Нийслэл хотод нэгдүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий 18 салбар, чиглэлээс бусад ААН-үүд хэвийн ажиллаж эхэлсэн. Үйл ажиллагааг нь нээсэн 18 төрлийн ААН, байгууллагууд qr.119.mn-д хандан өөрийн гэсэн QR код үүсгэн хэвлэж, иргэдийн нүдэнд харагдахуйц газрууд, орц гарцдаа байршуулах ёстой. Ингэснээр, иргэн Covid-19 халдварын эрсдэлд ороход хэдхэн секундийн дотор E-barimt аппликейшнд анхааруулга мэдээлэл ирнэ.
Хэрэв тэр байршилд халдварын халдвар тээгч илэрвэл иргэдийн утсанд богино хугацаанд мэдэгдэл очих юм. Тэгвэл нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн QR кодын бүртгэлийн ашиглалт хэр байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.
–ААН-үүд ч тэр иргэдийн хувьд QR кодын бүртгэлийн асуудал дээр санаачлагатай ажиллахгүй байна гэх асуудал яригдсан. Энэ хүрээнд хяналт шалгалтууд хийгдэж байгаа юу?
–Нийслэлийн Засаг даргын захирамжийн А/06 тоот хавсралтад өөрчлөлт орсон. Тодруулбал, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа есөн ангиллын 62 төрлийн худалдаа үйлчилгээ ажилладгаас 35 төрлийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байсан. Нэгдүгээр сарын 18-аас эхлэн нэмэлтээр тавилгын бараа, цанын бааз, цахилгаан бараа хэрэгслийн худалдаа, ТҮЦ-үүдийг ажиллуулж эхэлсэн. Ингэхдээ хүн хоорондын зайг барьж, зөвхөн цонхоор үйлчилнэ. Иргэдийг бүртгэх QR кодоо уншуулж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, тамхи худалдахгүй. Дээрх байгууллагуудад мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьж байгаа бөгөөд мөн QR кодны хэрэгжилтийн явцад шалгалт хийгдэж байна.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 26 томоохон хүнсний зах,худалдааны төвд шалгалт хийн 56 зөрчлийг илрүүлсэн. Ерөнхийдөө дээрх байгууллагууд мэргэжлийн байгууллагын өгсөн заавар зөвлөмжийн хүрээнд ажиллахгүй байна.
Зөрчил дутагдлыг арилгуулахаар таван газарт 20 заалт бүхий албан шаардлага буюу хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хан Талст” компанид Зөрчлийн тухай хуулийн дагуу нэг сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Өмнө нь бол мэдэгдэл, зөвлөмж өгдөг байсан. Одоо бол хяналт шалгалтын явцад удаа дараа шаардлага биелүүлэхгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно.
-Тухайлбал, шалгалтын үед ямар зөрчлүүд зонхилж байв?
–Иргэдийн халууныг үзэхгүй, хүн хоорондын зай барихгүй, QR кодыг байршуулаагүй, байршуулсан ч иргэдээр кодоо уншуулдаггүй, гар ариутгагч хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн. Тухайн байгууллага өөрсдөө дотоод хяналтынхаа хүрээнд ажилтан томилоод хүн хоорондын зай бариулж, QR код уншуулах нь халдвараас урьдчилан сэргийлэх нэг хэлбэр юм. Гэтэл томоохон зах худалдааны төвүүд зохион байгуулалт тааруу, асуудалд хойрго хандаж байна. Зөвхөн орлогоо л бодож иргэд рүү бурууг чихэж байна. Харин эсэргээрээ халдвараас сэргийлэх дэглэмийг банкууд өндөр хэмжээнд мөрдөж байх жишээний.
-Зарим иргэд QR кодоо уншуул гэхээр дата байхгүй, би утсаа гэртээ орхичихсон, өндөр настай иргэд бол мэдээлэлгүй байх тохиолдол бий. Ийм тохиолдолд ААН-үүд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
–Зарим ААН-үүд нэмж ажилтан суулгаад үйлчлүүлэгч нарынхаа овог нэр, гэрийн хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авч байна. Ийм хэлбэрээр шийдэж болно.
Үүнээс гадна томоохон зах худалдааны төв, дэлгүүрүүд иргэдэд үйлчлэх хөтөч ажиллуулах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас "Дэлхий нийтэд Covid-19 халдвар авсан хүмүүсийн 50 хувь нь шинж тэмдэггүй байна. Монгол Улсад ч шинж тэмдэггүй иргэд олны дунд явж байх магадлалтай. Хэдийгээр томоохон зах, худалдааны төвүүд хүн хоорондын зай барих тэмдэглэгээг хангалттай сайн хийсэн ч иргэд тухайн тэмдэглэгээн дээр зогсохгүй байна. Тиймээс хөтөч ажиллуулж, иргэдийг тэмдэглэгээн дээр зогсоход анхааруулах хэрэгтэй. Иргэд өөрийнхөө байнга үйлчлүүлдэг дэлгүүрээс худалдан авалт хийх хэрэгтэй. Учир нь тухайн хүн байнга ордог дэлгүүртээ хаана, ямар бараа байгааг сайн мэдэх тул цаг хэмнэнэ. Дэлгүүрээр орохдоо нимгэн бээлий өмсөх, олон бараанд гар хүрэхгүй байх, амталгаа хийхгүй байх, бэлэн мөнгөөр бус картаар төлбөр тооцоо хийх хэрэгтэй. Түүнчлэн амны хаалт, бээлийнээс гадна нүдний шил зүүх нь халдварын эрсдэлээс сэргийлэхэд үр дүнтэй гэж дэлхий нийт үзэж байгаа” хэмээн анхааруулсан билээ.
Э.БУРАМ