Чуулган: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулав

Хуучирсан мэдээ: 2021.01.21-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулав

УИХ: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна

УИХ: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна

Posted by News.mn on Thursday, January 21, 2021

18 : 21
2021-1-21

Х.Нямбаатар: Ерөнхийлөгчид импичмент үзүүлэх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Шударга бусын хонгилыг нураахын тулд шүүхийн багц хуулийг энэ Засгийн газар хийлээ. Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял оноох вэ гэж асуудал байдлыг өөрчлөхийн тулд бид шүүхийн тухай хууль, Авлигын хуулиудаа батлуулсан. Өчигдөр болсон жагсаал эхэн үедээ ард түмний үг хэлэх эрхээ эдлэх гэсэн жагсаал байсан. Харамсалтай нь сүүлдээ энэ жагсаалыг үндэсний эв нэгдлийг хагалгах тодорхой үйлдлүүд гарсан. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүргээ умартсан Ерөнхийлөгчид энэ УИХ импичмент үзүүлэх ёстой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

-Нийгэм улс төрийн орчинд үүссэн асуудлаа үүдэж Засгийн газар огцорч байна. Иргэдийн жагсаал зөв байсан ч олон янзын нөлөөлөл орж, нийгмийн үймээн самуун үүсгэх эрсдэл байна гэж үзэж, Ерөнхий сайд шийдвэрээ гаргаж байна гэж үзэж байна. Засгийн газар, УОК цар тахлын үед маш сайн ажилласан. Харамсалтай нь доод, дунд шатанд алдаа гарсан. Ажил эзэнгүйдүүлдэг, ажилдаа сэтгэл гаргадаггүй хүмүүсийн алдаанаас үүдсэн асуудал Засгийн газрыг золиос болгосон үйлдэл гэж дүгнэж байна. Засгийн газар хариуцлагыг бүтнээрээ үүрээд зогсохгүй. Анхан шат хүртлээ ажилдаа өөриймсөг хандах, хариуцлага, ухамсар дээр тулгуурлсан давалгаа бий болох ёстой.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-У.Хүрэлсүх дарга хариуцлагын Засгийн газар байгуулна гэж хэлсний дагуу төрийн албан хаагчдынхаа өмнөөс хариуцлага хүлээж огцорч байна. Төрийн албанд сэтгэлгүй олон хүн байгааг илэрхийлсэн үйлдэл болсон. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг хэрнээ хариуцлагагүй ханддаг, ажилдаа сэтгэлгүй ханддаг хүмүүс бас байна. Бүх бизнесүүд хаалгаа бариад, ажилчдаа чөлөөлж байхад төрийн албан хаагчдын цалинг тогтмол цагт тавьж байна. Нөгөө талаар ардчиллын зарчмаар эхэлсэн цуглааныг АН-ыг захиалга болтол нь мушгин гуйвуулж, улстөржүүлж чадлаа. Иргэд улстөржиж, хуваагдмааргүй байгаа учраас хариуцлага тооцох ёстой гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Ардчилсан нам бүх зүйл буруутай болоод явчихлаа. Сүүлийн хоёр парламент МАН эрх баригч байхад АН-ын буруу, Ерөнхийлөгчийн буруу болоод явчихлаа. Энэ бол АН буруугүй, Ерөнхийлөгч буруугүй зүгээр л МАН-ынхны албан тушаалын тэмцэл, зохион байгуулалттай сериал. Ардчилсан намын зөрчилдөөн ил байдаг. Харин МАН-ынхан дотор албан тушаал эрх мэдлийн маш том зөрчлийн илрэл, тавилттай жүжиг гэж бодож байна. Манай улстөрчид анх удаа ийм зүйл харж байгаа юм шиг ярих хэрэггүй, амьдрал дээр хөрсөн дээр буумаар байна. Төрөх эмнэлгүүдээ очиж харцгаа, сумын төвийн төрөх эмнэлгийг харах хэрэгтэй та. Битгий жүжиг тавь. У.Хүрэлсүх зургаан сарын өмнө ард түмний итгэлий авч сонгогдоод, одоо хариуцлагаас зугатааж байгаа мэт үйлдэл гаргаж болохгүй гэж бодож байна. Цар тахлын эсрэг танай Засгийн газар сайн ажилласан. Гэхдээ гадаадад байгаа ажиллаж, амьдарч байгаа иргэдээ монголчууддаа нэг даргын нэг жийпний үнэ л төсөвлөсөн. Монголчууддаа ингэж хандаж болохгүй. Дипломат төлөөлөгчийн газартаа төсөв тусгаж өгөөгүй, хэмнэсэн мөнгийг нь та нар татаж авсан. Энэ асуудал дээр гомдолтой байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө нүд цавчилгүй ажиллана гэсэн ч цөөн хэдэн хүний үйлдлээс бол Монгол төрийн нэр сэвтэж байна. Цар тахлын үед эрүүл мэндээ золиосолсон мянга, мянган төрийн албан хаагчдыг баллуурдлаа. Энэ тахимаас хариуцлага, сахилга эхлэх ёстойг эхлүүлж байна. Монгол төрийн тэргүүн орж ирээд шүүхийн тогтоол уншив уу, би гайхлаа. Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нь жагсаалд  төрийн институцийн хувьд оролцосон гэж нотолгоотой, баталгаатай мэдэгдэл хийсэн. Би бол Монгол ялаагүй, ялагдсан юм байна гэж бодож байна. Чоно борооноор гэдэг шиг улс төрийн ашиг хонжоог харж байгаа ийм нөхцөл байдлыг бий болгож байгаад би харамсч байна.  Бид Үндсэн хуульдаа өөрчлөлт хийгээд, бэх нь хатаагүй байна. Шүүхийн хууль, Авлигын хуулиудыг дохио зангаагаар ажиллуулдыг болиулахаар хууль баталсан ч хориг тавиад буцааж байна. Тиймээс шударга ёсны төлөөх тэмцэл үргэлжилж, үргэлжлүүлж, эрчимжүүлэх ёстой юм байна гэдгийг Ерөнхий сайдад хэлмээр байна. Энэ тэмцэл цаашид үргэлжлэх ёстойг ойлгож, мэдэрч байна. Бидний тусгаар тогтнол, аюулгүй байдал их эмзэг байна. 

УИХ-ын гишүүн С.Батболд:

-Би үг хэлнэ гэж бодоогүй байсан ч Монгол Улсын эв нэгдлийг эрэлхийлэгч хүн УИХ-ын индер дээрээс намайг Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор гүтгэлээ. Энэ гэрээг байгуулахад би Ерөнхий сайдаар ажиллаагүй. Манай Засгийн газар зээлийн хүүг бууруулах, давхар татварын гэрээг 20 хувь болгож өөрчилсөн өөрчлөлтийг гэрээнд тусгасан. Харин төрийн ажил хийж байхдаа засгийн ажилд нөлөөлж, төмөр замын далан зэрэг олон ажлыг хийлгэж байгаагүй, би. Монгол төр нээлттэй, хариуцлагатай байж, хардаж, нээлттэй шалгаж, ард түмэндээ мэдээлэх ёстой. Хариуцлага алдсан бол хариуцлагаа үүрдэг байх асуудал ус агаар шиг хэрэгтэйг гэдгийг харуулж байна. Би төрөөс хулгай хийх шаардлагагүй. Өнөөдөр үдээстэй байсан амыг нээх боломжийг олгож байгаад талархаж байна. Ичсэн хүн хүн ална, өөрсөө алдаагаа дүгнэхийн оронд бусад руу чихэж, гүтгэж байгаад харамсч байна. Гадны бизнесментэй холбож, гадны хувийн байгууллагаар хийж, гадны шүүхээр хийлгэж, харлуулах бохир технологийг хаанаас явуулж байгаа нь ойлгомжтой болж байна. Бид өнөөдөр тусгаар улс, өөрийн гэсэн хуулийн байгууллагатай улс. Өнөөдөр бид хуулийн байгууллагаа хараат бус байлгах ийм хариуцлагатай үед Засгийн газрын тэргүүн хариуцлагатай, ухамсартай хандаж байгаад талархаж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Цаашид ийм асуудал дээр Ерөнхийлөгчийг оруулж ирдэг зохицуулалт хийх ёстой. ҮАБЗ-ийн хоёр гишүүний хоёр байр суурь өөр байна. Өчигдрийн жагсаал бол нийгэмд салхи авчирсан жагсаал болсон. Залуу үе хүний эрхийг дээдэлж, ардчиллын төлөө тэмцэж, авч явах юм байна гэсэн итгэл төрлөө. Иргэд гадаадад гацсан, оруулж ирий гэсэн таг, мөлгөр тайлбар хийсээр яваад өдийг хүрэв. Өчигдөр болсон тайван жагсаал бол төр чадваргүй, сэтгэлгүй олон жил явсан хүмүүс төр лүү орж ирж байна гэдгийг олон жил бид ярьсан, тэр нь одоо илэрч байна. Ах намуудаа цаашид намын хатуу гишүүнчлэлээр битгий оролцоорой. Ерөнхийлөгч ард түмний үймээн самуунд уриалсан гэж тодорхой мэдээллээ. Үүнийгээ нотлоорой. Хэрэв ингэсэн бол Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг ХҮН-ын даргын хувьд тавих болно.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-2021 оны Ерөнхийлөгчийн салхи сэвэлзэж эхэллээ гэж харж байна. Монголчууд бид өнөөдөр загасны ой санамжтай биш. 2018 онд М.Энхболдыг огцруулсан, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан, УИХ-ын шударга таван гишүүний жагсаал гээд шударга ёсыг тогтоох үйл явдлын манлайлагч нь У.Хүрэлсүх байсан. Өнөөдөр У.Хүрэлсүхийг би эх оронч гэж боддог байсан ч гадаадын сүр хүч ямар аймшигтай юм бэ гэж бодож байна. Харамсалтай байна. Энэ хүнийг Монгол Улсыг энэ хүнд цаг үед төрийн том үүрэг хүлээсэн гэж бодож байсан. Гэтэл ҮАБЗ-ийн гурван гишүүн тулгын гурван чулуу шиг шударга ёсны төлөө атгасан гар шиг ажиллана гэсэн чинь яасан бэ. Улс төр гэж ийм байдаг юм уу, У.Хүрэлсүх жудаггүй хүн юм уу.

Ингээд гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа байнгын хорооны дэмжсэн Монгол Улсын Засгийн газар огцрох хүсэлтийг дэмжиж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 гишүүн буюу 95,2 хувийн санадаар дэмжив. 

Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайд томилогдтол үүрэгт ажлаа хийхийг УИХ-ын тогтоолд тусгав. 

Үүгээр УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв. 

17 : 15
2021-1-21

Х.Баттулга: У.Хүрэлсүхийг чөлөөлөгдөхийг дэмжихгүй байна

УИХ чуулган (5)

У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр огцорч буйгаа мэдэгдсэн. Энэ асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралданд  17 гишүүнээс 13 гишүүн зөвшөөрч дээрх  санал дэмжигдсэн юм. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор  УИХ-ын гишүүн С.Бямбацогт горимын санал хэллээ. Тэрбээр “Парламентын түүхэнд МУ-ын Ерөнхий сайд өөрийнхөө хүсэлтээр огцрох санал гаргасан анхны тохиолдол боллоо. Мэдээж дөнгөж төрсөн нярай эхтэй зүй бусаар харьцсан эмнэлгийн байгууллагын ажилчдад харамсч байгаа. Үнэхээр байж боломгүй бүдүүлэг алдаа гаргасан. Гэхдээ төрийн алба хаагчийн алдаанаас болж хоёр сайд цаашлаад Засгийн газар огцрох нь цаашлаад монгол төрийн дархлаанд хортой. Урд хөлийг бүдрэхээр хойд хөлийг ташуурдана гэдэгтэй адилхан 200 мянган төрийн алба хаагчийн нэгнийх нь алдаанаас болж  ЗГ  огцордог жишиг тогтчих вий. Дэгийн тухай хуульд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг их хурлын гишүүд эсхүл Засгийн газар, Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх дэгтэй. Тиймээс анх удаа дэггүй, хуульгүй заалтыг хэлэлцүүлж өгөөч гэж горимын санал гаргаж байна” гэв.

Дэгээр зохицуулагдаагүй асуудлыг УИХ санал хураалтаар шийдвэрлэж явахаар зохицуулсан учраас С.Бямбацогтын гаргасан горимын саналыг УИХ даргалагч гишүүдээс гар өргүүлэн  хураав. Санал хураалтад 56 гишүүн оролцсоноос 55 нь дэмжиж горимын санал дэмжигдлээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд үг хэлсэн юм. Тэрбээр, “Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй. Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Өнөөдөр Оюутолгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд урьд өмнөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэс илүү нэгдмэл санаа бодол, нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан. Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг Улсын Их Хурлын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие ахалж ажилласны хувьд Монгол Улсын Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан. Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна. Өөрийн шууд удирдаж буй Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж бас байгаа. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй. Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индрээс мэдэгдье” гэлээ.

УИХ-ын гишүүдийн асуулт, тодруулга үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Үндсэн хуульт байгууллын эсрэг олон нийтийг турхирч байгаа асуудал 2017 оноос хойш илэрч байгаа. Энэ үйл ажиллагаа ил тод болох ёстой. Яагаад ард иргэд өөрсдийнхөө хүслээр жагсч болохгүй гэж. Тэдний жагсаалыг улс төрийн зорилгоор, өөрийн хүсэлд нийцүүлж өөрчлөх гэж, улсаасаа давсан том толгой гэж байх ёсгүй. Одоо болно. Өөрийг чинь бүгд мэднэ. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн төлөө яг байсан уу. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд нэг зүйлд баяртай байна. Шүүхийн шинэтгэлийг улс төрөөс хараат болгох улс төрийн манлайллыг гаргаж, зүрх сэтгэл гаргаж ажилласанд нь хувь хүнийхээ хувьд талархаж байна. Энэ бол үйлдэл, үлгэрлэл.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хариуцлагыг үүрч байна уу, зугатаж байна уу. Ард түмэн өчигдөр өөрсдөө гарч ирсэн. Ерөнхий сайдад АН-аас Үндсэн хуульд эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулна гэж заасан байхад УОК-оос өнгөрсөн нэг жилийн хугацаанд авсан арга хэмжээ нь хүмүүнлэг бус байсан. АН-ын бүлэг удаа дараа шаардлага хүргүүлж, хүмүүнлэг, хүний эрхийг дээдэлснийг сануулсаар ирсэн ч сайд, дарга нарын хариуцлагагүй үйлдлээс хүнлэг ёс гээгдэж ирсэн. Цар тахлын эсрэг зохих арга хэмжээ авч чадаагүй учраас 22-ын товчоон дээр амь насаа алдаж, гадаадад гацаж, дөнгөж төрсөн эх, хүүхдийг хүмүүнлэг бус зөөвөрлөсөн нь эрх баригчдын үнэн төрх. Хариуцлага тооцох хүмүүсийг ч АН-ын бүлгээс нэрлэж байсан. Ийн хэлсээр байтал тэр хүмүүстэйгээ хариуцлага тооцохгүй, Засгийн газар огцорч байгааг юу гэж тайлбарлах вэ. Мөн захиалгатай жагсаал, мөнгөөр жагсдаг гэж ярилаа. Энд нотолгоо байна уу. Цаашид энэ Засгийн газар коронавируст ялагдлаа гэж үзэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Амьдралдаа хариуцлагаас зугатаж явсангүй, үүрч амьдарсан түүхтэй, би. Хүн ажил авсан бол өгч чаддаг байх ёстой. Хоёр хоногийн өмнө нялх биетэй эмэгтэй ямар байдлаар ХӨСҮТ рүү авч явсныг би харсан. Эцэг хүний, охин хүүхэдтэй хүний хувьд миний сэтгэлийг үнэхээр эмзэглүүлсэн. Би заримдаа сэтгэл хатуутай боловч, заримдаа сэтгэл зөөлөн хүн. Уураа хүрвэл гар зөрүүлдэг, өрөвдвөл өр зөөлөн хүн. Covid-19-тэй тэмцэх ажил бол хүн болгоны хийдэг ажил. Нийслэл, аймагт хөл хорио тогтоох хэцүү. Ажил хийж байгаа хүнд алдаа гарна, анх удаа хийж байгаа үед ч. Жижигхэн Монгол биш дэлхийн тэргүүлэх улсууд ч цар тахлын өмнө хөл алдаж байна. Энэ явцад хүний эрх зөрчигдөх асуудал олон гарч байгаа. Хорио цээрийн дэглэм тогтооно гэдэг амар зүйл биш. Энэ явцад алдаа, дутагдал гарсныг би хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ УОК, энэ цар тахалтай халуу цэг дээр ажиллаж байгаа албан хаагчдын буруу биш шүү. Тэр хүмүүст бид баярлах ёстой. Цөөн тооны хүмүүсийн алдаатай үйл ажиллагаанаас үүдэж ийм байдал үүссэн. Уулын мод урттай, богинотой гэдэг шиг сэтгэлтэй, сэтгэлгүй хийж байгаа зүйл бий. Гэхдээ сэтгэлгүй нь цөөн гэж би бодож байна. Цаашид алдаа гаргавал, хариуцлагатай ажиллах ёстой юм байна шүү гэдгийг энэ үйлдлээрээ мянга, мянган төрийн албан хаагчид ойлгоосой гэж чин сэтгэлээсээ хүсч, огцорч байна. Алдаа гаргавал, хариуцлага алдвал хариуцлагаа өөрөө үүрээд явах ёстой шүү гэдгийг ойлгуулж байгаа юм,би. Зарим хүмүүс намайг хариуцлагаас зугатаж байна гэж бодож байх шиг байна, үгүй би хариуцлагаа үүрч байна. Би долдугаар сарын 1-ний хүсдэггүй. Үүний төлөөсөнд хэдэн цагдаа нар минь л хариуцлага хүлээсэн. Тиймээс Ерөнхий сайдын огцролтыг зөвөөр хүлээж аваад, битгий улс төр хийгээрэй. 2012 онд улс төрөөс зугатаж явсан гэж зарим нөхөд маань шүүмжилж байлаа. Би тэр үед эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, квотоор УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэгэхэд МАН сонгуулиар ялагдсан, тиймээс удирдаж явсан дарга нь УИХ-д инээж суух ёсгүй гэж явсан юм шүү. БИ ҮАБЗ-ийн хурал дээр энэ зөвлөл хэзээ ч хууль зөрчиж болохгүй, хэрэв та бид хууль зөрчвөл энэ төрд хууль зөрчдөггүй хүн байхад нь удаа дараа сануулж байсан. ҮАБЗ-д удаа дараа сануулж байгаа. Монголын төр хууль хэрэгжүүлдэг байх ёстой. Тэр дундаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалынхан. Төрийн ажлыг хувийн ажил болгож болохгүй. Хатуу удирдагчтай төрийг муу төр, хатуу хуулиа мөрддөг төрийг сайн төр гэж хэлдэг гэж би боддог. Сүүлийн таван жил чадахаасаа чадахгүй хүртлээ би зүтгэсэн. Харамсалтай нь миний хариуцаж байсан албан хаагчид эх хүнийг ингэж доромжилсон учраас би хариуцлага хүлээж, бусдад сургамж болоосой гэж хүсч байгаа юм. 

10 : 58
2021-1-21

С.Бямбацогт: Хөгжлийн төлөвлөлтийн хууль зөрчвөл хариуцлага тооцно

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байх талаар хэрхэн хамгаалах вэ. Сонгуулиар гарч ирсэн нам өөр бодлого хэрэгжүүлээд явбал яах вэ. Бодлогоо хөндөж, өөрчлөөд байх боломжийг хуульд суулгасан юм бишүү. Бүх салбарт нь төр анхаар гэдэг болсон, төрөөс татаас авч хөгждөг хандлага хөгжлийн бодлогод маш том сөрөг нөлөө үзүүлж байгаа. Нийгэмд боддог, ярьдаг хүмүүсийн тоо хэт цөөрч байна. Ажлын хэсгийн санал дүгнэлт маш сайн болсон байна. Засгийн газарт үүрэгжүүлээд, хөгжлийн бодлого төлөвлтийг биелүүлэхгүй байгааг шат шатандаа ойлгох хэрэгтэй. Мөнгө яаж зарцуулах талаар ярихаас яаж бодлоготой байх вэ гэдэг дээр ажлын хэсэг сайн дүгнэлт гаргасан байна лээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Монгол Улсын төр урт хугацааны төрийн хар хайрцагны бодлоготой байх гэж өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар оролдож байсан. Хамгийн гол нь ялсан нам нь өөрсдийн мөрийн хөтөлбөрийг тусгаж, өөрчилдөг байсан. Ингэснээр ямар нэг хариуцлага тооцдоггүй байсан. Үүнийг засах гэж бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Тиймээс хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, урт хугацааны бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлэхгүй, өөрчилбөл Үндсэн хуулийн хариуцлага хүлээхээр хуульд тусгасан.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудал ярих учраас үдээс өмнөх чуулганы хуралдааныг түр завсарлууллаа. 

10 : 11
2021-1-21

Чуулганы хуралдаан эхэллээ

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | УИХ-ын чуулган хуралдаж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, January 20, 2021

УИХ-ын өнөөдөр /2021.01.21/-ийн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Хүнсний үйлдвэрлэл, хангамжийг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж