Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдэгдэл хийж байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдэгдэл хийж байна
Posted by News.mn on Thursday, January 21, 2021
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.
У.ХҮРЭЛСҮХ: ТЭР ЭМЭГТЭЙ, ТҮҮНИЙ АР ГЭР, НИЙТ АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛ ХҮСЧ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ:
-Манай улсын иргэдээ, та бүхэнд хандаж, Ерөнхий сайд таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ-рүү зөөхдөө хариуцлагагүй, хүнлэг бус үйл явдал болсон. Би эцэг хүн. Энэ үйл явдал эцэг хүний хувьд, Ерөнхий сайдын хувьд сэтгэлийг маань эмзэглүүлсэн үйл явдал болсон.
Ийм хариуцлагагүй байдал гаргасан нөхдийн өмнөөс тэр эмэгтэйн ар гэр, иргэдээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Тиймээс Ерөнхий сайд, Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна.
Би Монголын төрийн шударга, ард иргэдэд ээлтэй, ард түмэндээ үйлчилдэг төр засаг байгаасай гэж өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ итгэлийг эрх хүний ёсоор хариулахын тулд хичээж ирсэн. Дэлхий, улсын түүхэнд нийтийг цочроосон цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал цөөхөн тохиосон. Энэ цар тахлыг даван туулахын тулд бид бүхий л хүчээ дайчилж, цаг тухайд нь арга хэмжээ авч, өнөөдөр Covid-19-өөр нэг ч хүн нас бараагүй байна. Цар тахлаас үүдэж бид тэг зогсолт хийж, цаг алдалгүй арга хэмжээ авсан ч алдаа оноо гарсан. Гэхдээ миний хувьд цар тахлын төлөө тэмцэж байгаа, өдөр шөнөгүй, нойр хоолгүй, цаг наргүй цар тахлын голомтод ажиллаж байгаа хүмүүстээ талархаж байна. Гэхдээ бас хариуцлага алдаж, зарим хариуцлага хүмүүсээс бол нэгэн эмэгтэйд хүнлэг бус хандсан. Алдаа гарвал төр засаг үүрч чаддаг байх ёстой. Би үүнийг байнга сануулж ирсэн ч бид тэр эмэгтэйг элэг шимшрэм байдалтай авч явсанд дахин гүнээ хүлцэл өчиж байна. Энэ алдаанаас болж хоёр сайд огцрох өргөдлөө өгсөн. Би цэргийн хүн дайны галд хамт олонтойгоо орж, бөхдөг. Тиймээс би элэг бүтэн бүрэлдэхүүнээрээ ажиллана гэж төлөвлөсөн ч харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Саяны болсон үйл явдлын талаар иргэд, залуучууд талбай дээр цуглаж, хариуцлагагүй байгаагаа илэрхийлж, жагсаал хийсэн. Энэ маш зөв зүйл байсан. Ерөнхий сайдаасаа хариуцлага нэхсэнийг би үүрч байна.
Ёс зүйтэй төр, Ерөнхий сайд байх ёстой, алдаа гаргасан бол түүнийгээ үүрч чаддаг, хариуцлагыг хамтаараа үүрдэг гэсэн зарчмын дагуу хариуцлага үүрч, Ерөнхий сайд гэсэн эрхэм албан тушаалаас огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.
У.ХҮРЭЛСҮХ: ҮНДСЭН ХУУЛИЙН ДАГУУ ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ
Ард түмний жагсаал цуглааныг далимдуулж, улс төрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж, хамтарч явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймэн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайванаар илэрхийлсэн жагсаалыг улстөржүүлсэн. Миний итгэл найдвар алдарч байгаа. Цаашид гудамж, талбайн жагсаалыг зохион байгуулалттай хийж, Засгийн газрын тогтворгүй байдлыг бий болгож, ард түмнийг өдөөн турхирахыг үгүйсгэхгүй гэж бодож байна. Би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн институт хооронд улс төрийн зүй бус харьцаа үүсэх вий, үүнээс болж олон нийтийг хамарсан үймэн самуун үүсч, Монгол хүний амь нас хохирох вий гэхээс урьдчилсан сэргийлж байна. Бид долдугаар сарын 1-нийг мартаагүй, дахин ийм зүйл гаргахгүй байх ёстой. Тиймээс миний шийдвэр ч бас үүнтэй холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, ард түмний аюулгүй байдлын хангах үүрэгтэй ч үүнийг хийж чадахгүй, зөвхөн өөрийнхөө сонгуульд зориулсан улс төрийн оноо авах гэсэн, ард түмний сэтгэл санааг үймүүлсэн ийм мэдээ, мэдээллүүдийг өөрийн харьяа хэвлэлээр дамжуулж явуулж байгаа.
Цаашид Монгол Улсын ард түмний эрх ашгийг хамгаалах хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж хүсч байна. Дээрээс нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаа.
Тиймээс улс орныхоо тогтвортой байдал, амгалан тайван байдлыг бодож цар тахлын хүнд цагт төр засгийн хэвийн үйл ажиллагаа явуулахын эсрэг асуудал үүсэх вий гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломж надад алга боллоо. Би ард түмнээ боддог. Маргааш шинэ Ерөнхий сайд томилогдож, Засгийн газар байгуулагдах ёстой.
Улс төрийн үймээн самуунаас болж улс орон эмх замбаараагүй байдалд хүрэхийг би хүсэхгүй байна. Цар тахлын ийм хүнд цагт улс төр хийхгүй, хурдан давж туулах ёстой.
Цаашид аюулт цар тахлаас ард түмнээ аврах ёстой. Цагаан сарын дараагаас эхлэн вакцин оруулж ирнэ, эхний ээлжинд Энэтхэг улсын Засгийн газар өгөхөө мэдэгдсэн. Олон Улсын байгууллага, ДЭМБ гээд олон байгууллага вакцинаар туслана гэдгээ мэдэгдсэн. Тиймээс дараагийн Засгийн газрын хурдан эмхлэн байгуулж, ажилдаа орох ёстой. Би улс төрөөс явахгүй. Надад итгэл хүлээлгэж, намайг дэмжсэн Монголынхоо нийт ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Би цаашид шударга ёсны, шударга шүүхтэй байх, Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ. АТГ нэг хүнээс хараат бус байх, хэн нэгэн дуудаж ял өгдөг, гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж болохгүй. Тиймээс ард түмэн хариуцлага тооцож ажиллана гэж итгэж байна. Надад таван жил итгэл хүлээлгэж, хариуцлагатай албанд ажиллуулсан ард түмэндээ баярлалаа. Надад дэмжлэг үзүүлсэн нийт ард түмэн, УИХ-даа чин сэтгэлээсээ талархлаа.
Монгол Улсын төлөө зүтгэе.
Сануулахад, Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг дэмжээд байгаа юм.
Холбоотой мэдээ