Монголчууд аливаа зүйлд итгэмтгий болохыг могойн чуулганы зурган дор “Аз аз, бурзай бурзай” гэж бичсэн сэтгэгдлээс харж болно. Тиймдээ ч 2020 онд хөл хорио тогтоосноос хойш цагдаагийн байгууллагад онлайнаар бараа захиалаад луйвардуулсан, цахимаар мөрийтэй тоглох, лайваар азтан шалгаруулах зэрэг гэмт хэргийн улмаас хохирогч болсон 4000 гаруй хүн ханджээ. Мөнгөө богино хугацаанд өсгөх зорилготой залилуулсан хүний 70 хувь нь өөрийнхөө мөнгөөр биш, хүнээс зээлж авсан мөнгөө залилуулсан байдаг аж. Хүнээс мөнгө зээлж түүнийгээ өсгөж дундаас нь ашиг олно гэсэн хялбар бодлоосоо болж иргэд энэ хэргийн золиос болдог байна.
Covid-19-ийн улмаас улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоох болсноор онлайн худалдаа хүчээ авсан. Үүнийг далимдуулан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс хамрах хүрээ ихтэй гэдэг утгаар нь цахим сүлжээг онилжээ.
Учир нь хөл хорионд уйдсан хүмүүс цаг нөхцөөх гэж гар утсаараа цахим орчинд “зугаалах” нь нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, хөл хорионд хүмүүсийн утасны яриа буурч дата хэрэглээ 2020 оны арваннэг болон арванхоёрдугаар сард 20 гаруй хувиар өссөн байна.
Харин интернетийн ачаалал 2020 оны сүүлийн хоёр сарыг оны эхэн үетэй харьцуулахад ачаалал 30 орчим хувиар, 2019 оны арваннэг, арванхоёрдугаар сартай харьцуулахад дунджаар 80 орчим хувиар нэмэгджээ. 2020 оны нэгдүгээр сарын байдлаар гэхэд Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрсэн. Үүний 2.1 сая нь гар утсаараа цахим сүлжээнд холбогддог хэрэглэгчид. Гурван сая гаруй хүн амтайгаа харьцуулахад маш өндөр тоо юм. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын хоёр нь гар утсаараа нийгмийн сүлжээнд холбогддог бөгөөд 15-34 насны хүмүүсийн 80 хувь нь нь фэйсбүүкчид. Тиймдээ ч хүмүүсийн хэрэглээ нэмэгдэхийн хирээр цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт ихэсчээ.
Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг нь хэрэгт холбогдогч этгээдийг олж тогтоон, тайлбар мэдүүлэг авч залилсан эсэхийг тогтоовол залилагч этгээдийн нэр дээр байгаа хөрөнгийг битүүмжлэн хурааж хэргийн хамт шүүх рүү явуулдаг. Шүүхээс хохирлыг барагдуулах шийдвэрийг эцэслэн гаргадаг гэдгийг иргэд мэддэггүйн улмаас цагдаагийн байгууллагаас залилуулсан хөрөнгөө нэхэмжлэх асуудал их байдаг гэнэ.
ХҮМҮҮСЭЭС МӨНГӨ ХУРААЖ, АЗТАН ШАЛГАРУУЛЖ, LIVE ХИЙХ НЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ
Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.ХАТАНБААТАР:
-Сүүлийн үед иргэд гэртээ цахим орчинд цагийг их өнгөрүүлэх болсон. Тиймдээ ч иргэд онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, лайваар азтан шалгаруулах үйл ажиллагаа, сонжоо гэх мэт цахим гэмт хэргийн хохирогч болж байна. Иргэдээс 5-10 мянган төгрөг хураан, лайваар азтан шалгаруулж байгаа нь ашиг олох зорилготой, залилангийн шинжтэй үйлдэл юм. Тэр дундаа иргэдээс мөнгө хурааж, азтан шалгаруулж байгаа нь ямарч зөвшөөрөлгүй, хууль бус үйлдэл гэдгийг энд анхааруулъя.
Монгол Улсад эд, мөнгөний хонжворт сугалаа эрхлэх нь аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар зохицуулагддаг, өндөр шаардлага, шалгууртай, тодорхой болзол, шалгуур хангасан аж ахуй нэгжид зөвшөөрөл олгогдсоны үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа ба зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдэд Сангийн яамнаас зөвшөөрөл олгосны дагуу эрхлэх ёстой.
Түүнээс дурын хувь хүн, иргэнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдохгүй. Гэтэл цахим орчинд энэ төрлийн үйл ажиллагааг хэн дуртай нь явуулж байгаа нь өөрөө хууль бус ажиллагаа юм. Эхлээд тодорхой хэмжээний мөнгө амлан, азтан шалгаруулдаг байсан бол сүүлдээ байр, машины хонжвортой явагддаг. Олон хүнтэй группт лайвуудаа шэйр хийн, данс байршуулж иргэдээс мөнгө хураадаг. Манайхан ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлээд авах сонирхолдоо хөтлөгдөн хэдэн зуугаараа оролцоод луйвардуулдаг. Цахим орчинд лайваар азтан шалгаруулахад азтаныг хэрхэн шалгаруулж байгаа үйл явцыг нь та хянах боломжгүй. Мөн онлайнаар бараа зарна гэж урьдчилгаа мөнгө аваад алга болсон олон тохиолдол бүртгэгдсэн.
ЦАХИМ ЛУЙВРЫГ ҮЙЛДДЭГ ЗОНХИЛОХ АРГУУД
- Хуурамч холбоос. Олон нийтийн анхаарлыг татахуйц сэдэвт мэдээ, үнэгүй бэлэг өгөх, азтан боллоо гэх мэт утга агуулга бүхий мэдээлэл нийтлэх эсхүл хувийн чатаар илгээлэг. Уг холбоос дээр дарснаар хортой код компьютер болон гар утсанд суух боломжтой эсхүл дахин Facebook аккаунт, и-мэйл хаяг руугаа нэвтрэхийг сануулж, улмаар нэвтрэхдээ тухайн хүний хувийн мэдээллийг хуулж авдаг.
Хуурамч аккаунт. Хүний профайл зургийг ашиглан, түүний нэрээр шинэ аккаунт нээж, найзууд руу нь хүсэлт илгээн, тухайн хүний өмнөөс мөнгө санхүүгийн тусламж гуйж, санхүүгийн залилан үйлддэг. Нөгөө талаас гэмт этгээдийн хуурамч аккаунтаар түүнтэй санамсаргүй найз болсноор танд итгэл үнэмшил төрүүлж, дотны найзууд мэт дүр эсгэн, таны хувийн мэдээлэл, зураг зэргийг авч улмаар тэдгээрийг барьцаалж сүрдүүлэх, олон нийтэд дэлгэнэ хэмээн айлгаж дарамталдаг.
- Сугалааны луйвар. Сугалааны луйврыг ихэнхдээ олон нийтэд танил байгууллагуудын нэрээр аккаунт үүсгэн хүмүүст сугалаанд хожсон тул бага хэмжээний урьдчилгаа төлбөр төлж шагналаа авах боломжтой талаар мэдэгдэх бөгөөд банкны мэдээлэл гэх мэт хувийн мэдээллээ ирүүлэхийг хүсдэг.
Зээлийн луйвар. Зээлийн луйварчид нь хувийн чатаар мессеж илгээж, бага хэмжээний урьдчилгаа төлбөр хийгээд бага хүүтэй шуурхай зээл санал болгодог.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ