Н.Номтойбаярт оноосон ялыг нэг жил болгон өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаярт оноосон ялыг нэг жил болгон өөрчиллөө

Н.Номтойбаярт оноосон ялыг нэг жил болгон өөрчиллөө

НЭМЭЛТ: 22:10 ЦАГ

Улсын дээд шүүх Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа.  Тодруулбал, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Н.Баттөгс зэрэг хүмүүс хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн, түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Н.Номтойбаярын хувьд Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарын үйлдсэн дээрх гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруу нь тогтоогдохгүй байна. Харин ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа зорилтот төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан гэм буруутайд тооцож байна.

Шүүгдэгч Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарын хувьд шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарын үйлдсэн гэмт хэрэгт санаатай нэгдэж, хамтран оролцсон нь тогтоогдоогүй. Харин үүрэгт ажилдаа хайнга хандаж, хөтөлбөрийг шалгаруулах ажлын хэсгийн хуралдааны хуурамч тэмдэглэлд мэдсээр байж гарын үсэг зурсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулсан. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр, Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж байна.

Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял, шүүгдэгч Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасч, 5 сая төгрөгөөр торгох ял, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч 2 жил хорих ял, Н.Баттөгсийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 6 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж тус тус өөрчиллөө.

НЭМЭЛТ: 17.30 ЦАГ

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.

Н.НОМТОЙБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 14:10 ЦАГ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох 24 хавтас хэргийг шүүгдэгч Б.Номтойбаяр, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Нямдаваа, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Шижиржаргал, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх, шүүгдэгч М.Нямдэмбэрэлийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл, шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Б.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх гэж байна.

УДШ ӨНӨӨДӨР Н.НОМТОЙБАЯРЫН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнөөдөр /2021.01.22/  найман хурал товлогдсон бөгөөд сүүлийн хурал нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох гомдол аж. Нэгдүгээр сарын 8-нд дээд шүүх Н.Номтойбаяр нарын гомдлыг хэлэлцсэн боловч шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлснээр шүүх хурлыг өнөөдөр болгон хойшлуулсан юм.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцээд түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын /ХНХ/ сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан.  Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Н.Баттөгс зэрэг хүмүүс хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт гэм буруутайд тооцсон билээ.

Улмаар шүүхээс Н.Номтойбаярыг  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон. Хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд дараах хүмүүсийг тооцож 3-4 жилийн ял оноосон билээ.

Тодруулбал, Б.Нямдаваад  нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, гурван жил хорих ял,

  • Б.Шижиржаргалд  нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, дөрвөн жил хорих ял,
  • Н.Баттөгст нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч 10 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
  • Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, 15 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэрийг гаргасан байдаг.

Улмаар Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан есдүгээр сарын 8-нд болж, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарт оноосон 15 сая төгрөгөөр торгох ялыг 10 сая болгон хөнгөрүүлж, бусад хүний ялыг хэвээр баталсан юм. Ийнхүү Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж