Европын хөлбөмбөгийн 2020-2021 оны улирал талдаа орж, өвлийн солилцоо наймааны цонх нээгдээд багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн улирлыг бодвол лигүүд цар тахалтай эвлэрч, үйл ажиллагаагаа зогсоосонгүй. Зарим лигүүд үзэгчдийг цэнгэлдэхэд оруулж эхлэв. Энэ удаад та бүхэндээ Европын топ таван лигийн эхний хагасын тоймыг хүргэж байна.
- Английн Премьер лиг
Европын гэлтгүй дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй Премьер лигийн багуудын дунд цар тахлын тархалт өндөр байгаа ч лигийн удирдлагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Энэ улирлын аваргын төлөөх өрсөлдөөн ширүүн болно гэдгийг эхний хагас хангалттай харууллаа. Лэйстер, Эвертон, Вест Хэм, Астон Вилла зэрэг багууд таамаг эвдэж, топ зургаан багийн дундуур орох төлөвтэй байна.
Гэнэтийн бэлэг барьсан баг – Улирал эхлэхийн өмнө Лэйстер Ситиг өдийд хүснэгтийг тэргүүлж байна гэж олон хүн бодоогүй нь лавтай. Улирлын эхэнд багийн гол тоглогчид болох Бен Чилвелл болон Адриэн Силва нарыг явуулсан ч үнэгнүүд Уэсли Фофана, Тимоти Кастань хэмээх хоёр залуу хамгаалагчийн өндөр үнээр багтаа элсүүлсэн. Залуу хамгаалагчид ч Английн хөлбөмбөгт хурдан идээшиж, хэдийнэ багийнхаа гол тоглогчид болжээ. Мөн Лэйстер Ситигийн энэхүү сайн амжилтыг Жэймс Мэддисон болон Харви Барнес нартай холбох хэрэгтэй.
Хүлээлтэнд хүрээгүй баг – Энэ улиралд Английн Премьер лигт тэсрэлт хийнэ гэгдэж байсан Лондоны Челси жинхэнэ утгаараа “сүйрч” байна. Нийтдээ 275 сая ам.доллар зарцуулж авчирсан Кай Хаверц, Тимо Вернер, Хаким Зиеш зэрэг тоглогчид нь тун тааруу тоглолтыг үзүүлж, өдгөө Челси лигтээ наймдугаар байранд сүүлийн найман тоглолтоосоо ердөө хоёрхон хожсон үзүүлэлттэй бичигдэж байна. Улирлыг давгүй эхлүүлсэн Фрэнк Лампардын залуус 12-р сараас эхлэн уналтанд орж эхэлсэн. Сүүлийн үед гарсан мэдээллээр тус багийн удирдлагууд ахлах дасгалжуулагч Фрэнк Лампардад бүх бурууг үүрүүлж, ажлаас нь халах гэнэ. Түүнийг орлох хамгийн боломжтой хүнээр ПСЖ багийн ахлах дасгалжуулагч асан Томас Тухель тодроод байна.
- Испанийн Ла лиг
Нарлаг Испанийн хөлбөмбөгт цар тахлын аюул бага учирч байна. Лигийн тоглолтууд төлөвлөгөөний дагуу ямар ч саадгүй явагдаж байгаа нь сайшаалтай. Атлетико Мадрид, Реал Мадрид, Барселона гэсэн гурван баг ээлжлэн ноёрхлоо тогтоогоод чамгүй хугацаа өнгөрлөө. Энэ улирал ч мөн тийм дүр зураг харагдаж байна.
Гэнэтийн бэлэг барьсан баг – Диего Симеонегийн Атлетико Мадрид энэ улиралд лигтээ ердөө ганц хожигдож, 16 тойргийн дараах байдлаар зургаахан гоол алдаад байна. Мөн тэд хоёр тойргийн тоглолт хийх дутуу, ардаа байгаа Реал Мадрид багаас дөрвөн оноо илүү хүснэгтийг тэргүүлж байна. Улирлын өмнө Барселонагаас Луис Суарезыг үнэгүй шахам авсан нь үр дүнгээ өгч, өдгөө Уругвай довтлогч есөн гоолтой мэргэн буучдын жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэж байна. Түүнээс гадна Хятадын лигээс эргэн ирсэн Янник Карраско, Англи жигүүрийн хамгаалагч Киран Триппьер зэрэг тоглогчид тун давгүй формтой байгаа гэдгээ улирлын эхний хагаст харууллаа. Нийслэлийн багийн хувьд саяхан Диего Коштаг багаасаа чөлөөлж, түүний оронд Францын Лион клубээс Мусса Дембелег худалдан авах нөхцөлтэйгээр зээлээр багтаа нэгтгэжээ.
Хүлээлтэнд хүрээгүй баг – Валенсиа клубын уналт үргэлжилсээр байна. Санхүү, мөнгөний тал дээр хүнд нөхцөл байдалд байсан тус багийн хувьд улирлын эхэнд Ферран Торрес, Родриго, Жиоффри Кондогбиа зэрэг гол тоглогчдоо зарж, банкны өрөө бага ч гэсэн дарж чадсан. Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих ажилдаа хамаг анхаарлаа хандуулж, банкнаас сая сая еврогийн зээл авсан ч эцэстээ цар тахалт бут цохиулж, дампуурлын ирмэгт иржээ. Хоёрхон улирлын Европын клубуудын дундах хамгийн том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигт оролцдог байсан баг өдгөө доод лиг рүү унах бүсээс хоёрхон онооны дээр бичигдэж байна.
- Германы Бундеслиг
Бундеслигт цар тахлын аюул бага нүүрлэж, бүх зүйл хэвийн явагдаж байгаа. Байерн Мюнхен дүрэм ёсоор лигээ илт тасархай тэргүүлж тэдний араас Байер Леверкузен, РБ Лейпциг, Боруссиа Дортмунд зэрэг багууд удаалж байна. Багийн амжилтаа дагаад Роберт Левандовски ч лигтээ 16 тоглолтонд 21 гоол оруулж дахин Месси, Роналдо хоёрын урд бичигдэхээр айсуй.
Хүлээлтэнд хүрээгүй баг – Гурван улирлын өмнө л лигтээ аман хүзүүдэж явсан Шальке 04 баг энэ улиралд 14 тоглолт дараалан хожил аваагүй байсан цувралаа өнгөрөгч нэгдүгээр сарын 9-ний өдөр 1899 Хоффенхайм багийн эсрэг зогсоолоо. Хамгаалалт гэж шүүрэн шанага болсон тус багийн хувьд одоогоор 16 тоглолтонд 42 гоол алдаад байна. Шинэ улирлаа Байерн Мюнхенд 0-8 гэж хожигдож эхлүүлсэн Шальке 04 одоогоор 16 тоглолтынхоо 11-т нь хожигдож, наймхан оноотой доод лиг рүү унах бүсэд бичигдэж байна. Энэ байдлаараа дахиад 7-8 тойрог явбал түүхт Шальке 04 баг доод лигийн баг болох нь. Энэ багаас та бүхний сайн мэдэх Мануэль Нойер, Жоел Матип, Юлиан Дракслер, Мезут Өзил, Илкай Гюндоган, Лерой Сане зэрэг өнөө цагийн шилдэг тоглогчид төрөн гарч ирсэн түүхтэй.
- Италийн Сериэ-А лиг
Италийн Сериэ-А лиг энэ улирал өрсөлдөөнтэй явагдаж байгаа. Италид цар тахлын тархалт өндөр хэвээр байгаа ч Сериэ-А лиг нэг ч тоглолтоо хойшлуулаагүй гэдэг нь сайн хэрэг. Энэ улирлыг Ювентус тааруу эхлүүлж бусад АС Милан, Интер Милан, Наполи, Рома, Аталанта, Лацио зэрэг багуудын дунд өрсөлдөөнийг үүсгэж байна.
Тэсрэлт хийсэн баг – Милан хотын улаан харууд 18 тойргийн дараах байдлаар ердөө ганц хожигдсон үзүүлэлттэй лигээ тэргүүлж байна. АС Миланы энэ сайн амжилттай 39 настай Златан Ибрахимович, Турк хагас хамгаалагч Хакан Чалханоглу нар салшгүй холбоотой. Златан одоогоор лигтээ 12 гоол оруулаад байгаа бол Хакан зургаан гоолын дамжуулалт өгөөд байна. Мөн Рафаэль Лео, Франк Кесси зэрэг залуу тоглогчдынх ч сайн тоглолт багтаа хэрэгтэй хожлуудыг авчирсан.
- Францын Лиг-1
Францын лигт урьдын адил ПСЖ хүснэгтийг тэргүүлж, Лилле, Лион, Марсель зэрэг багууд удаалж байна.
Гэнэтийн бэлэг барьсан баг – Ойрын жилүүдэд уналтанд ороод байсан Монако энэ улирал сайн формтой байна. Хэдхэн жилийн өмнө Килиан Мбаппе, Радамел Фалкао, Бернардо Силва, Бакаёоко тэргүүтэй бүрэлдэхүүнээрээ УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээд үлдэж байсан тус багийн шинэчлэлт дуусч үр өгөөжөө өгөөд эхэлжээ. Германаас авчирсан Кевин Волланд болон Испаниас авчирсан Виссам Бен-Йеддер нийлээд 19 гоол оруулаад байгаа нь лигтээ толгой цохих үзүүлэлт. Багийн ахлах дасгалжуулагчаар нь хүртэл цагтаа Хорватын шигшээ баг, Байерн Мюнхен зэрэг багуудыг дасгалжуулж байсан Нико Ковач ажиллаж байна. Угтаа Цеск Фабрегас, Александр Головин зэрэг төвийн шугамын туршлагтай, давгүй тоглогчид байгаа ч Нико Ковачийн хувьд Софиан Диоп, Орельен Тчуамени, Бену Бадиашил гэх 20 настай гурван залууг түлхүү ашиглаж байгаа нь үр дүнтэй байна.
Холбоотой мэдээ