"Эмнэлэг бүр эрсдэлтэй биш, вакциныг цагт нь хийлгэ"

Хуучирсан мэдээ: 2021.01.21-нд нийтлэгдсэн

"Эмнэлэг бүр эрсдэлтэй биш, вакциныг цагт нь хийлгэ"

"Эмнэлэг бүр эрсдэлтэй биш, вакциныг цагт нь хийлгэ"

“Эмнэлгээр үйлчлүүлэх нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Гэтэл харьяа эмнэлгээс хүүхдийнхээ вакциныг ирж хийлгэ гэж шаардаад байх юм. Яах ёстой юм бэ" гэсэн асуулт бага насны хүүхэдтэй эцэг, эхийн сэтгэлийг чилээж байна. Судалгаанаас харахад эмнэлгийн тусламжтай холбоотой халдварын 61.7 хувийг 0-5 насны хүүхдүүд эзэлдэг.  Энэ утгаараа ч, дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж, дор бүрнээ сонор сэрэмжтэй байгаа үед хүүхдээ эмнэлэгт дагуулж очоод вакцин хийлгэх нь болгоомжлох асуудал мөнөөс мөн. Тиймээс заавал эмнэлэгт очиж вакцин хийлгэх шаардлагатай юу гэдгийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.


-Эмнэлэг нь халдвар дамжуулах эрсдэлтэй байгаа энэ үед заавал эмнэлэгт очиж вакцин хийлгэхийг шаардлагатай юу?

-Эмнэлэг бүр эрсдэлтэй биш. Хүүхдийн вакциныг харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ( ӨЭМТ) хийж байгаа. Эрүүл мэндийн анхан шатны байгууллага буюу ӨЭМТ нь хүнд өвчтөнд үйлчилдэггүй, зөвхөн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Маск зүүж, хувийн халдвар хамгааллын дэглэмээ сахиад харьяа ӨЭМТ-дөө очоод хүүхдийнхээ вакциныг хийлгэхэд эрсдэлгүй. Тиймээс иргэд харьяа ӨЭМТ-тэйгөө холбогдоод, хэдэн цагт очихоо лавлаад вакцинаа хийлгэж болно.

-Гэхдээ л гэрээс гараад л халдвар авах эрсдэл дунд амьдарч байгаа тул вакцин хийх хугацааг халдвар намдах хүртэл хойшлуулж болохгүй юу?

-Вакциныг хийлгэхдээ товлолын дагуу тогтоосон хугацаанд нь очиж хийлгэх ёстой байдаг юм. Товлолын вакциныг хийхдээ бид тодорхой хэмжээнд судалгаа хийж, шинжлэх ухаанд суурилсан хугацаа, товлолыг гаргадаг. Өөрөөр хэлбэл тухайн вакциныг гурван удаа хийж байж дархлаа тогтоно гэсэн л бол тогтоосон хугацаанд вакцинаа хийлгэх хэрэгтэй. Ингэж байж тухайн халдварт өвчний эсрэг дархлаа хугацаандаа тогтох боломжтой гэсэн үг. Цаг тухай бүрт вакцинжуулалт хамрагдсанаар дархлаа бүрэн тогтож халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Товлосон хугацаандаа вакцинаа хийлгээгүйн улмаас хүүхдийн дархлаа нь суларч, халдвар авах эрсдэлийг нэмнэ. Тиймээс 2016 оны хоёрдугаар сараас 2018 оны аравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг халдварт саагийн вакцинаар дархлаажуулах ажлыг энэ сарын 18-наас эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Улс орон бүр өөрсдийн бодлого чиглэл өвчний байдалтай уялдуулан 0-5 хүртэлх насны хүүхдийн нас баралт болон өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж буй тухайн өвчнүүдийн эсрэг вакциныг хийдэг. Covid-19 цар тахлын энэ үед товлолт вакцинжуулалтаас хоцрохгүй оролцсоноор бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай.

Хэрэв хүмүүс вакцинд хамрагдахгүй байвал, хөхүүл ханиад, халдварт саа, улаанбурхан зэрэг мартагдсан өвчнүүд маш богино хугацаанд дахин сэргэх эрсдэлтэй гэж үздэг. Вакцинд хамрагдахын хоёр үндсэн шалтгаан бол өөрсдийгөө хамгаалах, өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсийг хамгаалах.

-Эрсдэлтэй гэж үзээд хүүхдэдээ вакцин хийлгэх дургүй хүмүүс байдаг. Вакцин хийлгэхгүй байснаас учрах эрсдэлийн талаар дурдахгүй юу?

-Вакцин тариулснаас үүдэх эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнөөс хамаагүй бага байдаг. Тухайлбал, халдварт саагийн вирүс нь саажилт үүсгэнэ, улаанбурхан өвчин бол энцефалит ба сохрол үүсгэнэ, тарилгатай халдварт зарим өвчнүүд үхэлд хүргэх хэмжээний аюултай. Вакцин нь хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин ч эсрэгээрээ хүүхдийг тухайн халдварт өвчнөөс сэргийлж дархлааг тогтоож өгдөг.

-Вакцинаа хаанаас оруулж ирдэг вэ?

-Монгол Улсын Засгийн газраас хүн амаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тариа, вакциныг олон улсын байгууллага болон НҮБ-ын хүүхдийн сангаар дамжуулан авдаг. Ингэхдээ  ДЭМБ-ын батламж авсан үйлдвэрлэгч улс орнуудаас хүлээн авдаг. Вакцин бүр өөр өөр улс орнуудаас ирдэг. Ихэвчлэн Бельги, БНСУ, Энэтхэг, Болгар  зэрэг улсад үйлдвэрлэсэн вакциныг авдаг.

-Хүүхдэд нийт хэдэн төрлийн вакцин хийдэг вэ. Энэ жил хичнээн хүүхэд халдварт саагийн эсрэг вакцинд хамрагдах төлөвлөгөөтэй байна вэ?

-Манай улсын хувьд 0-15 хүртэлх насны хүүхдэд 12 халдварт өвчний эсрэг найман төрлийн вакциныг товлолоор хийдэг. Хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор халдварт саа, сүрьеэ, В гепатитын эсрэг гэсэн гурван төрлийн вакциныг хамгийн түрүүнд хийдэг. Үүний дараа хоёр сартайд нь халдварт саагийн хоёр удаагийн тун, тавт вакцины эхний тун хийдэг. Үүний дараа хоёр сартайд нь халдварт саагийн нэг тун, пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгалгааны эсрэг вакцин, тавт вакцины эхний тун хийж, гурав, дөрөв, таван сартайд нь эдгээр вакцины тунг үргэлжлүүлэн хийдэг.

Бидний тооцоолж буйгаар 200 мянга орчим хүүхэд вакцинд хамрагдана.

-Хүүхдэдээ вакцин хийлгэхэд эцэг эхчүүд юун дээр анхаарах вэ?

-Вакцин хийлгэсний дараа хөнгөн хэлбэрийн хариу урвал илэрдэг. Тухайлбал, халуурах, хавдаж улайх, хөндүүрлэх зарим үед загатнах зэрэг шинжүүд нь вакцин хийлгэсний дараа илэрч болох хөнгөн урвалууд юм. Ерөнхийдөө вакцины дараа үзүүлж буй урвалыг хоёр хэсэгт авч үздэг. Нэгдүгээрт ерөнхий биеийн хариу урвал буюу халуурах бие тавгүйтэх, хүүхэд бол уйлагнах гэх мэтчилэн шинж тэмдгүүд илэрдэг. Хоёрдугаарт нь вакцин хийлгэсэн хэсэг газрын урвал гэж байна. Энэ нь бол  вакцин хийлгэсэн хэсэг газар хавдах, улайх гэсэн шинж тэмдгүүд илэрч байгаа юм. Эдгээр нь шинж тэмдгүүд нь гурав хоногтоо өөрөө аяндаа алга болдог. Тэгэхээр эцэг эхчүүд энэ тал дээр мэдлэггүй, тэр талын мэдээлэлгүйгээсээ болоод буруу арга хэмжээ  авснаар вакцины дараах сөрөг үзэгдэл гэдэг юм руу ойртуулаад байгаа юм. Тухайлбал, эцэг эхчүүд вакцин хийлгэсний дараа хүүхдээ дааруулах, анхаарал халамж бага тавьсны улмаас хүүхдийг халуурахад халуун бууруулах  арга хэмжээ авахгүй байх, тарьсан хэсэг газарт бохир оруулах зэргээс болж хүндрэл үүсгэдэг.  Тиймээс вакцин хийлгэсний дараа эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж тавих нь их чухал юм. Хэрвээ хариу урвал нь алга болохгүй удвал өрхийн вакцинжуулалт хариуцсан эмчдээ хандан зөвлөгөө авах хэрэгтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж