НЭМЭЛТ: 13:00 ЦАГ
МАН-ын Бага хурлын гишүүдийн 98.8 хувь нь Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн байна. Уг саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр оруулах бөгөөд Ерөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан.
УЗ: У.ХҮРЭЛСҮХ Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЭВ
НЭМЭЛТ: 10.18
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд дөнгөж сая эхэллээ. Тус хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг тодруулж, түүний дараа Бага хурлаар хэлэлцүүлэх юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зүгээс дараагийн Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг Удирдах зөвлөлд санал болгож, Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн байна.
Дараагийн Ерөнхий сайдад хэнийг томилох талаар МАН өчигдөр шөнө дөлөөр хуралдсан бөгөөд Ерөнхий сайдад Ч.Хүрэлбаатар, Г.Занданшатар нарын нэрс яригдсан боловч тэд өөрсдөө нэрээ татжээ. Ингээд Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдаар томилох дээр олонх нь санал нэгдсэн байна. Түүнийг нь Удирдах зөвлөлийн гишүүд дэмжиж, одоо Бага хурлаар хэлэлцүүлэх юм.
МАН-ЫН УЗ, БАГА ХУРЛААР ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИГЧИЙГ ТОДРУУЛНА
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.01.22/ 10.00 цагаас хуралдаж, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Үүний дараа тус намын Бага хурал цахимаар хуралдаж, Удирдах зөвлөлөөс санал болгосон нэрийг дэмжих эсэхийг шийдвэрлэнэ.
УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, УИХ-ын сонгуульд олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан. Энэ дагуу МАН өнөөдрийн Бага хурлаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
Ерөнхий сайдыг томилсны дараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газрын бүтцэд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэж заажээ.
Холбоотой мэдээ