Бид өрх толгойлсон ээжүүдийн эрхийг л ярьдгаас эцгийн талаар тэр бүр асуудал хөндөөд байдаггүй. Монголд өрх толгойлсон 16419 эцэг байдаг гэх статистик бий. Үүний цаана гэрлэлтээ цуцлуулаагүй ч эхнэрээсээ салсан, эхнэр нь гадаадад ажиллаж амьдардаг зэрэг олон шалтгаанаас үүдэн ганц бие амьдралаар амьдарч буй аав нар цөөнгүй биз ээ. Тэдний талаарх нарийн судалгаа ч алга, бас аав нарт зориулсан төсөл хөтөлбөр, хандив тусламж ч байдаггүй гэхэд хилсдэхгүй. Товчхондоо, өрх толгойлсон эцгүүд анхаарлын гадна үлдсэн нийгмийн нэг давхарга болжээ. Тэдэнд зориулсан төсөл хөтөлбөр, хандив тусламж байдаггүй гэвэл нэг их буруудахгүй.
Хэдийгээр “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд зааснаар 18 хүртэлх насны өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй хэмээжээ. Хуульд 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү хэмжээний тэтгэмжийг улирал бүр олгоно гэж заасан байдаг. Гэвч бодит байдал дээр халамж авах нь цөөн. Магадгүй тэд эрхийнхээ төлөө тэмцэж, өөрсдийг нь харж үзсэнгүй хэмээн гомдоллодоггүй зантай холбоотой биз ээ.
ӨРХ ТОЛГОЙЛСОН ААВУУДААС ХАЛАМЖ АВДАГ НЬ МАШ ХОВОР
Зөвхөн нэг хорооноос жишээ татвал, Чингэлтэй дүүргийн хамгийн олон хүн амтай XII хороо 17 мянга гаруй оршин суугчтай. Гэтэл хороонд бүртгэлтэй нь өрх толгойлсон аав ердөө л 10. Энэ бол зөвхөн эхнэр нь нас барсан гэх бүртгэлтэй тоон үзүүлэлт аж.
Хороонд бүртгэлтэй цөөхөн ганц бие аавуудын ердөө хуруу дарам цөөн нь л /5-6 / халамж, хүнсний тусламжинд хамрагддаг байна. Харин шүүхээр гэр бүлээ цуцлуулаагүй ч эхнэр нь нөхөр хүүхдээ орхиод салсан, хүүхдүүдээ ганцаараа өсгөж буй аавууд маш олон гэнэ.
Тэд нийгмийн халамж үйлчилгээ, тусламжинд хамрагдаж чаддагүй нь тодорхой. Тус хорооны нийгмийн ажилтан Ц.Нандинцэцэг хэлэхдээ “Сургуулийн насны 1-4 хүүхэдтэй, эхнэр нь гэр бүлээ орхисон атал шүүхээр гэрлэлтээ цуцлуулаагүй өрх толгойлсон эцгүүд олон байгаа. Гэхдээ манай хороонд бүртгэлтэй нь 10. Судалгаанд үндэслэж бид тодорхой хэсгийг нь халамж, тусламжид хамруулна. Яагаад гэвэл аавуудаас ч илүү хүндхэн нөхцөлд амьдарч буй айлууд олон. Бас аавууд хороон дээр халамж, хүнсний тусламжид хамрагдах хүсэлтээ бараг өгдөггүй. Олон хүүхэдтэй аавууд л хороонд ханддаг” гэсэн юм. Тэгвэл дүүргийн хэмжээнд Эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох хуулийн дагуу 263 иргэн халамж авчээ. Тэдний дунд өрх толгойлсон 15 аав хүүхэд асарсны тэтгэмж авсныг Чингэлтэй дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс мэдээлсэн юм.
ЭЦЭГ ХҮНД ХҮҮХЭД АСАРСНЫ ТЭТГЭМЖ АВАХ БОЛОМЖИЙГ ХЯЗГААРЛАСАН НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ
Хэдийгээр дээрх хуулийн заалтад 18 хүртэлх насны өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй гэж заасан ч бодит амьдрал дээр тусгалаа олдоггүй. Аавууд хүүхэд асарсны тэтгэмж авах боломж нь хязгаарлагдмал байгаа нь Үндсэн хууль зөрчих үндэслэл ч болжээ.Үндсэн хуулийн цэцээс Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзжээ. Тодруулбал, уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгавартай байдлыг бий болгосон гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар дүгнэсэн байна. Мөн дээрх зохицуулалт нь дам байдлаар хүүхэд асрах харилцаанд эхэд илүү үүрэг хүлээлгэх, эцэг, эх харилцан тэгш эрхтэйгээр чөлөөт сонголт хийх боломжийг хязгаарлах сөрөг үр дагаврыг үүсгэхээр байгааг онцлон тэмдэглэжээ.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд тусгаснаар тэтгэмж авах эрхийг дараах байдлаар тодорхойлжээ.
- 3.1.4 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй ба хүүхдийн тоонд төрүүлсэн болон үрчлэн авсан, асран хамгаалж, харгазлан дэмжиж байгаа хүүхдийг хамааруулна гэжээ.
Ер нь өрх толгойлсон аавуудад ямар бэрхшээл тулгардаг бол? Тэдний талаар олон нийт хэр мэдээлэлтэй байдаг вэ? Энэ талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоо чухал байдаг ч хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж чаддаггүй нь бас нэгэн бэрхшээл гэнэ. Тус газрын мэргэжилтний хэлснээр аавууд хүүхэдтэйгээ ярилцдаггүй нь тэдэнд тулгамдсан нийтлэг асуудал аж. Ялангуяа өрх толгойлсон аавууд ээжийн үүргийг давхар гүйцэтгэх нь амаргүй гэдгийг онцолж байсан юм. Тэд хүүхдүүдээ тэжээхийн тулд ажиллаж бас хүүхдэдээ цаг гаргах, ярилцах нь ээжүүд шиг нээлттэй байж чаддаггүй гэнэ. Төрөөс халамж дэмжлэг авсангүй гэж нэг ч удаагүй гомдоллож үзээгүй, эхийн хайрыг орлож хүүхдүүдээ өсгөж яваа ганц бие аавуудад ч бас өрх толгойлсон ээжүүдтэй адил олон бэрхшээл тулгардаг нь нууц биш. Тэд ч бас ээжүүдтэй адил хүүхэд асарсны тэтгэмж авч, ээжүүдтэй адил эрх эдлэх эрхтэй.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ