Жо Байден тангаргаа өргөж, албан ёсоор АНУ-ын Ерөнхийлөгч болсоны дараа дэлхийн удирдагчид баяр хүргэж, харилцаагаа сайжруулж, өмнөх Ерөнхийлөгчийн зарим бодлогыг өөрчилнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. "АНУ эргэж ирлээ. Европ бэлэн байна" гэж Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен тангараг өргөхөөс хэдэн цагийн өмнө твиттертээ мэдэгдэв. Тэрээр Байденыг "эртний итгэлт түнш" гэж хэлээд "Би Жо Байдентай хамтарч ажиллана гэж найдаж байна" хэмээсэн байна.
Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель Европын парламентад үг хэлэхдээ “Америкчууд тайван замаар эрх мэдлээ шилжүүлж байгааг онцлоод, сүүлийн дөрвөн жилд ихээхэн ан цав үүсээд байсан Транс Атлантын харилцааг шинэчлэх боломж бий боллоо” хэмээн хэлжээ.
Ерөнхийлөгч асан Дональд Трамптай байнга зөрчилдөж байсан Германы канцлер Ангела Меркель "Би Герман-Америкийн найрамдалт, хамтын ажиллагааны шинэ бүлгийг тэсэн ядан хүлээж байна" гэж хэлсэн бол Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон "Бид цаг үеийнхээ сорилтыг даван туулахад, ирээдүйгээ бүтээхэд, эх дэлхийгээ хамгаалахын тулд илүү хүчтэй байх хэрэгтэй. Парисын хэлэлцээрт дахин тавтай морилно уу!" гэсэн байна.
Тэгвэл Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон АНУ-ын Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч нарын тангараг өргөх ёслолыг "түүхэн үйл явдал" хэмээн онцлоод "АНУ-ын эрх баригчид цаг уурын өөрчлөлтөөс эхлээд covid-19 хүртэл амин чухал шийдвэрүүдийг гаргана гэдэгт найдаж байна” гэжээ. Итали, Грек, Испани болон Европын холбооны бусад орны удирдагчид ч АНУ-ын засаг шинэчлэгдэж буй үйл явдлыг сайшаалтайгаар хүлээн авсан байна.
ЕХ-ны орнуудаас Трампын цөөхөн шүтэн бишрэгчдийн нэг Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Байденд баяр хүргэсэн ч өмнөх засаглалын үед түүний АНУ-тай харилцаа хэрхэн сайжирсныг тэмдэглэв. "АНУ, Унгарын найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаа олон салбарт асар их нөөц бололцоотой болохыг өнгөрсөн дөрвөн жил нотолсон гэдэгт би бүрэн итгэж байна. Энэхүү цаг хугацаа орон зай нь манай хоёр орны харилцаанд аюулгүй байдал, эрчим хүчний бодлого, эдийн засгийн салбарт шинэ давхрага нээж өгсөнд таатай байна" гэсэн байна.
Ромын Пап Францис мөн тангараг өргөх ёслолын үеэр сэтгэгдлээ хуваалцаж, “Байдены удирдлаган дор Америкийн ард түмэн улс төр, ёс зүй, шашны үнэт зүйлсээрээ хөглөгдөн хүчирхэгжсээр байх болтугай" хэмээн ерөөсөн байна. Мөн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо олон нийтийн сүлжээгээр дамжуулан "Манай хоёр улс түүхэн дэх хамгийн том сорилтуудыг хамтдаа шийдсэн. Би энэхүү түншлэлээ үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна" гэсэн бол Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард хоёр орны харилцаа сайн байж, харилцан хүндэтгэлийн шинэ эрин үеийг эхлүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Трампыг даган дуурайгч гэгддэг Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаро “Хоёр улсын харилцаа урт удаан, бат бөх, өндөр үнэт зүйлд суурилсан" хэмээн жиргэжээ.
Өмнөд Америк дахь АНУ-ын гол холбоотон Колумбийн Ерөнхийлөгч Иван Дюк Маркес "Хоёр улсын харилцаа улам бүр хүчтэй болж байна" хэмээн цохон тмэдэглэсэн байна. Энэтхэгт Ерөнхий сайд Нарендра Моди твиттертээ "Жо Байденд халуун баяр хүргэе. Энэтхэг-АНУ-ын стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн тулд түүнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна" хэмээжээ. Дашрамд дурдахад, АНУ-ын анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч болж буй Камала Харрис нь Энэтхэг гаралтай хүн юм. Тиймээс ч энэтхэгчүүд АНУ-ын шинэ засгийг сэтгэл догдлон хүлээн авч байгаа билээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч “Кремль АНУ-ын харилцааг сайжруулахад бэлэн байна” гэж мэдэгдсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд Байдены ялалтыг хамгийн сүүлд хүлээн зөвшөөрсөн төрийн тэргүүнүүдийн нэг юм.
Тэгвэл АНУ-ын мөнхийн дайсан гэгддэг Иран улсын Ерөнхийлөгч Хассан Роухани Байдены засаг захиргааг хуулинд чин сэтгэлээсээ захирагдаж, үнэнч шударга байдлаа бодит байдал дээр харуулна гэж найдаж байгаагаа илэрхийлээд өөрсдийн хүлээсэн үүргээ ч биелүүлэхээ амласан байна.
Израилийн эрх баригчид Трамп, Байден нарыг хоёуланг нь магтаж, шинэ засаг захиргаа Ирантай цөмийн хэлэлцээр хийх гэж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлэв. Тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Байдены тангараг өргөх ёслолын үеэр видео мэдэгдэл гаргаж, Байден, Харрис нарт "түүхэн тангараг өргөх ёслол" –д нь баяр хүргэж, "Ерөнхийлөгч Байден, та бид хоёр олон арван жилийн өмнөөс халуун дотно найрсаг харилцаатай байсан. Би цаашдын хамтын ажиллагааг тэсэн ядан хүлээж байна” хэмээжээ. Харин Хятад улсын зүгээс АНУ-ын шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэхээ урьтал болгосонгүй. Тус улсын Засгийн газар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй засаг захиргааг шүүмжилжээ. Хятад улс Трампын засаг захиргааны хуучин 28 албан тушаалтныг, түүний дотор Майк Помпео, Жон Болтон нарыг хориг арга хэмжээ авч буйгаа мэдэгдсэн байна. Тус улсын төрийн мэдлийн Синьхуа агентлаг твиттертээ "Төвөг удагч, Дональд Трамп!" хэмээн жиргэсэн байна.
Эх сурвалж: NPR
Холбоотой мэдээ