Хуучирсан мэдээ: 2021.01.21-нд нийтлэгдсэн

7 сарын 1 ингэж болдог

7 сарын 1 ингэж болдог

Дөнгөж төрсөн эх, нярай хоёрт хүнлэг бус хандаж, хүйтэн шөнөөр нимгэн нүцгэн зөөвөрлөсөн үйлдэлд эгдүүцэж, дургүйцсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал үр дүнд хүрлээ. Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрохоо мэдэгдсэн бол, НЭМГ-ын даргад хариуцлага тооцох нийслэлийн Засаг даргын захирамж ч мөн гарлаа. Төрсөн эмэгтэйг тусгаарлах, тээвэрлэх арга бэлтгэлд суралцаагүй хоёр эмнэлгийн дарга ч хариуцлага хүлээхээр болов.

Иргэд ямар хүчтэйг, эх хүн, хүүхэд хоёрт монголчууд ямар их хайртайг өчигдрийн жагсаал нотоллоо.

Харин тайван замаар эхэлсэн иргэдийн жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглах санаа сэдэл тээсэн явцуу үйлдлүүд, хэн нэгний эрх ашигт үйлчлэх явуургүй улс төр болгох шахсаныг дурдах хэрэгтэй. Товчхондоо өчигдрийн жагсаалыг хоёр ангилж болно.

Оройн 19:00 цаг буюу Засгийн газрын сайдууд огцрохоо зарлах хүртэлх нь иргэдийн жагсаал. Харин түүнээс хойших нь мөнгөний улс төр.

Шуудхан хэлэхэд ирэх зургадугаар сарын эхээр болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль угтсан улс төрд залуус, жагсагчид өртөх шахсаныг энд дурдая. Боломж гарсан дээр нь Засгийн газрыг бүтнээр нь унагаая, тэгж чадвал Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт ойрхон мэт санагдсан одоогийн Ерөнхийлөгч болон түүний тойрон хүрээлэгчид болох Ардчилсан намын зарим гишүүд харин тайван жагсаалыг үймээн самуунд өдөөн турхирч эхэлсэн нь аймшигтай байлаа.

Ийм дүйвээнд эгэл иргэд, энгийн залуус сэтгэлийн хөөрлөөр сэвээд орчих, хожим хохирогч нь болоод үлдчих бэлэн түүх бидэнд бий нь “7 дугаар сарын 1” юм шүү.

2008 оны долдугаар сарын 1-ний жагсаал цуглааны гол зохион байгуулагчдын үүсгэсэн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас таван хүний амь үрэгдэж, олон хүн шүүхээр ял шийтгүүлж, жирийн иргэд төдийгүй албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн олон ажилтан эрүүл мэндээрээ хохирсон нь саяхны жишээ. Эцэстээ эмх замбараагүй байдлыг таслан зогсоох үүрэг хүлээсэн цагдаагийн алба хаагчид мөн ялууллсан гашуун түүхтэй билээ.

Тэр жилийн эмгэнэлт жагсаалын дараа жаргасан нь жагсаалыг удирдагчид, хожсон нь хор хутгагчид болоод хохирсон нь харин жирийн иргэд, тангараг өргөсөн цагдаа нар болсон юм. Үймээн самууныг өдөөсөн, турхирсан, зохион байгуулсан улстөрчид “ашгаа” хүртэж, төрийн сэнтийд хэдэнтээ заларч, зарим нь 13 жилийн хугацаанд 13 хувирч, популист улс төрийнхөө ашгаар гадаад дотоодод гайгүй сайн албан тушаал аваад явж байгааг бид бэлхнээ харж байна.

Гэхдээ монголчууд хэрсүү болж, хэн нэгний улс төрийн гар хөл болохгүй гэдгээ ойлгодог болж. Өчигдрийн 19:00 цагийн УОК-ын гишүүдийн огцрох мэдээллийн дараа түрсэн олон иргэд тарж, тайван байдалд шилжив.

Ингэснээрээ иргэдийн жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглаж, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун руу турхирч байсан зарим хүний явцуу санаа, явуургүй улс төрийн таслан зогсоож чадсан нь сайн хэрэг.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж