АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын ажиллагаа өнгөрсөн шөнө /2021.01.20/ Улаанбаатарын цагаар 23:00 цагт эхэлсэн. Нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордонд гарсан үймээнийг давтахгүйн тулд энэ удаагийн тангараг өргөх ёслол дээд зэргийн өндөр хамгаалалт дор болж байна. Ёслолын ажиллагаанд алдарт дуучин Женнифер Лопез уригдан ирж "This land is your land" дууг дуулсан бол Лэйди Гага төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.
Цар тахлын улмаас энэхүү ёслолын ажиллагааг урьд өмнөхөөс илүү цомхон хүрээнд зохион байгуулж байгаа юм. Шинэ Ерөнхийлөчгийн тангараг өргөх ёслолын хамгаалалтад 25 мянга орчим дотоодын цэрэг буюу Үндэсний Гвардын цэргийг дайчилжээ. Түүнчлэн цэргүүдийн дотроос халдлага гарч магадгүй гэж үзсэн учраас ёслолын ажиллагаанаас өмнө цэргүүдийг нэг бүрчлэн Холбооны мөрдөх товчооноос шалгасан байна.
Байдены тангарагийн ёслолд Дональд Трампын засаг захиргааны дэд Ерөнхийлөгч Майк Пэнс, экс Ерөнхийлөгч Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама болон тус улсын Дээд шүүхийн шүүгч нар хүрэлцэн ирлээ. Харин албанаасаа бууж буй Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд өрсөлдөгчийнхөө тангаргийн ёслолд оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн бөгөөд ёслолоос хоёр цаг гаруйн өмнө Цагаан ордноос явсан юм. Тэрбээр орчин үеийн АНУ-ын түүхэнд залгамжлагчийнхаа тангараг өргөх ёслолд оролцоогүй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна. Дональд Трамп нь сонгууль будлиантай болсон хэмээн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн удаан хугацаанд заргалдсан ч тэр өөрийн мэдэгдлээ нотолж чадаагүй билээ.
Өдгөө 78 настай Жо Байдены хувьд тус улсын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч болж байгаа бол Энэтхэг гаралтай Камала Харрис нь анхны эмэгтэй бөгөөд өнгөт арьст, Ази гаралтай дэд Ерөнхийлөгч болж байгаагаараа онцлог юм.
Жо Байден “Жозеф Робинетт Байден би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг үнэнч шударгаар гүйцэтгэж, Нэгдсэн улсын Үндсэн хуулийг дээдэлж сахин хамгаалахын төлөө бүхий л хүчин чадлаа дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай” хэмээн тангаргийн үгээ хэлээд ардчилал ялсныг онцлон тэмдэглээд америкчуудыг нэгдмэл байхыг уриалсан байна. Түүний өмнө дэд Ерөнхийлөгч Камала Харрис тангаргаа өргөсөн юм.
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден “Өнөөдөр бол Ардчиллын өдөр. Түүхэн итгэл найдварын өдөр. Мөн манай үндэстний нэгдлийн өдөр болж байна. Ардчилал үнэ цэнэтэй гэдгийг бид дахин мэдэрлээ. Олон зууны туршид шуурга, тэмцлийн дунд, энх тайван, дайны хооронд бид өдий зэрэгт хүрсэн. Одоо бидэнд хийх зүйл олон байна. Энэ жил аюул, эрсдэлтэй байгааг бүгд мэдэж байгаа. Тиймээс бид хурдтай ажиллах хэрэгтэй байна. Засах, сэргээх, сэргээх зүйл маш их байна. Сүүлийн нэг илийн хугацаанд америкчууд бид түүхэнд ховорхон тохиодог том сорилттой тулгарч, дайны талбарт алдсанаасаа илүү хүнээ алдлаа, олон сая ажлын байр үгүй болж, олон мянган аж ахуй нэгж хаагдлаа. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг,шударга ёсны дуу хоолой биднийг сэрээсэн. Уур хилэн, дургүйцэл, үзэн ядалт, хэт туйлшрал, хууль бус байдал, хүчирхийлэл, өвчин, ажилгүйдэл гээд бидэнтэй цаашид тулгахар эдгээр бэрхшээлүүдийг даван гарахын тулд эв нэгдэл л чухал. Биднийг дэмжсэн хүмүүст даруухнаар баярлалаа гэж хэлсээр байна. Харин эсрэг санал өгсөн хүмүүс минь хамтдаа урагш тэмүүлэхийн тулд биднийг, бидний зүрх сэтгэлийг сонсоорой. Хэрэв та одоо ч санал зөрж байгаа бол энэ бол ардчилал, энэ бол Америк. Биднийг эсэргүүцэн дуу хоолойгоо хүргэж буй тань ч ардчиллын агуу хүч юм шүү. Би бүх америкчуудын Ерөнхийлөгч байж, бүгдийн нь төлөө тууштай тэмцэж ажиллана. Цэнхэр улаан, хөдөө, хот, консерватив, либерал гэж хоорондоо ялгарч, тэмцэлдэж буй энэ иргэний дайныг бид эцэслэх ёстой. Хэрэв бид бага зэрэг хүлээцтэй, нэгнийхээ оронд өөрийгөө тавьж үзэх ганцхан хормыг тэвчвэл бүхнийг хийж чадна. Бид улс төрөө хойш тавьж, нэг үндэстэн шиг энэ цар тахлын эсрэг тулалдах ёстой. Өнөөдөр дэлхий нийт биднийг харж байна. Бид эвслүүдийг дахин засч, дэлхийтэй дахин найрсагаар харилцах болно. Бид энх тайван, хөгжил дэвшил, аюулгүй байдлын төлөө хүчтэй, итгэлтэй түнш байх болно” хэмээн хэлжээ.
Тэрбээр тангаргаа өргөж дуусаад хэд хэдэн санамж бичиг болон 15 тушаалд гарын үсэг зурсан юм. Тэр өөрийн мөрийн хөтөлбөрүүдээ баталж, өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын олон бодлогыг эсрэгээр нь хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ. Байдены хувьд албан тушаалаа авсан эхний хэдхэн цагийн дотор 15 захирамжид гарын үсэг зурсан урьд өмнө хэзээ ч хурдтай шийдвэр гаргасан явдал болж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хоёр долоо хоног ажилласны дараа ердөө найман тушаалд гарын үсэг зурж байсан бол Барак Обама есөн тушаалыг баталгаажуулж байв.
Дээрх 15 захирамжид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд АНУ-ыг дахин нэгтгэх, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гишүүнчлэлээ сэргээх, зарим исламын шашинт орнуудын эсрэг тавьсан визний хоригийг цуцлах, “Keystone XL” газрын тос дамжуулах хоолойн зөвшөөрлийг цуцлах, Холбооны засгийн газрын байр байгууламжуудад амны хаалт заавал зүүх журмыг хэрэгжүүлэх, Дональд Трампын 2018 онд Мексикийн хид дагуу хана босгон зарласан онц байдлын дэглэмийг цуцлах зэрэг шийдвэрүүд багтжээ.
Холбоотой мэдээ