"Өнгө будаг гээч хүчтэй мэдрэмж төрүүлж чаддаг эд"

Хуучирсан мэдээ: 2021.01.21-нд нийтлэгдсэн

"Өнгө будаг гээч хүчтэй мэдрэмж төрүүлж чаддаг эд"

"Өнгө будаг гээч хүчтэй мэдрэмж төрүүлж чаддаг эд"

Урчуудын эвлэлийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан зураач Б.Батжин “Монгол арт” галерейд "Sound of leaves" уран зургийн бие даасан үзэсгэлэнг 10 хоногийн хугацаанд толилуулна. Тэрбээр Дүрслэх урлагийн дээд сургуулийг уран зураач мэргэжлээр төгссөн бөгөөд 2010 оноос АНУ-ийн Mиссури их сургуульд мэргэжил дээшлүүлэн суралцсан нэгэн.

 Залуу уран бүтээлч АНУ, Щвейцарь, Герман улсуудад бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдээ толилуулж байжээ. Монголын дүрслэх урлагийн залгамж халаа болсон тэрбээр орчин үеийн модерн, абстракт чиглэлийн бүтээлүүдээр уран бүтээл туурвиж, хөгжүүлэхийг зорьж яваа зураач билээ.


-Зураач хүний ур чадвар, арга барил үзэсгэлэнгээс үзэсгэлэнгийн хооронд ахиж, өөрчлөгдөж байдаг. Энэ удаагийн үзэсгэлэн нь уран зураг сонирхогчдыг ямар ертөнцөөр аялуулах нь сонин байна?

-Миний хувьд энэ удаагийн үзэсгэлэн маань эх орондоо гаргаж буй тав дахь үзэсгэлэн. Энэ удаагийн үзэсгэлэнгээрээ аль болох шинэлэг уран бүтээл хийхийг эрмэлзэж, тэмүүлсэн гэх үү дээ. “Монгол арт” галерейд өчигдөрхөн /2021.01.19/ үүдээ нээсэн шинэ үзэсгэлэнд абстрак, модерн чиглэлээр зурсан, орчин үеийн хийсвэр сэтгэлгээний 20 гаруй бүтээл багтсан байгаа.

Хийсвэр сэтгэлгээний буюу абстракт уран зургууд нь хэзээ ч дахин давтаж хийх боломжгүй цор ганц бүтээлүүд байдаг. Яагаад гэвэл тэндээс маш олон санаандгүй өнгөний уусалт, хэлбэр дүрс, техникүүд гардаг. Тиймээс зохиомжууддаа өнгөний зузаан нимгэн, хатуу зөөлөн гэсэн маш олон арга техник ажиллагаануудыг харуулахыг хичээж шинэ шинэчлэлийг ч туршиж үзсэн. Эдгээр уран бүтээл маань 2020 оны хийсэн ажлууд гэж ойлгож болно.

-Таны уран бүтээлүүдийг харж байхад тод өнгөөр “ноёлсон” харагддаг?

-Өнгө будаг гээч өөрийн гэсэн утга санааг илэрхийлж, маш хүчтэй мэдрэмжийг төрүүлж чаддаг эд. Би өмнө нь ихэвчлэн тод өнгөөр  “тоглодог” байсан. Харин энэ удаа зөөлөн завсрын өнгө давамгайлж байгаа. Өөрийн мэдэлгүй өөрчлөгдөж байгаа юм болов уу.

Намрын зохиомж

-Өмнө нь АНУ, Германд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан гэж дуулсан. Хилийн чанадад бие даасан хэчнээн үзэсгэлэн гаргасан бэ?

-Би Америк, Герман, Швейцарь, Монголд нийт 10 орчим үзэсгэлэн гаргасан. Миний хувьд АНУ-д суралцаж, ажиллаж байх хугацаандаа дөрвөн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Өнгөрөгч 2019 онд Германд нэг, Монголдоо тав дахь үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм.

-Цөөнгүй залуу уран бүтээлч ОХУ-д зураач мэргэжлээр суралцаж, эх орондоо уран бүтээлээ туурвиж байгаа. Таны хувьд АНУ-д мэргэжил дээшлүүлж суралцсан. Арга барил, ур чадвар, урсгал чиглэлийн ялгаа хэр байдаг бол?

-Би АНУ-д найман жил амьдарч байгаад эх орондоо ирсэн. Монголд ирэхдээ “Монголчуудын орчин үеийн урлагийн талаар ойлголт хэр байгаа бол” гэсэн бодолтой байсан. Тэгээд Монголдоо амьдраад, уран бүтээл хийхэд маш гайхамшигтай, олон хүн орчин үеийн урлагийг ойлгож, үнэлдэг, цуглуулагчид ч олон болсон байна лээ. Үүнд үнэхээр баяртай байдаг.

АНУ-д орчин үеийн контемпорари чиглэлээр давамгай байдаг. Харин ОХУ-д их сургууль төгссөн зураач риалист бодит зургийн чиглэлээр түлхүү суралцаж төгссөн байдаг. Монголын дүрслэх урлагт өөр өөрийн арга барилаар уран бүтээл хийж, түүчээлж буй залуу уран бүтээлчдээ их үнэлдэг.

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог гэвэл?

-Олон төрлийн өнгөний уусалт болон бүтээл туурвиж байх үеийн сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн бүтээлүүд байгаа учир үзэгчид энэ мэдрэмжийг сэтгэл зүрхээрээ мэдэрч, таашаал аваасай гэж хүсч байна.

Навчисын анир Б.Батжин

Үзэсгэлэнгээ дэлгэчихээд харахад, тодорхой хэмжээгээр өөрийгөө эвдэж, өмнө нь хийж байгаагаа уран бүтээлээ хийх эрэл хайгуул хийсэн юм болов уу гэж бодож суулаа. Аль болох шинэ сонин бүтээл хийхийг эрмэлздэг. Гэхдээ сэдэв санаа давтагдахгүй байна гэж байхгүй л дээ.

-Уран зургийн галерейд гаргаж буй үзэсгэлэнгүүд үнэ төлбөргүй байдаг. Үзэсгэлэн буусны дараа зураачдын уран бүтээлийг хүмүүс хэр худалдан авдаг бол?

-Дөнгөж их сургуулиа төгсч, анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргах мөч үнэхээр сайхан. Надад үзэсгэлэн гаргаад, нэг ч борлуулалт байхгүй ч үе байсан. Хүн тууштай, шаргуу ажиллаж, ур чадвараа ахиулж чадвал цаг хугацааны эрхээр карьер нь өсдөг. Тэр хэрээр уран бүтээлийнх нь үнэлгээ сайжирдаг. Одоо өөрийн арга барилыг олж, хүмүүст танигдахын хэрээр зургуудыг маань хүмүүс дажгүй сайн авдаг.

Гэртээ сууж байхдаа, гадуур гудамжинд алхаж байхдаа гэнэт цаасан дээр буулгамаар тийм нэг агшинтай таардаг уу?

-Алхам тутамд л тийм агшинтай таарна. Шууд хараад зурчих юмсан гэхээс илүү байгаль дэлхий, хот суурин газрын өвөрмөц өнгөний хоршил, уусалтыг орчин үеийн абстракт зургийн арга барилаар буулгаж, толгойдоо хадгалдаг. Заримдаа зураг зурмаар санагдвал тухайн мөчид орж ирсэн мэдрэмжээрээ зурчихдаг.

Миний амьдралын ихэнх цаг хугацаа урланд өнгөрдөг. Гэр бүл, эхнэр, хүүхдээсээ илүү уран бүтээлдээ цаг зарцуулдаг гэж хэлж болно. Нэг бодлын хэцүү л дээ. Өөрийн эрхгүй хийх ажил ихтэй уран бүтээлээ хийдэг.

-Зураач С.Болдбаатар бол таны аав. Энэ мэргэжлийг сонгоход аав тань их нөлөөлж, дэмжсэн тухай ярьсан байдаг. Сүүлд 2017 онд аавтайгаа хамтран үзэсгэлэн гаргасан. Аав, хүү хоёр дахин үзэсгэлэн гаргах уу?

-Би АНУ-аас ирээд удалгүй аавтайгаа хамтран “Blue mon” галерейгаас санал тавьж, хамтарсан үзэсгэлэн гаргасан. Цөаашид санаж бодож байгаа юм олон байна. Аавтайгаа хамтран дахин үзэсгэлэнгээ гаргах байх.

Би чинь хүүхэд наснаасаа зураач хүний гэрт өссөн болохоор тэр будаг шунх, материалыг хар багаасаа мэднэ. Аав минь өдийг хүртэл надад маш үнэтэй, чин сэтгэлийн үнэнч зөвлөгөө өгсөөр ирсэн. Энэ нь миний азтай хувь тохиол гэж боддог. Аавтайгаа зөвлөлдөж, хамтарсан зураг бий.

"Зохиомж"
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж