Мэргэжлийн сүмо бөхийн энэ оны хацү башёгийн өрсөлдөөн улам сонирхолтой болж байна. Өчигдөр (2021.01.20) явагдсан 11 дэх өдрийн барилдаанд башёг тэргүүлэгч Дайэйшо өвдөг шороодож, түүний ард бичигдэж байсан бөхчүүдэд сайхан боломж олдов.
Барууныг манлайлж буй озэки Шодай энэ өдөр маэгаширагийн тавд эрэмбэтэй Окиноүмиг давсан бол зүүний манлай озэки Асанояама сэкивакэ Таканошогоор даваагаа ахиулжээ. Харин башёг ганцаараа тэргүүлж явсан Дайэйшо маэгаширагийн гуравт эрэмбэтэй Оношотой тааран барилдсан ч өвдөг шороодов. Ийнхүү озэки Шодай, Дайэйшо нар есөн даваа, хоёр унаатай башёг тэргүүлж байгаа бол тэдний араас найман даваа, гурван унаатай качикоши хийсэн озэки Асанояама, Мэйсэй нар удаалж байна.
Энэ өдөр монгол бөхчүүд хоорондоо учраа таарсан. Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргилтой таарч, давсан бол Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн наймд эрэмбэтэй Кирибаяама Б.Лхагвасүрэнг давжээ. Мөн башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан Ичиножо А.Ичинноров харамсалтай нь Мёогирюүд өвдөг шорооджээ.
11 өдрийн дараах байдлаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножо А.Ичинноров нар долоон даваа, дөрвөн унаатай башёг үргэлжлүүлж байгаа бол Хошорюү С.Бямбасүрэн, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар зургаан даваа, таван унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа, зургаан унаатай явна.