Италийн хөлбөмбөгийн Супер цомын тоглолт өнөөдөр (2021.01.21) явагдаж, Ювентус болон Наполи багууд тааран тоглолоо. Энэхүү тоглолтонд Кристиано Роналдо, Алваро Мората нарын гоолын ачаар Ювентус баг өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай хожиж, Супер цомын эзэд болов. Кристиано Роналдо тус тоглолтонд нэг гоол оруулснаар мэргэжлийн хөлбөмбөгийн замналынхаа 760 дахь гоолыг оруулж, Австри-Чехийн алдарт довтлогч Йозеф Бицаны 759 гоол оруулсан амжилтыг эвдэн, мэргэжлийн хөлбөмбөгт хамгийн олон гоол оруулсан тоглогч боллоо.
Гэвч RSSSF буюу Хөлбөмбөгийн спортын статистик бүртгэлийн сангаас Бицаныг мэргэжлийн хөлбөмбөгт 805 гоол оруулсан гэдгийг мэдэгдэв. Тодруулбал, Бицан 1931 оноос 1955 онуудын хооронд тоглохдоо нийт 530 тоглолтонд 805 гоол оруулсан гэнэ. Өөрөөр хэлбэл, Йозеф Бицан одоог хүртэл хөлбөмбөгийн бүх цаг үеийн мэргэн бууч ажээ. Бицан 805 гоолынхоо 27-г нь Рапид Вьенна багийн нөөцийн баг болон бусад сонирхогчийн багт байхдаа оруулжээ. Мөн түүний Чехийн хөлбөмбөгийн хоёрдугаар лигт 1952 онд тоглож байсан статистик үзүүлэлт нь бүртгэгдээгүй байгаа гэв. Түүнээс гадна Пеле, Ромарио зэрэг Бразилын хөлбөмбөгийн домгуудыг 1000 гаруй гоол оруулсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Одоогоор яг тодорхой байгаа ганц статистик нь Роналдо Мессигээс 41 гоол илүү оруулсан гэдэг байна. Месси одоогоор 719 гоол оруулсан үзүүлэлттэй.
Өдгөө 35 настай Роналдо 760 гоолынхоо 450-ыг нь Реал Мадрид багийн төлөө, 118 гоолыг нь Манчестер Юнайтед багийн төлөө, 102 гоолыг нь Португалын шигшээ багийн төлөө, 85 гоолыг нь Ювентус багийн төлөө, 5 гоолыг нь Спортинг Лисбон багийн төлөө тус тус оруулжээ. Кристиано Роналдо энэ улирал Сериэ-А лигийн 16 тоглолтонд оролцохдоо 15 гоол оруулаад байна.
Холбоотой мэдээ