саруул

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Солонгост волейболын спортод цахиур хагалах тамирчин Ж.Саруул

Солонгост волейболын спортод цахиур хагалах тамирчин Ж.Саруул

NEWSагентлаг залуустаа зориулсан Шинэ нэр булангийнхаа энэ удаагийн зочныг волейболын спортоос онцолж байна. Түүнийг Жанчивын Саруул гэдэг. Тэрбээр БНСУ-ын Мокпо хотын охидын ахлах сургуулийн волейболын багийн тамирчин.

Солонгосын волейболын дасгалжуулагчдын анхаарлыг татаж, БНСУын шигшээ багийн ирээдүйн тамирчин болох магадлал өндөр  байгаа бөгөөд солонгосын волейболд цахиур хагалах ирээдүйтэй тамирчин гэх мэт ярианууд дасгалжуулагчдын дунд яригдаж байгаа ажээ. Ингээд түүнтэй танилцъя.


ЖАНЧИВ САРУУЛ:2003.04.25

Төгссөн сургууль:
Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 38 дугаар сургууль

БНСУ-ын Мокпо хотын охидын ахлах сургуулийн волейболын багийн тамирчин

Мэргэжил:

Волейболын тамирчин
Сошиал хуудас:  saruul saruul /фэйсбүүк/

БАГАДАА ЯМАР ХҮҮХЭД БАЙВ. СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХЭД ЮУ ЧАМД НӨЛӨӨЛСӨН БЭ?

-Бага байхдаа их даруухан хүүхэд байсан. Үеийнхээ хүүхдүүдтэй ч нийлж хөгжилддөггүй, гүйж хариах дургүй байлаа. Гэхдээ үе тэнгийнхэн дундаа нуруулаг хүүхдийн тоонд ордог байсан юм. Намайг волейболын спортоор хичээллэхэд аав, ээж маань их нөлөөлсөн. Өөрөө ч гэсэн сонирхолтой байсан учраас энэ спортоор хичээллэж үзье гэж бодсон. Тэгж анх Б.Болдбаатар багшийн волейболлын сургалтанд явж эхэлж байв. Дасгалжуулагч багш маань 2014-2017 он хүртэл дөрвөн жил дарааллан “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарч байсан. Багийнхаа хүүхэд болгонтой тулж ажиллаж чаддаг, маш сайн багш бөгөөд Монголын шилдэг дасгалжуулагчдын нэг юм.

Одоо гурав дахь жилдээ волейболын спортоор хичээллэж байна. Би БНСУ-ын Мокпо хотын охидын ахлах сургуульд волейболын багийн тамирчнаар суралцаж байгаа.  Энд Монголын волейболын залуучуудын холбоо болон БНСУ-ын волейболын холбооны хамтын ажиллагааны хүрээнд ирж суралцаж буй. Тус сургуульд Монголын хоёр эмэгтэй, таван эрэгтэй тамирчин суралцдаг.

АНХНЫ АМЖИЛТ

-Миний хамгийн анхны амжилт бол жил болгон зохион байгуулдаг Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг волейболын тэмцээн байсан. Өнгөрөгч 2018 онд анх удаа  38 дугаар сургуулийнхаа баг тамирчидтайгаа амжилттай оролцож, тэргүүн байранд орж байлаа.  Миний хувьд тэр тэмцээнд оролцсоноор маш их урмыг авч, цаашдаа энэ спортоороо тууштай хичээллэх хүсэл тэмүүлэлд хөтлөгдсөн.

 ВОЛЕЙБОЛЫН ТАМИРЧИН ХҮНД ЯМАР УР ЧАДВАР ХАМГИЙН ЧУХАЛ ВЭ?

-Волейбол нь багийн спорт. Миний хувьд хамгийн чухал гэж бодож байгаа зүйл нь тухайн багийн уур амьсгал юм. Ер нь аливаа спортод уур амьсгал их чухал байдаг шүү дээ. Мөн үндсэн техник болон биеийн хөгжил маш чухал. Энэ нь эцэстээ ур чадвар болдог гэж боддог. Би Монголд байхдаа долоо хоногийн дөрвөн өдөр нь бэлтгэл хийдэг байсан. Нэг бэлтгэл хоёр цагаар хичээллэдэг. Харин Солонгос улсын ахлах сургуульд бэлтгэлийг нэлээн шахуу хийдэг. Бид долоо хоногийн өдөр бүр бэлтгэл хийж, нэг өдөрт хоёр удаа бэлтгэл ордог. Хааяа гурван удаа бэлтгэл хийх үе гарна. Өдөрт дунджаар 6-8 цан тогтмол бэлтгэл хийдэг гэсэн үг.

Бэлтгэл орохоос өмнө биеэ маш сайн халаах хэрэгтэй байдаг. Хэрвээ бие халаалтгүй бэлтгэл, тоглолтод орвол бэртэх магадлал өндөр байдаг. Ихэвчлэн хөлийн шагай, мөр, өвдөг зэрэг үенүүдээ сайн халаах хэрэгтэй. Миний хамгийн их айдаг зүйл бол гэмтэл бэртэл авах. Энд ирээд би хоёр ч удаа шагайгаа эвгүй гишгэж байсан. Мөн ачаалалтай бэлтгэлийн үед өвдөг өвдөх нь бий. Бэлтгэл дууссаны дараа өвдөг болон шагайн хэсэг дээрээ мөсөөр жин байнга тавьдаг. Би энд ирээд хамгийн хүнд бэртэл гэвэл гэдэсний булчин урагдалт. Хэт их гэдэсний булчингийн дасгал хийж, огцом хөдөлгөөнөөс болж гэдэсний булчин урагдаж байсан. Тэр үе хамгийн хэцүү. Бараг нэг сар хүчтэй огцом хөдөлгөөн хийж болохгүй, бэлтгэлээ хийж чаддаггүй байсан.

ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛААЧ?

-Манай гэр бүл ам бүл тавуулаа. Би айлын ууган охин л доо. Аав, ээж хоёр дүүтэйгээ амьдардаг. Манай эмээ залуу насандаа спортоор хичээллэж, волейбол тоглодог хүн байсан. Гэр бүлийн зүгээс волейболын спортоор хичээллэж байгааг минь маш их дэмжиж, тусалдаг.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Би чөлөөт цагаа ихэвчлэн өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулдаг. Жишээлбэл, гадаад хэл сурч, өөрийнхөө хэлний мэдлэгийг хөгжүүлэхийг зорьдог. Энэ нь миний хобби гэж хэлж болно. Ядарч байгаа үедээ эсвэл өглөө босохдоо эрч хүч авахын тулд сайхан дуу, хөгжим сонсох их дуртай.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Солонгосын лигт орохоор хичээж л байна. Хоёр жилийн дараа энд суралцаж буй ахлах сургуулиа төгсөөд Солонгосын волейболын лигт орох шалгалт өгч, аль болох лигт орохыг хичээнэ. Хэрвээ лигт орж чадахгүй бол волейболын багтай их дээд сургуульд суралцах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор иргэншлээ солих бодол байхгүй.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Ер нь Солонгосын дээд лигтээ олон жил тоглох зорилгыг тавиад байна. Аль болох талбайд олон гарах, тоглох зорилготой. Солонгост сагсан бөмбөгийн талбайд гарахад хэцүү учраас дасгалжуулагч нартаа өөрийн ур чадвараа таниулах нь маш чухал.

Олимпод Монгол Улсынхаа далбааг мандуулахыг хүсдэггүй тамирчин гэж үгүй. Мэдээж би ч гэсэн тэр мөчийг хүсч, мөрөөддөг. Ирээдүйд эх орныхоо волейболын хөгжилд хувь нэмэр оруулан, Олимпод улсынхаа далбааг мандуулах нь миний хамгийн том мөрөөдөл.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Монголынхоо үе тэнгийн хүүхэд залууст хандаж хэлэхэд аливаа зүйлд шатралгүй тууштай байж, хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж чадвал амжилтанд хүрж чадна.

Тэгэхийн тулд маш сайн бэлтгэл сургуулилт хийж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Спортоор хичээллэвэл хүнд бие бялдрын хөгжлөөс гадна маш том хүмүүжил олгодог. Ядаж л цаг баримталж сурна. Ахмад хүнээ хүндэлж, бусдын үгийг сайн сонсож, тэсвэр тэвчээртэй болгон төлөвшүүлдэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
10
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж