Мэргэжлийн холимог тулааны урлагийн UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт хэдхэн хоногийн өмнө зодог тайлсан Хабиб Нурмагомедовыг эргэн ирнэ гэж ярьсан билээ. Тэгвэл өдгөө 32 настай Дагестан тулаанч маань энэ бүгдийг үгүйсгэлээ.
Өчигдөр(2021.01.21) Оросын Sport24 сайтад өгсөн ярилцлагадаа Хабиб Нурмагомедов “Би холимог тулааны спорт дахь бараг бүх амжилтанд хүрлээ. Надад тулалдахыг хүсч байгаа хүн алга. Мөнгө олох гэсэн олон тулаанч байгааг мэднэ. Би юу хийх ёстой юм бэ? Олон хүн намайг ойлгохыг хүсэхгүй байна. Ээж минь надад үлдсэн хамгийн үнэт зүйл. Ээжийг минь гонсойлгох зүйл надаар битгий хийлгэ. Надад UFC-тэй холбоотой ойрын төлөвлөгөө алга. Тулаанд бэлтгэх ч бодол алга. Би бүгдийг ардаа орхисон. Намайг битгий зовоогоод бай. Өнөөдөр надад байгаа зүйлсдээ би сэтгэл хангалуун байна. Би энэ өндөрлөгт гарахын тулд их зүйлээ золиосолсон” хэмээжээ.
Хабиб UFC-254 өдөрлөгийн өмнөхөн Жастин Гэтжитэй тулалдсаныхаа дараа дахин тулалдахгүй гэж ээждээ амлалт өгчээ.
Хабибын авга дүү Умар Нурмагомедов өчигдөр явагдсан UFC fight night өдөрлөгт тулалдсан бөгөөд Сергей Морозовыг хоёрдугаар үед буулган авчээ.