Иргэн Д.Мөнхбат өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр өөрийн цахим хуудсаар Өмнөд Солонгосоос Covid-19-ийн халдваргүй ирсэн ч “Энхсаран” сувилалд тусгаарлагдах явцдаа халдвар авсан тухайгаа мэдэгдсэн билээ. Түүний хувьд Covid-19 халдвартай иргэдийг төлөөлөн олон нийтэд нээлттэй үгээ хэлж, албаныханыг шүүмжлэн асуудлыг бодитоор мэдээллэхийг байнга шаардсаар ирсэн. Тэгвэл иргэн Д.Мөнхбатыг иргэдийг төөрөгдүүлсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагаас шалгаж Зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын зөрчил шалгах мэргэжил арга зүйн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ч.Чинбат “Тухайн иргэн тусгаарлах байранд хулганаар дамжин халдвар тархсан гэж мэдэгдсэн. Үүнийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад бусдыг төөрөгдүүлэх худал мэдээлэл гэж үзсэн учраас Зөрчлийн хэрэг нээн шалгасан. Улмаар хэрэг шалгалтын явцад цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нэгдүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнхбатад шийтгэл оногдуулсан. Аливаа хэлбэрээр тухайн иргэнийг үзэл бодлоо илэхийлснийх нь төлөө хариуцлага тооцоогүй. Зөрчлийн болон Эрүүгийн хуульд заасан хорио цээрийн үед худал мэдээлэл тараах, бусдын нэр төрд халдахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн учраас шийтгэл оногдуусан" хэмээн мэдэгдлээ.
Д.Мөнхбат хоёр сарын өмнө хэвлэлд "Энхсаран сувилалд хулгана гүйж байгаа бичлэг нь надад бий. Хулгана явж байна гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Маш бохир. Эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй байж халдвар хамгааллын дэглэм сахиж чадахгүй нь ойлгомжтой. Би хулганы хоронд хордоод ирсэн. Covid-19 халдварын эмчилгээний хажуугаар хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн" гэж яриа өгч байв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ