Иргэд жагсч, У.Хүрэлсүх хоёр сайддаа хариуцлага тооцов

Хуучирсан мэдээ: 2021.01.21-нд нийтлэгдсэн

Иргэд жагсч, У.Хүрэлсүх хоёр сайддаа хариуцлага тооцов

Иргэд жагсч, У.Хүрэлсүх хоёр сайддаа хариуцлага тооцов

Covid-19-ийн халдвар авсан дөнгөж төрсөн ээж, хүү хоёрыг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ёс зүйгүй , хүнлэг бус хандсан гэж иргэд өчигдөр Төв талбай дээр жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Өглөөнөөс эхэлсэн тайван жагсаалд олон хүмүүс ирж, эсэргүүцлээ илэрхийлснээр найм орчим цагийн дараа Улсын онцгой комиссын удирдлагууд огцорч байгаагаа мэдэгдэв. Тодруулбал, Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албан тушаалтнууд өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Тэдний хүсэлтийг өчигдөр Ерөнхий сайд албан ёсоор хүлээж авсан бөгөөд хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад албан ёсоор танилцуулсны дараа тэднийг чөлөөлөх хүсэлтийг үндэслэн захирамж гаргах зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа тэднийг чөлөөлөх захирамж гаргана.

Засгийн газрын тухай хууль:

  • 23.2. Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана.

Монгол Улсын их хурлын Дэгийн тухай хууль:

  • 101 дүгээр зүйл.Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, томилох талаар Улсын Их Хуралд танилцуулах журам

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль:

  • 4.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналын талаар түүнтэй зөвшилцөнө. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах талаар Ерөнхий сайдаас ирүүлсэн саналтай танилцана.

Засгийн газрын тухай хууль, 21-р зүйл:

  • 4.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн, огцорсон, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ерөнхий сайд чөлөөлөгдсөн, огцорсон, нас нөгчсөн тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно.
  • 5.Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан журмын дагуу 14 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
  • 6.Ерөнхий сайдын бүрэн эрх биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн, нас нөгчсөн үндэслэлээр хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ.
  • 7.Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно.

ШАДАР САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ХЭН БОЛОХ ВЭ?

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх зохицуулалттай учир өөрөө дараагийн сайд нарынхаа нэрсийг оруулж ирнэ. Ингэхдээ Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулснаар мөн л өөрөө томилно гэсэн үг. Мэдээж тэдний чөлөөлсний дараа хэн Шадар сайд болох, хэн Эрүүл мэндийн сайд болох вэ гээд хэдийнэ горилогчид нь ч албан бусаар өөрсдийгөө зарлаад эхэлчихсэн. Covid-19-той хүнд цагт Улсын онцгой комиссыг ахлах, Эрүүл мэндийн салбарыг авч гарах энэ том үүргийг хэн хүлээх вэ. Ядаж эрх баригч намын 100 жилийн ой хоёр сарын дараа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль таван сарын дараа болох гэж байгаа ийм эмзэг цаг үед Ерөнхий сайд зөв томилгоо хийх нь хамгаас чухал.

Мэдээж УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяраас эхлээд Шадар сайдад, Эрүүл мэндийн сайдад ч Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатараас эхлээд олон горилогчид олон бий. Гэхдээ энэ бүхнээс илүү цар тахалтай мэргэжлийн түвшинд тэмцэх, зөв бодлого хэрэгжүүлэх хариуцлагатай байх хоёр албан тушаалд мэргэжлийн хүн томилох нь юу юунаас илүү иргэдийн хүссэн хүсэл юм шүү, Ерөнхий сайд аа.

Цар тахлын нөхцөл байдал хүнд, өдрөөс өдөрт шинэ голомтууд илэрч, халдварын тоо нэмэгдэж байгаа энэ үед хариуцлага тооцсон бол дараагийн удирдлагаа яаралтай томилж, “дайн”-д оруулахгүй бол биднийг хүндхэн цаг үе хүлээж байна. Дараа, дараагийн Улсын онцгой комиссын дарга, Эрүүл мэндийн сайд ч өчигдрийнх шиг жагсаалтай, тэмцэлтэй нүүр тулна. Гагцхүү ийм алдааг дахин гаргахгүй байхыг иргэд сануулсныг Засгийн газар ч, шинээр томилогдох сайд нар нь анхаарах ёстой.

ЭРХ БАРИГЧДАД ӨГСӨН ИРГЭДИЙН ТОМ САНУУЛГА

Улс төрийн хүрээнд төдийгүй эрх баригч МАН-д энэ удаагийн жагсаал том сануулга болов. Сүүлийн хоёр ч сонгууль дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан МАН хэт улайрч, асуудлыг олонхоороо хүч түрэн шийддэг үйлдэлд нь  иргэд сануулга өглөө. Мэдээж эрүүл мэндийн салбарт гэлгүй бүх салбарт өөрчлөх, хэрэгжүүлэх олон чухал зүйл байгаа. Үүний тод жишээ нь эх, хүү хоёроор илэрсэн болохоос, хаалттай хаалганы цаана илүү ч их асуудал байхыг үгүйсгэхгүй.

Хэвлэл мэдээлэл хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлсэн, иргэд эсэргүүцлээ илэрхийллээ. Эрх баригчид ч хариуцлага тооцлоо. Хариуцлага тооцоод, хэн нэгэн албан тушаалтныг чөлөөлөөд өнгөрөх биш цар тахлын энэ цаг үед хүний эрхээ дээдэлж, ажилдаа чин сэтгэлээр хандахыг анхааруулсан үйл явдал боллоо. Цаашид ажилдаа хүн бүр чин сэтгэлээс хандаж, өөр дахин эх, хүүхдийн, иргэн бүрийг эрх зөрчигдөхгүй байх том сануулга болов.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж